UBLife Logo
Спорт

Иленихена “Монако”-гийн өмнөөс Аваргуудын лигт гоолдсон хамгийн залуу тоглогч болов

У.Чинзориг
У.Чинзориг
Иленихена “Монако”-гийн өмнөөс Аваргуудын лигт гоолдсон хамгийн залуу тоглогч болов

Испанийн Ла лигийг тэргүүлж буй “Барселона” клуб Аваргуудын лигийн нээлтийн тойрогт Францын “Монако”-д хожигдлоо.

Нигерийн 18 настай довтлогч Жорж Иленихена “Монако”-гийн өмнөөс Аваргуудын лигийн анхны тоглолтодоо оролцож, Килиан Мбаппегийн дээд амжилтыг эвдсэн юм.

Эл тоглолтын хувь заяа 10 дахь минутад гаргасан Марк-Андре тер Стегений муу дамжуулалтын алдаанаас үүдэн талбайн эздийн тал руу эргэсэн. Түүний муу дамжуулалтыг Такуми Минамино эзэмшиж хаалгачийн эсрэг гарах үед Эрик Гарсиа алдаа гаргаж, улаан хуудсаар торгуулсан юм.

Ингээд “Барселона” клуб үлдсэн хугацаанд арвуулаа тоглоход хүрсэн. Эл явдлаас зургаан минутын дараа Магнес Аклиуше гоолдож, “Монако” тоглолтыг тэргүүлэх болов.

Гэвч удалгүй ”Барселона”-гийн өсвөр насны од Ламин Ямал Аваргуудын лигт анхны гоолоо оруулснаар тоглолтыг тэнцүүлсэн.

Харин хоёрдугаар хагаст сэлгэгдэн талбайд гарсан 18 настай Жорж Иленихена хожлын гоолыг хаалганд шигтгэснээр “Монако” клуб талбайдаа 2:1-ээр ялсан юм.

Энэ зун “Роял Антверпен” клубээс Францад ирсэн Иленихена 2017 оны 2-р сард тогтоосон Килиан Мбаппегийн амжилтыг (18 нас 63 хоногтойдоо) эвдэж, “Монако”-гийн өмнөөс Аваргуудын лигт гоолдсон хамгийн залуу тоглогч болов.

Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Антверпен”-д байхдаа мөн л Аваргуудын лигт “Барса”-гийн эсрэг хожлын гоол бүртгүүлж байлаа. Улмаар Аваргуудын лигийн тэмцээнд нэг багийн эсрэг дараалсан тоглолтод гоолдсон анхны хөлбөмбөгчнөөр тодорсон юм.

Испанийн шигшээ багийн хамтаар Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээсээ хойш гайхалтай амжилтаа үргэлжлүүлж буй Ямал Аваргуудын лигийн 11 дэх тоглолтодоо оролцож, анхны гоолоо бүртгүүлэв.

Тэрээр өдгөө 17 ба түүнээс бага насандаа Аваргуудын лигт хамгийн олон удаа тоглосон хөлбөмбөгчнөөр нэрлэгдэж байна.

Ямал 17 насандаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДорт нэр дэвшээд буй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.