UBLife Logo
Спорт

Дэвид де Хеа 446 хоног хөлбөмбөгөөс завсарлаад талбайд гарсан ч, гурван гоол алдлаа

Дэвид де Хеа 446 хоног хөлбөмбөгөөс завсарлаад талбайд гарсан ч, гурван гоол алдлаа

“Манчестер Юнайтед” клубийн хаалгач асан Давид де Хеа энэ зун Италийн “Фиорентина” клубтэй нэг жилийн гэрээг үзэглэсэн билээ.

33 настай түүний хувьд, өнгөрсөн зун Улаан чөтгөрүүдийг чөлөөт агентийн хувиар орхиж, өдийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан юм.

Пүрэв гарагт Европын Конференц лигийн плей-оффын шатнаа явагдсан Унгарын “Пушкаш” болон “Фиорентина” багуудын тоглолтыг гарааны бүрэлдэхүүнээс эхлүүлснээр Давид де Хеа шинэ багийнхаа төлөөх анхны тоглолтодоо оролцсон.

Дэвид де Хеа 446 хоног хөлбөмбөгөөс завсарлаад ахин талбайд гарсан нь энэ.

Гэвч тэрбээр тоглолтын 8 дахь минутад Золт Нажийн торгуулийн цохилтыг алдаж, улмаар үндсэн цагт 3:3-аар тэнцсэн эл тоглолт түүний хувьд хар дарсан зүүд шиг л өнгөрөв.

“Фиорентина”-гийн өмсгөлтэй анхны тоглолтодоо ялалт байгуулж чадаагүй ч Де Хеа энэ амралтын өдрүүдээр илүү чухал тоглолтод оролцоно гэж найдаж байгаа юм. “Фиорентина” клуб ням гарагт Серие А лигийн 2024-25 оны улирлын нээлтийн тоглолтыг “Венециа”-тай хийх хуваарьтай байна.

Угтаа Испани хаалгач де Хеа “Юнайтед”-ийн төлөө 13 жил хүчин зүтгэхдээ 545 тоглолтод оролцож, энэ зуурт 2013 оны Премьер лигт түрүүлсэн.

“Фиорентина” клуб хамгийн сүүлд цом өргөсөн нь 2001 оны Италийн цомын тэмцээн юм.

Тэд сүүлийн хоёр улиралд дараалан Европын Конференц лигт финалдсан ч, хожигдол хүлээгээд буй.

Де Хеагийн хувьд, Премьер лигийн “Алтан бээлий” шагналыг хоёронтоо гардсан төдийгүй 2013-2016 оны хооронд гурван жил дараалан “Манчестер Юнайтед”-ийн оны шилдэг тоглогчоор тодорсон билээ.

Испанийн шигшээ багийн төлөө 45 тоглолтод оролцсон ч, 2020 оноос хойших хугацаанд эх орныхоо өмнөөс тоглоогүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.