UBLife Logo
Спорт

Михайло Мудрик, Жоао Феликс нар Конференц лигт өөрсдийн нөөц бололцоог тунхаглалаа

Михайло Мудрик, Жоао Феликс нар Конференц лигт өөрсдийн нөөц бололцоог тунхаглалаа

Европын Конференц лигийн 2-р тойрогт явагдсан “Панатинаикос” болон “Челси” багуудын тоглолтын үеэр Грекийн шигшээ багийн хамгаалагч асан Жорж Балдокийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ. Түүнийг 31 насандаа таалал төгссөнөөс хойш талбайн эзэд анх удаагаа тоглож буй нь энэ.

Украины Михайло Мудрик энэ тоглолтод улирлын анхны гоолоо оруулснаас гадна хоёр ч гоолын дамжуулалтыг бүртгүүлэв. Кристофер Нкунку торгуулийн цохилтоос гоолдсон бол Жоао Феликс дубль толилуулсан. Жоао Феликсийн хувьд энэ улирлын тоглолтод хоёр дахиа гоолдож байгаа төдийгүй “Челси”-гийн төлөө Европын тэмцээнд анхны гоолоо оруулсан нь энэ.

Харин Конференц лигийн эхний дөрвөн тоглолтод бүгдэд нь гоолдсон Нкунку улирлыг тун чиг сайн эхлүүлж байна. Тэрбээр энэ намраас хойш “Челси”-гийн төлөө 8 гоол оруулснаас гадна Францын шигшээд нэгэнтээ гоолдсон билээ.

Харин талбайн эздээс “Манчестер Юнайтед”-ийн хуучин хагас хамгаалагч Факундо Пеллистри гоолдсон ч, тоглолтын хувь заяаг өөрчлөхөд хэтэрхий хожимдсон байлаа. Улмаар энэ тоглолтод 4:1 харьцаатай “Челси” хожсон юм.

“Челси”-гийн хэтэрхий зузаан бүрэлдэхүүн нь Энцо Мареска дасгалжуулагчид давуу байдал олгож байгаа ч, нөгөө талаар хэнийг тоглуулах, хэнийг эс тоглуулахыг сонгоход хэцүү байгаа нь гарцаагүй. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр Премьер лигт “Ливерпүүл”-д хожигдсон бүрэлдэхүүнээ бүхэлд нь өөрчилж, Грект өөр 11 тоглогчийг талбайд гаргав.

“Атлетико Мадрид”-аас ирсэн жигүүрийн тоглогч Феликс энэ улирлын Премьер лигт гарааны бүрэлдэхүүнээс ганц ч тоглоогүй байгаа бол Мудрик 2023 оны нэгдүгээр сард “Шахтар Донецк”-ээс өндөр мөнгөн дүнтэйгээр ирсэн ч өдийг хүртэл гарааны эрхээ баталгаажуулж амжаагүй байна.

Харин энэ удаад тэд боломжийг сайн ашиглаж, өөрсдийн нөөц бололцоог хангалттай тунхаглалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.