UBLife Logo
Спорт

Криштиано Роналду хэзээ зодог тайлах вэ?

Криштиано Роналду хэзээ зодог тайлах вэ?

Португалийн шигшээ багийн ахлагч Криштиано Роналду хөлбөмбөгчний замналаа хэзээ өндөрлүүлэх вэ гэдэг хөгжөөн дэмжигчдийнх нь анхаарлын төвд байгаа асуулт юм.

Өдгөө бол түүний амнаас унах үг бүр үнэ цэнтэй мэдээлэл болжээ. Гэхдээ Роналду ойрын хугацаанд зодог тайлахгүй.

Учир нь түүний хамгийн том хүсэл нь 14 настай хүүгийнхээ хамтаар албан ёсны тоглолтод оролцох явдал юм.

Саудын Арабын Про лигт гайхалтай улирлыг өнгөрүүлснийхээ дараахан тэрбээр “Би рекорд амжилтууд руу тэмүүлдэггүй, харин рекордууд намайг дагадаг” гэсэн.

Роналду 2023 оны нэгдүгээр сард “Манчестер Юнайтед”-ийг орхин, Саудын Арабын багт үнэ төлбөргүй нэгдснээсээ хойш бүх тэмцээний хүрээнд “Аль-Насср”-ийн төлөө 69 тоглолтод оролцож, 64 гоолыг оруулаад байна.

“Евро-2024” тэмцээн түүний хувьд, шигшээ багийнхаа хамтаар оролцсон 11 дэх томоохон тэмцээн байсан ч, шигшээ наймын шатнаа Францад торгуулийн цохилтоор хожигдож, өөрөө гоол оруулж чадалгүй сэтгэлийн шархтайгаар нутаг буцсан.

Роналду 2024 оны эхээр “Зодог тайлахаас наана дахин 10 жил тоглох хугацаа надад бий” гэж хошигноод амжсан юм.

Харин түүний хамтран амьдрагч Жоржина Родригес Парисын загварын долоо хоногийн үеэх ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо "Криштианод дахиад нэг жил бий, тэгээд л зодог тайлна. Ихдээ л хоёр жил болов уу, гэхдээ би хэлж мэдэхгүй” хэмээн ярьж, цахим ертөнцөд шуугиан тарьж байсан.

Угтаа 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Роналдугийн Португалтай оролцох сүүлчийн өрсөлдөөн гэх таамаг дийлж байсан. Ялангуяа Швейцарь, Мароккогийн эсрэг хийсэн хасагдах шатны тоглолтуудад сэлгээний сандалд суусан нь энэхүү жиг жуг яриаг улам лавшруулж байв.

Гэлээ ч тухайн тэмцээний дараагаар Португалчууд дасгалжуулагчаа сольж, Роберто Мартинез тэдний шинэ удирдагчаар томилогдсноор Роналдуд багийн ахлагчийн туузыг шилжүүлж, түүний замналд сэргэлтийг авчирсан билээ.

Төгсгөл нь ирэхэд Роналдугийнх бол бидний харж байсан хамгийн агуу карьеруудын нэг гэдэгтэй цөөхөн хүн л маргаж чадна.

15-23 хүртэлх насны залуучуудын шигшээ багтаа тоглож байсан Роналду 2003 онд Португалийн үндсэн багийн төлөөх анхны тоглолтоо Казахстаны эсрэг хийсэн.

Төдийгөөс өдийг хүртэлх 21 жилийн хугацаанд шигшээ багтаа 212 тоглолтод оролцон, 130 гоол оруулаад байна. Тэрбээр шигшээ багийн түвшинд хамгийн олон гоол оруулсан тоглогч юм.

Роналду Саудын Арабт тоглох болсноор жилдээ 200 сая орчим еврогийн орлогыг халаасалж буй. Энэ нь түүнийг манай гарагийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчнөөр өргөмжилж байгаа юм.

Америкийн “Спортинг Канзас Сити” Роналдутай хэлэлцээр хийхийг оролдохдоо өнөөгийнхтэй нь адилхан хэмжээний цалинг санал болгосон ч таван удаагийн “Алтан бөмбөг”-ийн эзэн татгалзсан байдаг.

“Аль Насср” клуб түүүнийг бүрэлдэхүүндээ нэгтгэхэд онцгой чармайлт гаргасны шалтгаан нь хөлбөмбөгийн хувьд, Азийн хүчирхэг гүрэн болж, хөрш зэргэлдээх Арабын улс орнуудтай өрсөлдөх, цаашлаад Хятад, Япон, Өмнөд Солонгосын багуудтай тивийн тэмцээнүүдэд энэ тэнцүү өрсөлдөх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байсантай холбоотой юм.

Тэдний зорилго эхнээсээ биеллээ олсны нэгэн нотолгоо нь Саудын Араб улс 2030 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхтэй болсон явдал. Зохион байгуулагч орныг сонгон шалгаруулах өрсөлдөөнд ялалт байгуулахад Роналдугийн нөлөө чухал байсан. Үүгээр ч барамгүй Роналдуг 2030 онд зохион байгуулагч орны элчин сайдын үүргийг гүйцэтгэнэ гэж таамаглаж байна.

Зурагт: Криштиано Роналду том хүүгийнхээ хамтаар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.139.108.132