Монголын яруу найргийн томоохон төлөөлөгч Р.Чойном, О.Дашбалбар, Л.Ганзул нар 2-р сарын 10-ны өдөр мэндэлжээ. Энэхүү өдрийг тохиолдуулан тэдний уран бүтээлийн тухай судлаачдын тодорхойлолт болоод эрхэм найрагчдын бичсэн шүлгүүдээс онцлон хуваалцая.
Ренчиний Чойном

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном 1936 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төржээ. Түүнийг "улс төрийн хэрэгтэн" болгож хилсээр хэлмэгдүүлснээ 1990 оны 4-р сарын 26-нд Монголын төр хүлээн зөвшөөрч "Р.Чойномын бичсэн шүлгүүд БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилготой байсан нь тогтоогдохгүй байх ба зориуд бэлтгэж тараасан баримт байхгүй байна" хэмээн үзэж цагаатгажээ. Тэрбээр Хажуу-Улааны чанга дэглэмтэй хорих газарт дөрвөн жилийн ял эдэлж, Батноровт гурван жил нутаг заагдсан билээ. Монголын төр түүнийг цагаатгаснаас хойш зохиол бүтээлийг нь ард түмэн чөлөөтэй унших боломжтой болсон юм.
Сэргэлэн цовоо явахад хад чулуу хүртэл дуулна
Сэтгэл эмзэглэх үед гитар хүртэл уйлна
Өнгөтэй өөдтэй явахад бусдын эхнэр ч дагана
Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугтаана
Ахархан жаргалаа хүмүүс ч зуун жил гэж эндүүрдгээс
Амьдралын хэдэн жилд зунаасаа намар нь элбэг
Өргөл ихтэй хорвоог хүн найрын ширээ шиг андуурдгаас
Өөрт нь оногдох цөөн жилд намраасаа өвөл нь элбэг
Бараан толбыг нь бодоод байвал энэ орчлон таг харанхуй
Баяр зугаагий нь дагаад байвал эргэн тойрон дандаа зун!
Мөнхийн зунаар нь цэнгэх гэвэл мөнгө болоод ухаан хэрэгтэй
Мөстэй өвөлд нь дааръя гэвэл мөрөөрөө шударга явах хэрэгтэй
Ялзрал ихтэй хорвоогийн явдал паянг нь тунгааж бичсэн нь
Яруу найрагчийн түүхэнд ганцхан би бишээ.
Тэр бүхнийг мэдсээр байж тэргэн дугуйнд нь хэрчүүлэгч
Тэсгэлгүй шүлэгчийн тоонд би бас ганцаар биш!
"Социализмын үед хүн ямар байх ёстойг үзэл сурталчид утга зохиолд номлож байхад, бодит амьдрал дээр "Хүн" ямар байсныг Чойном шууд ил үнэнийг бичсэнээрээ "зохиогч өөрийгөө ганцаардуулжээ" хэмээн судлаач Д.Ганболд бичсэн байдаг.
Очирбатын Дашбалбар

Яруу найрагч Очирбатын Дашбалбар 1957 оны 2-р сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд мэндэлжээ. Судлаачдын үзсэнээр О.Дашбалбар бол ГУНУ урсгалын гол төлөөлөгч юм.
ӨӨДРӨГ АЯЗ
Яруу найрагч Б.Явуухулан, М.Цэдэндорж нарын гэгээн дурсгалд зориулмуу.
Нарт орчлонд хүн үхдэггүй юм
Намрын шувуу шиг буцаж ирэхээр нисдэг юм.
Униар татсан талын гүн рүү одож
Урин хаврын яргуй болж дэлгэрэхээр буцдаг юм.
Мөнх цэлийсэн тэнгэрийн цэнхэрлэгт нийлэн
Мөнхүү тэнгэр болж бидний дээрээс ширтдэг юм
Мөрөн голын хээ болж эцэс төгсгөлгүй мяралзан
Мөрөөдөлт орчлонгийн элгэнд намуухан урсдаг юм.
Газраар алхаж явсан мөрийг нь өөр хүн гишгэж
Гараараа илбэж үзсэн мөчрийг нь өөр хүн тордоно.
Гагцхүү эргэж ирэхээр явсан хүнийг харуулдан хүлээж
Газар дээрх одод шөнийн чимээгүйд сэрүүн хононо.
Үлгэр домог хэлэлцэн, гал тойрон суухдаа хүмүүс
Үнэнийг худлаас ялган, хуурын эгшгээр аялгуулж
Үүрд одсон хүмүүс өөрсдийнх нь сэтгэлд эргэн ирж
Үдшийн цаг дуунд амилан амьдарч байгааг мэдэрнэ.
Өдөр, шөнийн агсам цагаан морьдыг хөлөглөн
Өргөн орчлонд довтолгож яваа хүмүүсийг би үзнэм.
Өглөө эртийн нугад цэцэг түүж яваа охины
Өлмийд нь шүүдэр болж гялалзах мөрөөдлийг биширнэм.
Өөрийгөө шатааж, бусдыг гэрэлтүүлсээр дууссан
Өнө эртний Бруно бүрэнхийд хаалга нээн орж ирнэ.
Босгоны дэргэд чимээгүй зогсож, нөмрөг нь унжина
Бодлогширсон нүднээс нь хоёр од гялтганан унах шиг...
Мянга мянган жилийн цаанаас хүмүүс эргэн ирж
Мөнх номын хуудаснаас бидэнд үгээ шивнэж байна
Гар дээрх номоор амилан бодолд минь амьдрагч хүмүүсийн
Гайхамшигт туяа намайг дотроос минь гийгүүлнэм.
Алга болсон хүмүүсийн дурсгал-үргэлжлэл бид нар юм!
Амьд яваа цагтаа юутай ч зүйрлэшгүй хөшөө нь бид юм!
Гэрэлт орчлонгоос одогсод биднээр дамжин эргэнэ.
Гэгээн наран доор тэд урьдын адил амьдарна...
Утга зохиол судлаач П.Батхуяг "О.Дашбалбарын яруу найраг ТЭГ чанартай юм. Түүний шүлгүүдэд ахуйн натурал шинжүүд ч байдаг. Хүн, хүнээ хайрлах, аав ээжээ энэрэх, эх орноо өмөөрөх, туг сүлд тусгаар тогтнол, эх хэл, газар шороо, луйварчдыг гэсгээх тухай, урвагчдаас ял асуух эсэх, өвгөдөө бүү басамжилцгаа гээд ердийн түгээмэл “ЭХЛЭЛҮҮД” үүсгэдэг. Гэтэл мөнх бусын дууг сонсох, ертөнцийг олох, ертөнцөөс үүдэх, ертөнцийн хуулийг таних, бүх юм нам гүмийг мэдэх, төрөх шиг үхэхэд сурах гээд дээд оюуны хэмжээст хамаарах “тэг хүртэлх орон зай, цаг хугацаа “ бас бүтээж чаджээ. Нэг удаа би асуув. –Багшаа, үйлийн үрийн тухай хамгийн сайн ном юу вэ? Тэр шууд л “АМЬДРАЛ” гэж хариулж билээ. Алиа шаргал намар байсан санагдана. “Яагаад амьдрал...” гэж асуухад минь “дуугай дагаад яв” гэж л хэлж билээ..." хэмээн Хүн ертөнцийн "Тэг" хүүрнэл" эсээндээ бичжээ.
Лхамсүрэнжавын Ганзул

Яруу найрагч Л.Ганзул 1979 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төржээ. Баян-Агт сумын номын сан түүний нэрээр овоглодог билээ. Тэрбээр яруу найргийн төрлөөр “Нэгэн цагийн галбир”, “Сэтгэл бүрдийн тойром”, “Улирлын гүн” номуудыг хэвлүүлжээ.
Эгшиглэнгийн цэнхэр ертөнцөд надаас холдох гэхдээ
Эхлээд чи гараараа алгадсан
Үүлэн нүүхийн хоромд эргээд ирэхэд минь
Үгээрээ алгадсан
Сарны гэгээ залгин халамцаж хоноход
Салхиараа алгадсан
Сул аялгуу шүлгэндээ бөмбөрүүлж алс суухад минь
Сургаараа алгадсан
Хачин их саначихаад хавраар зочлоход минь
Харцаараа алгадсан
Намрын дунд сарын билэгт өдөр харин
Намайг чи сүүлчийн удаа тоосоороо алгадсан
Чандага цагаан орчлонд хүнийх болохоосоо өмнө
Час улаахан гэрэлтэй зовлон байсан чи
Шар дурдан гуниг энгэрт нэвчүүлээд одохдоо
Шаналан туучин ирдэг жаргал болсон чи
Дэндүү ариун хайрыг минь чи
Дэлхийгээр нэг цацаагүйсэн бол
Эвийлэх ганцхан ижийгээ мартан чамайг хайрлаж
Энэ орчлонд би нүгэл үүрэх байж дээ
Чамд би гомдох эрхгүй...
Утга зохиол судлаач Х.Чойдогжамц "Яруу найрагч Л.Ганзулын шүлэгт цаг улирлын гоо сайхныг мэдрэх дотоод алсын тун өвөрмөц гүн сонсголууд байдаг. Түүний найргийг нэгэн хаалга нээн орохтой/өнөөх өндөрлөгт гарахын тулд юу яах шиг/ зүйрлэвээс НАМАР, НАВЧ, БҮСГҮЙ, ГОО хэмээх үгсийн оролцоо гол түлхүүр болно. Түлхүүрдэн татваас ГОМДОЛ, ГУНИГ, ГАНЦААРДАЛ, УЯРАЛ тунаруулсан, эгээ л өөрийнх нь шүлэглэсэн шиг бүдэгхэн өвдөлт шиг эмзэглэлийн анир сонсдох аж. Ялангуяа намрын навчсыг гүнзгий сонсож дуулдаг нь мэдрэгддэг. Түүний сэтгэлийн навчис хөллөх чимээн дунд та ганцаардлын уйг мэдэрч, навчис дусалд нэвт норон нэт гуниж, бугын урамдаан солонгороход навчистай хамт үймэн, он цаг навчсын судлаар хээлэн лугшсаар сэтгэлд тань зүрх зүсэх шиг хийсч, эсвээс хөвүүн насаа гээх шиг унана. Хаврын хөлд ч навчис гандахыг харж байхдаа балчир хяруу навчны алганд дулаацахыг бас үзэх төдийгүй гомдлын шаргал анир сонсон сэрэх болно. Дэндүү уйтай мэт санагдавч алхан орсны дараах тэр мөчид ЖИНХЭНЭ НАВЧ, ЖИНХЭНЭ НАМАР, ЖИНХЭНЭ АМЬДРАЛ, ЖИНХЭНЭ ГОО ЗҮЙН төгс зохицлын яруу сонсголыг ухааран ЗОГТУСАХ вий..." хэмээн "Бурхан хэний бүтээл вэ?" өгүүлэлдээ бичсэн байдаг.