UBLife Logo
Спорт

“Байерн Мюнхен” Аваргуудын лигийн тоглолтод ЕСӨН гоол оруулсан анхны баг боллоо

“Байерн Мюнхен” Аваргуудын лигийн тоглолтод ЕСӨН гоол оруулсан анхны баг боллоо

Европын Аваргуудын лигийн тэмцээн мягмар гарагт цоо шинэ дүр төрхтэйгээр хөшгөө нээлээ.

Германы “Байерн Мюнхен” Аваргуудын лигийн тоглолтод есөн гоол оруулсан анхны баг болов. Тэд “Загребийн Динамо”-г 9:2 харьцаатайгаар хожсон юм.

Эл тоглолтод Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн 4 гоол оруулсан. Улмаар Аваргуудын лиг болон Европын цомын тэмцээнд (Аваргуудын лигийг анхандаа ийн нэрийддэг байсан) хамгийн олон гоол оруулсан англи тоглогчоор тодорлоо. Тэрбээр Аваргуудын лигийн 45 тоглолтод 33 гоол оруулсан амжилтаараа эл тэмцээнд 30 гоол бүртгүүлсэн Уэйн Рүүнигийн эзэмшиж байсан англи хөлбөмбөгчдийн дээд амжилтыг шинэчлэв.

Мөн Аваргуудын лигийн тоглолтод дөрвөн гоол оруулсан анхны англи тоглогч болж, түүхэнд нэрээ дархаллаа. Үүгээр ч барамгүй Аваргуудын лигийн тоглолтод торгуулийн цохилтоор хэттрик бүртгүүлсэн анхны тоглогч болов.

Тэрбээр “Байерн Мюнхен”-ий төлөөх 50 дахь тоглолтодоо 50, 51, 52, 53 дахь гоолоо оруулсан нь энэ. Мөнхүү замналынхаа 24 дэх хэттрикийг дархлав.

Хэрэв тэр ахин нэг гоолыг оруулсан бол Аваргуудын лигийн тоглолтод таван гоол оруулсан цорын ганц тоглогч Эрлинг Хааландын үнэмлэхүй амжилттай энэ зэрэгцэх байлаа. Кэйн одоогоор клуб болон шигшээ багийнхаа төлөө 417 гоолыг оруулаад байгаа ч томоохон тэмцээний цом ганцыг нь өргөөгүй байна.

“Байерн” клуб өнгөрсөн улиралд 12 жил дараалан түрүүлээд байсан Бундес лигийн цомоо алдсан. Мөн Кэйн Английн шигшээ багийн хамтаар Европын АШТ-ий финалд хоёр ч удаа, “Тоттенхэм” клубт байхдаа Аваргуудын лигийн финалд нэгэнтээ хожигдсон билээ.

Компани “Байерн”-д дасгалжуулагчаар ажиллах болсноор эхний дөрвөн тоглолтодоо дараалан хожиж, багийнхан нь энэ зуурт 20 гоол оруулаад байна. Аваргуудын лигийн энэ улирлын финалын тоглолт “Байерн”-ы Альянц Арена цэнгэлдэхэд болно.

Түүнчлэн Лондонд мэндэлсэн өөр нэг тоглогч Майкл Олизегийн сайн формыг анхаарахгүй байж боломгүй. Тэрээр энэ зун “Кристал Палас”-аас Герман руу буурь сэлгэсэн бөгөөд өнгөрсөн шөнө Европын тэмцээнд анхны тоглолтоо хийж, хоёр ч гоолыг бүртгүүллээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Бундес лигт анхны гоолоо оруулсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.