UBLife Logo
Миллениал

Валентин: Галзуу, романтик, мэдрэмжтэй бэлгийн санаанууд

Б.Саруул
Б.Саруул
Валентин: Галзуу, романтик, мэдрэмжтэй бэлгийн санаанууд

Сар шинээр хамаатнууддаа ямар бэлэг өгөх билээ хэмээн бодлоо чилээж, ухаанаа уралдуулаад удаагүй байхад Валентины баяр тохиож буй нь юутай том сорилт вэ? Өгдгөө л өгнө дөө гэж бодож байгаа хүмүүст энэхүү нийтлэлийг зориулж байна. 

Сарнай, шоколад л биш шүү!! 

МЭДРЭМЖТЭЙ БЭЛЭГ:

Юун түрүүнд хайртай хүнийхээ сонирхол, амьдралын хэв маягт нь тохирсон бэлэг сонговол тун тохиромжтой гэдгийг сануулъя. Жишээ нь, найз бүсгүй чинь иога хийдэг бол иогийн гудас, цүнх, усны сав гэх мэтийг сонгож болно. Харин фитнесст явдаг эрчүүдэд дасгалын хэрэгслүүдээс сонговол тохиромжтой. Мөн эрэгтэй, эмэгтэй бүх насны хүмүүст тохирох бэлэг бол “Tech” төхөөрөмжүүд юм. Утасгүй чихэвч, USB, цаг, усны хамгаалалттай спикер, киндли зэргийг бэлэглэвэл таалагдах нь гарцаагүй. 

Хос хувцсаар ижилсдэг романтик насаа өнгөрөөсөн ч найз бүсгүйнхээ (ихэвчлэн) хос хувцастай болъё гэх “шахалтад” өртсөн бол хос унтлагын хувцас сонгоорой. Нэгэнт л гэртээ өмсөх тул загвар, өнгөн дээр санаа зоволгүй найз залуу, бүсгүйнхээ сонирхолд нийцүүлээрэй.   

Хэрэв та хоёр гэртээ романтик үдшийг хамт өнгөрөөхөөр төлөвлөж байгаа бол сайн дарс л хамгийн оносон сонголт болно. Төлөвшсөн, илүү дутуу “нялууралд” дургүй хосууд л үүний үнэ цэнийг ойлгоно доо.   

Цэцгэнд дургүй бүсгүй хүн гэж үгүй. Хэрэв та хайртдаа цэцэг бэлэглэхээр шийдсэн бол улиг болсон сарнай цэцэг авахын оронд хайртай бүсгүйнхээ дурладаг онцгой цэцгээс сонгоорой. Мөн гоёмсог тасалгааны цэцэг бэлэглэвэл “амьд” цэцэг гэх утга учрыг жинхэнэ утгаар нь хадгалж чадна. 

Загварын мэдрэмжтэй хүмүүст шивнэхэд жентльмен эрчүүдэд ноолууран ороолт бэлэглэвэл хамгийн классик бэлэг болно. Харин савхан урт хуруутай бүсгүйчүүдэд савхин бээлий чимэг болох нь дамжиггүй.    Хайртай бүсгүй тань аз жаргалтай мөчүүдээ утсан дээрээ үлдээхийн оронд гэрэл зурагт мөнхлөхийг эрхэмлэдэг бол миний инста камер хамгийн мэдрэмжтэй бэлэг байж мэднэ. 

РОМАНТИК БЭЛЭГ:

Хайрт тань номын хорхойтон бол дуртай зохиолынх нь хуучны эсвэл хамгийн ховор хэвлэлийг олж бэлэглээрэй. Түүнчлэн хайртай зохиолоо өөр өөр хэл дээр хэвлэгдсэн хувилбараар нь цуглуулах дуртай хүмүүс ч байдаг. Мөн номонд дурладаг хүмүүс тэмдэглэлийн дэвтэрт ч дуртай байх нь бий. Иймд сайн чанарын цаастай, төлөвлөлт, тэмдэглэл хөтлөхөд тохиромжтой дэвтэр сонгосон ч болно. 

Зэрэгцэн сууж байгаад ертөнцөөс “тасарч” дуртай дуугаа хамгийн чанга дээр нь тавиад сонсмоор байвал чихэвч салаалагч бэлэглэж болно шүү дээ.  

Хамтдаа татуулсан нандин гэрэл зургуудаа зүрхэн хэлбэртэй коллеж болгоод өгвөл романтик биш гэж үү? Эсвэл зургаа иллюстрэшн хэлбэрээр зуруулж болох юм. Миний хувьд Maruujin Art, Tamiredo, Khandaart, Ариун Санаа 'Цог зэрэг иллюстрэшн зурдаг хүмүүсийг мэдэх юм байна. 

Дуртай зургаа эвлүүлдэг тоглоом болгоод өгвөл цагийг зугаатай өнгөрүүлэх сонирхолтой бэлэг байх нь гарцаагүй. 

Хамгийн сонгодог хайрын илэрхийлэл бол гараар бичсэн захидал гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. Хүн бүхэн сэтгэл догдлуулж, нулимс дуслуулах уярам захидал бичиж чадахгүй ч дотоод сэтгэлээ уудалж, баяр талархал, хайр халамжаа илэрхийлэхэд танд зөвхөн сэтгэл, үзэг, цаас л хангалттай. Ганц л зүйл сануулъя! Захиан дээрээ “Би чамайг хамгийн анх хараад их аварга Дагвадоржтой ямар адилхан царайтай охин бэ гэж бодож байсан” гээд биччихсэн хүн байдаг юм билээ. Жаахан мэдрэмжтэй байна шүү залуусаа.    

ГАЛЗУУ БЭЛЭГ:

Нэг удаа бэлэг өгч, авсан болоод өнгөрөхийн оронд насан туршдаа ярьж инээх, дурсах хөгжилтэй, галзуу гэмээр бэлгийг яагаад Гэгээн хайрын өдрөөр бэлэглэж болохгүй гэж? 

Камасутрагийн сексийн байрлалыг илэрхийлсэн дүрстэй жигнэмэг бэлэглэвэл хайлуулсан шоколаднаас хавьгүй шинэлэг, амттай бэлэг байх болно. Сайн хайвал гадуур ийм жигнэмэгний хэв байгаа байх шүү. Энэ бэлгийг задлах үеийн түүний нүүрний хувиралыг чи насан туршдаа мартахгүй гэдгийг амалъя.    

00-д сууж байхдаа хүртэл чиний тухай бодож, инээмсэглэнэ гээд боддоо. Тиймээ, энэ бол ганц л хувь үйлдвэрлэсэн зүрхтэй 00-ийн цаас.    

Өөрийн гарал үүсэл, өвөг дээдсийнхээ тухай мэдэхийг хүсэхгүй хэн байх билээ. Hitch кинон дээр хүртэл Алекс Сарад өвөг эцгийнх нь гарын үсгийг номноос үзүүлж сэтгэлийг нь хөдөлгөдөг шүү дээ. Гарал үүсэл, гэр бүлийн түүх, тэр бүү хэл ямар өвчин тусах магадлалтай, юунаас харшилж болзошгүй гэх мэт нарийн мэдээллийг өгч чадах DNA тестийг Амазон зэрэг онлайн худалдааны сайтууд төрөл төрлөөр нь санал болгодог юм билээ.  

Хэчнээн тэнэг, царай муутай зүйл байлаа ч өөрийн гараар хийж өгсөн бэлэг хайртай хүний чинь сэтгэлийг хөдөлгөнө. Үнэн шүү! Тиймээс Гэгээн хайрын баярыг онцгой байлгахыг хүсвэл өөрийн гараар хайртдаа бэлэг урлаарай. Далд авьяасаа нээх ч юм бил үү?   

СҮҮЛЧИЙН СОНГОЛТ: 

Энэхүү нийтлэлийг хоёрдугаар сарын 12-нд биш 14-нд яаран сандран унших хүмүүст зориулж бэлгийн санаа хэлье. Бэлэгний тухай эртнээс бодож төлөвлөөгүй байтал баярын өдөр тулж ирсэн бол онцгой зүйл бодоод хэрэггүй. Ихэнх хүмүүсийн бэлэглэдэг зүйлсийг л бэлэглэ гэж зөвлөе. Зарим залуус найз бүсгүйдээ хутга заазуурны цуглуулга, том угаалгын нунтаг бэлэглээд насны онигоонд орсон байдаг шүү. Тэгж өөрийгөө зовоохын оронд нүүрний будаг, арьс арчилгааны бүтээгдэхүүн, гутал, даашинз, цүнх, сүрчиг, үнэт эдлэл гэх мэтээс сонгож бэлэглэвэл илүү “аюулгүй”. 

Анхааруулга: Хэрэв та найз залуу, бүсгүй эсвэл эхнэр, нөхрийнхээ сонирхол, сонголтыг хангалттай сайн мэддэг болсон цагт дээрх бэлгийг сонгохыг зөвлөж байна. Дургүй үнэртэн, таалагддаггүй өнгийн хувцас, таардаггүй гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэвэл эвгүй шүү дээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.