UBLife Logo
Спорт

Харри Кэйн Английн шигшээ багийн төлөө 100 тоглолтод оролцсон 10 дахь хөлбөмбөгчин болохоор зэхэж байна

Харри Кэйн Английн шигшээ багийн төлөө 100 тоглолтод оролцсон 10 дахь хөлбөмбөгчин болохоор зэхэж байна

Мягмар гарагийн үдэш Үндэстнүүдийн лигийн тэмцээний хоёрдугаар тойрогт явагдах Англи болон Финландын тоглолтын үеэр Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн нэр хүндтэй өндөр тоон босгыг давах юм.

Тэрбээр Английн шигшээ багийн төлөө 100 тоглолтод оролцсон 10 дахь хөлбөмбөгчин болохоор зэхэж байна.

Өдгөө 31 настай Кэйн шигшээ багийнхаа төлөө 2015 оноос өдийг хүртэлх хугацаанд хүчин зүтгэхдээ 99 тоглолтод 66 гоол оруулсан амжилтаараа “Гурван арслан”-гуудын бүх цаг үеийн шилдэг мэргэн буучаар тодроод буй.

“Байерн Мюнхен”-ий довтлогч Кейний хувьд, 2014 оны 11-р сард Уэйн Рүүни шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтод оролцсон тэр цаг мөчөөс хойш Английн багт 100 тоглолт хийсэн анхны хөлбөмбөгчин болно.

Рүүни шигшээ багийнхөө төлөө 120 тоглолт оролцсон нь хаалгач Питер Шилтоны (125) чанх ард Английн шигшээгийн төлөө хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчдын хоёрдугаарт бичигдэж буй өндөр амжилт юм.

Мөн Дэвид Бекхэм (115), Стивен Жеррард (114), Бобби Мур (108), Эшли Коул (107), Бобби Чарлтон (106), Фрэнк Лэмпард (106), Билли Райт (105) нар Английн шигшээ багийн төлөө 100-гаас олон тоглолтод оролцсон хөлбөмбөгчдийн жагсаалтад багтдаг.

“Та бүхэн Английн шигшээ багийн төлөө 100 тоглолт хийсэн тоглогчдын жагсаалтаас манай домогт хөлбөмбөгчдийн нэрсийг харж болно” гэж Кэйн хэлжээ.

Тэрбээр дараагийн зорилгоо тодорхойлохдоо шигшээ багийнхаа төлөө 100 гоол оруулах гэж онцлов.

Кэйний хувьд, Английн шигшээ багийн төлөөх анхны тоглолтодоо оролцохдоо талбайд гараад ердөө 79 секундэд гоолдсон түүхтэй.

Энэ нь “Евро-2016” тэмцээний урьдчилсан шатнаа 2015 оны 3-р сард явагдсан Англи - Литвийн тоглолт байж таарсан. Тэгэхэд Кэйн дөнгөж л 21 настай залуухан хүү байлаа.

Мягмар гарагт Кэйн Английн шигшээ багийн хамтаар 45 дахь улсынхаа эсрэг тоглоно.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд 44 улсын шигшээ багтай учраа тааран тоглосноос 10-аас бусдынх нь хаалганд гоол оруулж, гоолын дамжуулалт бүртгүүлээд буй. Тэдгээрээс Германы эсрэг дөрвөн удаа тоглохдоо дөрвөн гоол оруулсан нь хамгийн өндөр тоо юм.

Кейн Италийн эсрэг хамгийн олон удаа буюу зургаан удаа тоглохдоо гурван гоол оруулсан.

Хэрэв тэр Финландын эсрэг гоол оруулбал Уэйн Рүүни (2014 онд Словенийн эсрэг), Бобби Чарлтон (1970 онд Умард Ирландын эсрэг хийсэн тоглолт) нарын дараа Английн шигшээгийн төлөөх 100 дахь тоглолтдоо гоол оруулсан гурав дахь тоглогч болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.