UBLife Logo
Спорт

Родри бэртсэн нь “Манчестер Сити”-гийн амжилтад хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ?

Родри бэртсэн нь “Манчестер Сити”-гийн амжилтад хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ?

Премьер лигийн аваргууд ням гарагт “Арсенал”-тай 2:2-оор тэнцсэн тоглолтын үеэр хагас хамгаалагч Родри өвдгөө гэмтээсэн нь том гарз боллоо. Эхний хэдэн сорилын дараагаар түүний хувьд энэ улирал өндөрлөх нь тодорхой болжээ.

28 настай Родри ирэх сард дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгох БаллонДор шагналыг гардах магадлал хамгийн өндөр хөлбөмбөгчдийн нэг төдийгүй “Сити”-гийн нөлөө бүхий тоглогч билээ.

“Евро-2024” тэмцээнд шигшээ багийнхаа хамтаар түрүүлж, мөнхүү тэмцээний шилдэг тоглогчоор тодорсон нь зуны явдал юм. Родритой “Сити” Премьер лигийн сүүлийн 48 тоглолтодоо ялагдаагүй байна.

Гэвч өнгөрсөн улиралд Родри таван тоглолт өнжихөд “Сити” дөрөвт нь хожигдсон билээ. Үүгээр ч зогсохгүй Родритой “Сити” бүх тэмцээний хүрээнд ердөө ганцхан удаа хожигджээ. Энэ нь өнгөрсөн улирлын Английн цомын тэмцээний финалд “Манчестер Юнайтед”-тай хийсэн тоглолт юм.

Тэгвэл Родри бэртсэн нь “Сити”-гийн дотоодын болон Европын амжилтад хэрхэн нөлөөлөх вэ? Испани тоглогчийн орон зай Премьер лигийн аваргын өрсөлдөөнд нөлөөтэй байх уу? зэрэг асуулт олны анхаарлын төвд байна.

Родриг 2019 онд “Ливерпүүл”-ийн эсрэг “Манчестер Сити” клубийн төлөөх анхны тоглолтодоо оролцсоны дараа түүний багийн анд Кевин де Брейне “Родри бол “Сити”-д төгс тохирох тоглогч” гэж тодорхойлсон юм. Түүний хэлсэн үг буруу байгаагүй.

“Атлетико Мадрид”-аас буурь сэлгэж Англид ирсэн түүний нөлөө өнгөрсөн жилүүдэд үлэмж байсан бөгөөд энэ зуурт Родритой “Сити” тоглолтуудынхаа ердөө 11 хувьд нь хожигдсон бол түүнийг талбайд гараагүй тоглолтуудынхаа 24 хувьд нь “Сити” хожигдсон.

Родриг тоглосон үед “Сити”-гийн цуглуулж буй онооны дундаж 2.36 байгаа бол түүнийг эзгүйд ердөө л 2.04 оноог бүх тэмцээний хүрээнд дундчилж буй юм.

“Сити” Премьер лигийн сүүлийн дөрвөн улирлын гуравт нь дунджаар 91 оноог цуглуулсан билээ. Гэхдээ Родри энэ улирлыг бүхэлд нь өнжихөд хүрвэл “Сити” 80 оноотойгоор Премьер лигийг өндөрлүүлэх төлөвтэй байна.

Хамгийн сүүлд 2010-11 оны улиралд “Манчестер Юнайтед” клуб 80 оноотойгоор Премьер лигт түрүүлж байв.

Родри Премьер лигт анхны тоглолтоо хийснээс хойш зөвхөн “Арсенал”-ын хагас хамгаалагч Деклан Райс л түүнээс илүү өндөр хувьтай бөмбөг эзэмшсэн юм. Гэхдээ энэ зуурт ердөө долоон тоглогч л түүнээс олонтаа бөмбөг тасалсан байдаг.

Түүний тоглолтыг унших, тэмцэгч зан чанар нь “Сити”-гийн хамгаалалтад найдвартай хүч нэмдэг бөгөөд Родритой “Сити” 260 тоглолтынхоо 73-т нь хаалгаа хуурай манасан нь үүний нотолгоо юм.

Родриг бусад тоглогчдоос ялгаруулдаг өөр нэг онцгой чадвар нь бөмбөгийг үр ашигтай хуваарилах, ончтой дамжуулах ухаан билээ.

Тэрбээр Премьер лигт ирснээсээ хойших хугацаанд бусад тоглогчдоос даруй 2000-аар илүү дамжуулалтыг амжилттай гүйцэтгэсэн.

Родри энэ зуурт нийтдээ 13,699 дамжуулалтыг амжилттай гүйцэтгэсэн бол “Брайтон”-ы хамгаалагч Льюис Данк 11,952 дамжуулалтыг ончтой өгсөн амжилтаараа түүний ард эрэмблэгдэж байна.

Ковачич, Гундоган эсвэл Льюис - түүний хоосон орон зайг талбайд хэн орлох боломжтой вэ?

Пеп Гуардиола нэгэнтээ “Манчестер Сити” дэх түүний орон зайг хэнээр ч нөхөх боломжгүй гэдгийг тодорхой хэлж байсан удаатай.

Угтаа Калвин Филлипс түүний байрлалд хамгийн ойр тоглогч боловч Пеп түүнийг хангалттай сайн биш гэж шийдсэн тул “Ипсвич” рүү хэдийн явуулсан.

“Челси”-гийн хуучин од Матео Ковачич энэ үүргийг гүйцэтгэж чадах ч цорын ганц сонголт биш.

Төвийн хамгаалагч Жон Стоунз "Этихад"-д өнгөрүүлсэн хугацаандаа зөвхөн хамгаалалтын байрлалд төдийгүй хагас хамгаалагчаар ч тоглож байсан туршлагатай.

Илкай Гундоган 2023 онд “Барселона” руу буурь сэлгэхээсээ өмнө Родригийн байрлалд хэдэнтээ тоглоод амжсан. Бернардо Силва ч мөн эл орон зайг нөхөх боломжтой бөгөөд тэрбээр өдгөө Кевин де Брейнегийн байрлалыг нөхөн тоглож байна.

Мэдээж 19 настай Рико Льюисийн уян хатан тоглолтын арга барил нь “Сити”-гийн хэд хэдэн байрлалыг нөхөж болох юм.

Родриг удаан хугацааны бэртэлд алдсан нь “Сити”-гийн хувьд том цохилт боллоо. Гэхдээ хэрэв хэн нэгэн үүнийг даван туулах хамгийн төгс төлөвлөгөөг гаргаж чадна гэж мөрийцөх аваас тэр нь гарцаагүй Гуардиола л байх биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.