UBLife Logo
Спорт

Родрид хайртай байх 6 шалтгаан

Родрид хайртай байх 6 шалтгаан

Испанийн шигшээ, Премьер лигийн Манчестер Сити багийн хагас хамгаалагч Родри хүнд гэмтлийн улмаас энэ улирал дахин талбайд гарахгүй боллоо. Энэ мэдээ Пеп Гвардиола, Ман Сити багийн фэнүүд төдийгүй Родрид хайртай, дуртай хүн болгонд цохилт болсон билээ.

2019 оны долоодугаар сард Родриг 70 сая еврогоор Ман Сити эгнээндээ нэгтгэлээ. Хэдхэн хоногийн дараа Пеп сэтгүүлчдэд “Родри үнэхээр гайхамшиг юм. Бид түүнийг сайн гэдгийг мэдэж байсан, гэхдээ ойрын арван жилд манайх хамгийн шилдэг хагас хамгаалагчтай байх болно гэж хэлэхэд буруудахгүй. Ямар ч л гэсэн манай багтай гэрээ нь дуусаагүй цагт дэлхийн шилдэг хагас хамгаалагч манайд тоглоно” гэж мэдэгдэж байв. Энэ намар Родри дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналын гол өрсөлдөгчдийн нэг болсон. Түүнгүйгээр Ман Сити, Испанийн шигшээ баг ийм амжилтад хүрэхгүй байсан юм. Родрид хайртай хүн маш олон. Учир нь тэр бусад супер оддоос огт өөр, даруухан, энгийн, эгэл залуу билээ.

Олон нийтийн сүлжээнд байхгүй

Родриг твиттер, инстаграмд хайгаад нэмэргүй, тэр байхгүй. Харин түүний фэнүүдийн хуудас бол гарч ирнэ. Ганц сарын өмнө Родри ВВС-ийн подкастад орохдоо “Олон нийтийн сүлжээнд орохгүй гэж их эрт шийдсэн. Бүгд бүртгүүлээд элсэж байх тэр үед л би “Үгүй, надад хэрэггүй. Надад найз нөхөд бий. Дэлгэц ширтээд сууж байхыг хүсэхгүй байна. Би цэцэрлэгт зугаалж, тосгонд очихыг хүснэ” гэж өөртөө хэлсэн. Мөн толгойд “Интернэтээс найз хайхгүй” гэсэн бодол орж ирж байсныг санаж байна. Эхлэнгүүт нь “Үгүй” гэж хэлсэн, энэ зарчмаа эцсийг нь хүртэл дагана. Тэгэхээр энэ шийдвэрийг би хоёр, гурван жилийн өмнө биш нэлээд эрт гаргасан юм. Сүлжээ, аккаунт хэрэгтэй гэсэн мэдрэмж надад огт төрж байгаагүй болохоор хэцүү байгаагүй. Надад жинхэнэ амьдрал таалагддаг. Би чамтай [Жо Харт] өмнө нь уулзаж байгаагүй. Гэхтээ одоо жинхэнэ бодитоор уулзаад, сайхан яриад сууж байна. Чи надад зурвас бичсэн хэрэг биш. Нүүр нүүрээ хараад жинхэнээсээ харьцаж байна. Олон нийтийн сүлжээ аймшигтай гэж би хэлээгүй. Сүлжээнд сайн зүйл бий. Харин надад бол хэрэггүй” гэж ярьж байлаа.

Шагналын төлөө гүйдэггүй

Испанийн шигшээ баг Европын аварга болоход багийн ахлагч Мората олон мянган фэний өмнө микрофон барин “Родриг инстаграмтай болгох хэрэгтэй. Тэгвэл тэр хувийн том шагнал авах болно. Яагаад гэвэл Родри шагнал авах эрхтэй. Ур чадвар, тоглолт, зан чанараараа тэр биднийг Европын ялалтад хүргэсэн” гэж хэлж байв.

Өнгөрсөн улиралд Ман Сити гурван том цом хүртсэний дараа Родри “Алтан бөмбөг” шагналын өрсөлдөөний тавд орж байв.

“Гайхахгүй байна, жирийн зүйл. Би хувийн шагнал хэрхэн яаж олгодгийг сайн мэднэ. Энэ шагнал бол мөнгө, реклам, маркетинг дээр тулгуурласан эд. Урьд өмнөх Испанийн хагас хамгаалагчид энэ шагналыг авах ёстой байсан ч авч байгаагүй. Миний хувьд багийн амжилт илүү чухал” гэж The Mirror-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Тэр одоо ч тайван амгалан байна. “Намайг Винисиустэй өрсөлдөнө гэж ярьж байна. Би Винниг их хүндэлдэг, тэр бол сайн тоглогч. Ер нь миний тухай ярьж байна гэдэг л хийсэн ажлаараа бахархах шалтгаан юм. Энэ шагналыг хүртэх эрхтэй олон тоглогч бий. Бодоод үз дээ, намайг гудамжинд гарахад хүмүүс “Чи Алтан бөмбөг авах эрхтэй. Чи авна” гээд байвал надад ямар байх билээ. Нэрлэгдсэн маань л миний хувьд ялалт гэсэн үг. Энэ талаар мөрөөдөж ч байгаагүй юм байна” гэж хэлсэн. Үнэхээр Родри.

Нэг ч шивээсгүй

Родриг Ман Ситад ирээд хэдхэн хонсоны дараа Пеп Гвардиола түүнээр ихэд бахархаж байв. BT Sport-д Пеп “Родри ямар ч шивээсгүй, ээмэггүй. Үснийх нь засалтыг хар даа. Түүний байрлалд яг л ийм хүн тоглох ёстой. Зөвхөн багаа боддог...” гэж байв. 2019 онд Родри шивээсний талаарх асуултад “Шивээс надад ер таалагддаггүй. Муухай санагддаг” гэж хариулж байсан юм. Жерси өмсгөлөө ч дүрмийн дагуу шортон дотроо хийгээд гардаг хүн дээ.

Тансаглалд мөнгө үрдэггүй

20 настайдаа Родри жолооны эрх аваад Кастильяагаас Мадрид дахь гэр бүлдээ очихын тулд машин хэрэгтэй юм байна гэж боджээ. Ингээд зарлалаар нэгэн ахимаг эмэгтэйгээс хуучин Opel Corsa машин авч байв. “Хөлбөмбөгчид машинд асар их мөнгө үрэх юм. Яагаад? Машин бол А цэгээс Б цэгт хүргэх зорилготой эд шүү дээ” гэж тэр гайхаж байлаа. Вильярреал багийн үндсэн бүрэлдэхүүнд дэвшээд ч, Атлетико багт шилжсэн хойноо ч тэр машинаа солиогүй. Харин Ман Ситид ирээд багийн Мерседес машиныг унаж байгаа. Хувцас ч мөн адил. Хэзээ ч ганган тансаг хувцас авдаггүй Родриг багийнхан нь байнга доог тохуу хийнэ. “Үнэхээр хачин. Тэд ямар нэг граффити харчихаад дууриагаад эхэлдэг. Энэ бол жирийн зүйл биш. Грилиш, Аке хоёр хүрч ирээд хичээл зааж эхэлдэг. Харин би Жон Стоунзын стилийг илүүд үздэг. Тэд байнга л “Энийг хаанаас авсан юм бэ” гээд асууна. Харин би намайг тайван орхиоч гэж бодоод л. Би жирийн хүн. Тэд үүнийг ойлгодоггүй” гэж хэлж байлаа.

2019 онд Родри тансаглалын талаар “Ухаантай байх хэрэгтэй. Энэ бүх эд зүйл аз жаргал авчрахгүй. Эргэн тойрныхон, ажлаас авах таашаал надад сэтгэлийн ханамж, баяр авчирдаг. Амьдралаа тав тухтай болгох боломжоос татгалздаггүй, гэхдээ хэт баян тансаг эд зүйлд дургүй. Хүсдэг ч үгүй” гэж хариулсан удаатай.

Сурч боловсрохыг зөвлөдөг

Родри мэргэжлийн хөлбөмбөгт баталгаа байхгүй гэдгийг эрт мэдэрсэн хүн. 17 настайд нь түүнийг Атлетико баг академиасаа нуруу нам, хүч сул гээд хасаж байлаа. Мэдээж тэр баггүй хоцроогүй, Вильярреал Б-д очсон ч энэ хичээлийг хэзээ ч мартаагүй юм. Түүний аавын бэлэн жишээ ч байв. “Миний аав гэмтлээс болоод Сегундагаас дээш гараагүй. Аав “Хөлбөмбөг бол сугалаа, амжилт олно гэсэн ямар ч баталгаа байхгүй” гэж хэлдэг байсан. Тиймээс би амжилт олоогүй нөхцлийн даатгал болгож, сайн боловсрол эзэмшихээр шийдсэн” гэж Родри ярьсан. Вильярреалийн залуучуудын багт тоглож байхдаа ч их сургуулиа орхиогүй нь ийм учиртай. Багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд ороод ч оюутны дотуур байрандаа амьдарсаар байлаа. Ширээ, хоёр шүүгээ, ор. “Хүмүүс намайг дотуур байранд юу хийгээд байгаа юм” гэж асуудаг байлаа. Харин миний амьдралын аз жаргалтай 4 жил тэнд өнгөрсөн. Их сургууль намайг илүү ухаалаг болгосон. Олон залуу тоглогчид ийм боломж байгаагүй” гэж дурслаа.

Бакалавраа төгсөөд эдийн засгийн магистрт сурах гэж байсан боловч үндсэн багийн тоглогчийн цаг зав арай л барсангүй. Тэгвэл англи хэл үзье гээд бариад авсан, Ситид ирэхдээ ярьдаг болчихсон байлаа.

“Хөлбөмбөг анх миний амьдралын гол ажил биш байсан. 16 настайдаа сургууль төгсөхөд аав одоо их сургууль гэж хэлсэн. Хөлбөмбөгөөр амьдралаа залгуулдаг болоод их сургуулиас гарч болох байсан ч би тэгээгүй, төгссөн. Үүгээрээ бахархдаг” гэж ВВС-гийн Жо Хартад ярьсан.

“Хөл бөмбөг дээр бүх зүйлээ тавьж болохгүй. Хүүхдүүдэд би хичээл номоо орхиж болохгүй гэж зөвлөдөг. Юугаар ч хичээллэсэн, хөгжиж дэвжихэд тустай. Хэцүү байж болно. Гэхдээ би чадсан байхад өөр хэн ч чадна. Би тоглолтуудаа бүтнээр нь ухраан үздэг. Бага зэрэг тааруу тоглосон, сайжруулж болох юм гэж бодсон бол ялангуяа үргэлж үзнэ. Ганцаараа суугаад л үзнэ дээ. Ингэхэд талбай дээр анзаараагүй олон зүйл ил болдог. Маш өөр мэдрэмж. Өөрийнхөө төдийгүй, багийнхаа тоглолтод дүн шинжилгээ хийх дуртай”

 

Гэр бүл хамгийн чухал

“Атлетико” багт элссэн арга хэмжээндээ тэр гэр бүл, анд нөхөд гээд 40 хүн урьсан. Улаан-цагаан жерси өмсөж байгааг нь харсан эмээ нь нулимс унагааж байлаа.

Родри их сургуульд ирээдүйн гэргийтэйгээ танилцсан. Лаура эмч болохоор суралцаж байв. Тэд хувийн амьдралаа дэлгээд байдаггүй, нандигнадаг. Лаура инстаграм хуудастай ч зөвхөн ойр дотнын хүмүүс нь л ордог, хаалттай аккаунт. Эхлээд Родригийн алдар нэр түүнд таалагддаггүй байсан ч одоо хамгийн үнэнч фэн нь. “Намайг гоол оруулахад Лаура гэртээ тэмдэглэж байгаа бичлэгээ илгээдэг. Хувцас солих өрөөнд үзээд сууна” Гэр бүл түүний хувьд хамгийн чухал.

“Би эгэл жирийн залуу. Үргэлж л ийм байсан. Энэ бол миний амьдрах арга барил. Заавал газраас тасарч, тэнгэрт хөөрөх албагүй. Надад одоо тав тухтай байна, би аз жаргалтай байна. Хүмүүсийн танил болохоосоо өмнө ч тэгж л амьдарч байсан”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.