UBLife Logo
Спорт

“Манчестер Сити” хүчээ нөөсөн ч Английн цомын шигшээ 16-д шалгарлаа

“Манчестер Сити” хүчээ нөөсөн ч Английн цомын шигшээ 16-д шалгарлаа

Европын тэмцээнд оролцож буй Премьер лигийн долоон баг Английн цомын тэмцээнийг гуравдугаар шатнаас эхлүүлэв. Тэдний нэг болох өнгөрсөн улирлын Премьер лигийн аварга “Манчестер Сити” клуб мягмар гарагт Чампионшип дивизоны “Уотфорд”-ыг 2:1-ээр хожиж, шигшээ 16-д шалгарлаа.

Премьер лигийн тавдугаар тойрогт “Арсенал”-тай 2:2 харьцаатай тэнцсэн тоглолтоос хойш 50 цаг хүрэхгүй хугацаан дотор дээрх тоглолт явагдсан юм. Иймд “Арсенал”-ын эсрэг тоглосон бүрэлдэхүүнээс Доку, Кайл Уолкер хоёр л гарааны бүрэлдэхүүнээс тоглов.

Учир нь “Сити”-гийн хувьд, бямба гарагийн үдэш Премьер лигт “Ньюкасл”-тай тоглох бол ирэх долоо хоногийн дундуур Аваргуудын лигт мөн өрсөлдөнө.

Пеп тоглолтын дараа “Дараагийн шатанд ч мөн хоёрдугаар багаа тоглуулах болно. Учир нь бидэнд эрч хүчээ дэмий үрэх зав байхгүй” гэсэн юм.

Английн цомын тэмцээний шигшээ 16-гийн тоглолтууд 10-р сарын 29, 30-ны өдрүүдээр явагдах хуваарьтай байна.

Хэдийгээр энэ долоо хоногт тус тэмцээний хуваарь Европын тоглолтуудтай давхцаагүй ч Зул сарын баярын өмнөх долоо хоногийн эхээр Английн цомын шигшээ наймын тоглолтууд явагдана. Харин энэ үеэр “Челси” Европын Конференц лигт тоглох учир хэт их ачаалал үүрэх асуудал үүсэх магадлалтай.

Гуардиола энэ тэмцээнд дөрвөнтөө түрүүлсэн нь Брайан Клоу, Сэр Алекс Фергусон нарынхтай энэ зэрэгцэх амжилт юм.

Гэлээ ч энэ улирлаас Европын тэмцээн дэх тоглолтын тоо эрс нэмэгдсэн учир зарим том багууд дотоодын цомын тэмцээнд хүчээ нөөхөд хүрч магадгүй.

Харин Пеп “Хуваарь л бол хуваарь шүү дээ. Бид үүнийг өөрчлөх боломжгүй. Өнөөдөр гэхэд Жеймс МакАти, Матьюс Нунес, Жек Греалиш, Фил Фоден нарын төлөө л энд тоглолоо. Ялангуяа 16 настай залуу хүүгийн хувьд энэ тэмцээн “гайхамшиг” биз дээ. Залуучуудад боломж олгодогоороо эл тэмцээн чухал юм, тийм биш байсан бол бид дөрөв дараалж түрүүлэхгүй байлаа. Гэхдээ бид үүнээс 50 цагийн өмнө Премьер лигт тоглосон шүү дээ. Ямартаа ч Английн цомын төлөө Премьер лиг болон Аваргуудын лигийн амжилтадаа эрсдэл учруулахгүй” гэв.

“Уотфорд”-ын эсрэг гараанаас тоглосон 16 настай Каден Брайтвейт “Манчестер Сити”-гийн төлөө гарааны бүрэлдэхүүнээс тоглолтыг эхлүүлсэн гурав дахь залуу тоглогч боллоо. Гэхдээ Пепийн сонгосон “Сити”-гийн хамгийн залуу гарааны тоглогч бол тэр.

Шейх Мансур Английн хөлбөмбөгийн түүхэнд хувьсгал хийхээр “Сити”-г худалдаж авах үед Брайтвейт зургаан сар ч хүрээгүй балчир байжээ.

Эл тоглолтод “Сити”-гээс Доку, Нунес нар гоолдов.

Жил гаруйн өмнө "Волвес"-оос 53 сая фунт стерлингээр Манчестер хот руу буурь сэлгэсэн Нунес өдийг хүртэлх хугацаанд төсөөлж байсан шиг нөлөөтэй байгаагүй.

Португалийн шигшээ багийн тоглогч тэрээр өнгөрсөн улиралд ердөө долоон удаа гараанаас тоглосон бөгөөд харин энэ улирлын эхэнд Премьер лигийн гурван тоглолтод сэлгээнээс гарч дунджаар 20 минутыг талбайд өнгөрүүлээд буй.

Гэсэн ч Гуардиола түүнийг Калвин Филлипс шиг хөсөр хаяагүй нь оносон шийдвэр байсан бололтой “Уотфорд”-ын эсрэг тоглолтоороо Пепийг хангалттай гайхашруулж дөнгөв.

“Уотфорд” одоогоор “Сити”-д 16 тоглолт дараалан хожигдоод байна.

Сонирхуулахад, залуу тоглогч Нико О'Рейли төвийн хагас хамгаалагчийн байрлалд эмх цэгцтэй тоглосон нь “Сити”-гийн гол тоглогч Родриг эзгүй байх үеэр наанадаж өвлийн солилцооны цонх нээгдэх хүртэл Пепэд сэтгэл уужрах завдал өгөх төлөвтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.