UBLife Logo
🥇 Парис - 2024

Марта “эгч” 6 дахь олимпдоо ирлээ, одоо болтол алтгүй

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Марта “эгч” 6 дахь олимпдоо ирлээ, одоо болтол алтгүй

Парисын олимпын эмэгтэй хөлбөмбөгийн эхний өдрийн гол баатар нь Бразилын Марта байлаа. Тиймээ, 38 настай дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгч олимпод ирээд, үндсэн бүрэлдэхүүнд гарч, Нигерийн багийг 1:0 ялахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

Бразилчууд энэ тэмцээнд түрүүлэх багуудын тоонд нэрлэгдэхгүй байгаа. Тэр тусмаа тэд дэлхийн аварга Испанитай нэг хэсэгт орсон тул эхний тоглолтдоо ялахгүй бол болохгүй байв. Мартагийн тун оновчтой, гайхамшигтай дамжуулалтын ачаар Габи Нуньеш гоол хийж, Бразил яллаа. Гол өрсөлдөгч Испанийн шигшээ Японыг 2:1 ялахад тэдний шилдэг тоглогч Айтана Бонмати нэг гоол хийж, 1 оновчтой дамжуулалт өгчээ. Бонмати бол XXI зууны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчдийн жагсаалтад Мартагийн дараа хоёрт бичигдэж байгаа тоглогч.

Марта бол эмэгтэй хөлбөмбөгийн домог, супер од. Тэр 2006, 2007, 2008, 2009, 2010, 2018 оны дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгч. Түүний цуглуулгад ганц дутуу байгаа зүйл бол олимпын алтан медаль.

Афин-2004 мөнгөн медаль

Марта 3 бөмбөг оруулсан ч финалын тоглолтод АНУ-ын хаалгыг мялааж чадалгүй нэмэлт цагт ялагдсан.

Бээжин-2008 мөнгөн медаль

Ахиад 3 гоол оруулсан ч дахиад л АНУ-д ялагдав.

Лондон-2012 – шөвгийн найм

Марта хэсгийн тоглолтод гоол оруулсан ч плей-оффт Японы багт 0:2 ялагдлаа.

Рио-2016 – хагас шигшээ

Гэртээ Шведэд пенальтигаар ялагдаад хүрэл медалийн төлөө Канадад хожигдов. Марта хасагдах шатанд гоол хийсэнгүй.

Токио-2020 – шөвгийн найм

Эхний хоёр тоглолтод Марта 3 гоолтой байсан ч баг нь Канадад пенальтигаар ялагджээ. Марта –таван олимпод гоол оруулсан цорын ганц тоглогч.

“Манай шигшээд ганц хөгшин байгаа нь би. Бусад нь залуу охид. Тэд маш авьяаслаг. Намайг анх тоглож эхлэж байхад эмэгтэй хөлбөмбөгт шүтээн байдаггүй байлаа. Телевизээр гаргахгүй болохоор биднийг хэн ч танихгүй. 20 жилийн өмнө анхныхаа ДАШТ-д оролцож байхад Марта гэж хэн ч мэддэггүй байлаа. Харин одоо залуу охид над шиг болно гэж хичээж байгааг харахад баяртай байна” гэж ярьсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.