UBLife Logo
Спорт

Олимпод түрүүлж чадаагүй Тьерри Анри дасгалжуулагчийн ажлаас халагдлаа

Олимпод түрүүлж чадаагүй Тьерри Анри дасгалжуулагчийн ажлаас халагдлаа

“Парис-2024” олимпын наадмын хөлбөмбөгийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн Тьерри Анриг Францын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаас халжээ.

1998 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хөлбөмбөгчний хувиар түрүүлсэн Анри 2015 оноос дасгалжуулагчийн албанд шилжсэн билээ.

Улмаар 2023 онд Францын залуучуудын багт ажиллахаар хоёр жилийн гэрээг үзэглэсэн.

"Надад үнэхээр итгэмээргүй боломжийг олгосон Францын хөлбөмбөгийн холбооныхон болон тус холбооны ерөнхийлөгч Филипп Диалло нарт талархаж байна. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн нь амьдралын маань бахархалт амжилтуудын нэг болж дурсамжид үлдэх болно” гэж Анригийн зүгээс мэдэгджээ.

Олимпын наадамд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд насанд хүрсэн гурван тоглогчоос бусад нь 23 хүртэлх насны залуучууд багтдаг билээ.

Францын шигшээ баг “Парис-2024” олимпын наадмаар “А” хэсгийг тэргүүлэн, хасагдах шатнаа Аргентин, Египетийн шигшээг буулгаж авсан ч, харин финалд Испанийн багтай нэмэлт цаг сунган тоглоод 5:3-аар хожигдож, мөнгөн медаль хүртсэн.

Францын хөлбөмбөгийн холбоо 21 нас хүртэлх залуучуудын “Евро-2025” тэмцээний урьдчилсан шатны өрсөлдөөнөөс урьтаж шинэ дасгалжуулагчийн эрлийг эхлүүлжээ.

Анригийн хувьд, үүнээс өмнө Францын “Монако”, Америкийн “"Монреал Импакт” клубүүдийг удирдаж байснаас гадна Бельгийн шигшээ багт Роберто Мартинесийн туслахаар ажиллаж байсан туршлагатай.

Тэрбээр Францын 21 хүртэлх насны багийг удирдсан зургаан тоглолтынхоо дөрөвт нь ялалт байгуулсан төдийгүй харин олимпын шигшээг дасгалжуулахдаа 11 тоглолтынхоо 8-д нь хожсон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.