UBLife Logo
🥇 Парис - 2024

Жүдо: Эрэгтэй 60 кг-д хэн түрүүлэх вэ?

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Жүдо: Эрэгтэй 60 кг-д хэн түрүүлэх вэ?

Уламжлал ёсоор олимпын жүдо бөхийн тэмцээн хөнгөн жингээр эхэлж байна. Өнөөдөр эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг-ын жингийн барилдаантай. Хэсгийн барилдаанууд 16.00 цагаас эхэлж, финалын барилдаанууд 22.00 цагаас эхлэх юм.

Эрэгтэй 60 кг-ын жингийн онцлох бөхчүүд

Янг Юнг Вей – 2020 оны олимп, 2024 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2023 оны Азийн аварга

Гиорги Сардалашвили – 2024 оны дэлхийн аварга, 2023 оны ДАШТ-ий хүрэл медальт

Лука Мхеидзе – 2020 оны олимпын хүрэл медальт, 2023 оны Европын аварга

Франциско Гарригос – 2023 оны дэлхийн аварга, 2022, 2024 оны Европын аварга

Рюүжү Нагаяма – 2022 оны Азийн аварга

Балабей Агаев – 2024 оны Европын АШТ-ий мөнгөн медальт

Елдос Сметов – 2016 оны олимпын мөнгө, 2020 оны олимпын хүрэл медальт, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт

Ким Вон Жин – 2022 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт

А хэсгийг толгойлсон Янг Юнг Вей эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Италийн Карлинотой барилдах шинжтэй. Энд олимпын медальтай 3 бөх багтжээ. Украины Халматов, Тажикстаны Рузиев гэсэн сонирхолтой барилдаантай. Ялсан нь Сметов дээр очих болно. Олимпын шигшээ багийн суудлыг залуу тамирчнаас эвгүйхэн авчихсан хашир казах эр заавал медаль авахаар үхэн хатан зүтгэхээс өөр арга байхгүй.

B хэсэгт тэргүүлэхийн төлөө Испанийн Гарригос, Японы Нагаяма хоёр үлдэх ёстой. Таарч барилдаж байгаагүй бөхчүүд. Абу-Дабигийн ДАШТ-д хоёулаа эхний тойрогт өвдөг шороодсон. Хэдий дэлхийн аварга болж үзээгүй ч Нагаяма ялах магадлал илүү өндөр.

С хэсэгт дэлхийн аварга Сардалашвили эхний барилдаанаа Израилын Волчактай хийх байх. Волчак түүнийг Тбилисид энэ хавар ялж байсан. Мөн Европын медальт Елдиз, хашир туршлагатай Маккензи нар байгаа ч Сардалашвили хагас шигшээд шалгарах нь бараг ойлгомжтой.

D хэсэгт дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд эхний тойрогт Египет улсын Сами Юссритэй хийнэ. Энэ жилийн Африкийн АШТ-ий мөнгөн медальт, идэрчүүдийн ДАШТ-ий хүрэлтэй энэ залуу бөхийг ялахад Францын гүрж бөх Лука Мхеидзе хүлээж байгаа. Хоорондоо таарч барилдаж байгаагүй. Хэн ялсан нь Ким Вон Жин, Балабей Агаев хоёрын давсантай хэсгийн аваргын төлөө үзэх юм. Ким дөрөв дэх олимпдоо орж байгаа ч медальгүй хэвээр.

Ингэхээр таамаглалаар бол хагас шигшээд Янг Юнг Вей – Нагаяма, Сардалашвили - Э.Ариунболд (Лука Мхеидзе) нар гарч ирэх магадлал өндөр.

Овог нэр: Энхтайваны Ариунболд

Төрсөн он, сар өдөр: 1995.10.08

Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин

Анхны багш: У.Эрдэнэбаатар , Д.Батсайхан

Амжилт: “Ташкент-2022”- ДАШТ-ий мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хошой хүрэл медаль

Таны мөрөөдлийн өдөр: 2024.07.27 өдөр. Хичээх болно

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.