UBLife Logo
Спорт

Рафаэль Варан бэртлийн улмаас 31 насандаа мэргэжлийн хөлбөмбөгөөс зодог тайллаа

Рафаэль Варан бэртлийн улмаас 31 насандаа мэргэжлийн хөлбөмбөгөөс зодог тайллаа

Францын шигшээ багийн хамгаалагч Рафаэль Варан наймдугаар сард өвдгөндөө бэртэл авснаар зодог тайлж буйгаа зарлалаа.

Тэрбээр энэ зун Италийн “Комо” клуб рүү буурь сэлгэсэн ч “Сампдориа”-гийн эсрэг хийсэн анхны тоглолтодоо ердөө 23 минутыг талбайд өнгөрүүлээд өвдгөндөө хүндхэн бэртэл авсан тул клубийнхээ Серие А лигт тоглох бүрэлдэхүүнээс хасагдаж, улмаар мэргэжлийн замналаа өндөрлүүлж байна.

Варан 2013-22 оны хооронд Францын шигшээ багийн төлөө 93 тоглолтод оролцож, энэ зуурт 2018 оны ДАШТ-д түрүүлсэн төдийгүй 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.

Түүний хувьд, Францын “Ленс” клубээс хөлбөмбөгчний замналаа эхлүүлж, тус клубийн үндсэн багт нэг улирал тоглоод “Реал Мадрид”-д нэгдсэн юм. Улмаар Испанийн нийслэлд гялалзсан 10 жилийг өнгөрүүлэхдээ 18 цом өргөсний гурав нь Ла лигийн түрүү, дөрөв нь Аваргуудын лигийн цом байдаг.

Харин тэндээсээ Английн “Манчестер Юнайтед” клубт 34 сая фунтээр зарагдаж, Улаан чөтгөрүүдийн өмсгөлтэй 95 тоглолтод оролцсон.

Тэрбээр цахим хуудаснаа нийтэлсэн захидалдаа “Би өөрийнхөө төлөө төдийгүй тоглож байсан клубүүд, эх орон, багийнхаа андууд, хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө таатайяа тэмцсээр өдийг хүрчээ. Энэ зууртаа мянга мянган удаа унасан ч, төдий олон удаа эргээд өндийсөн юм. Харин Уэмблид өргөсөн цомоор амжилтын буухиагаа зогсоож, хөлбөмбөгийн шипигээ хананд өлгөх цаг маань хэдийн иржээ. Надад харамсах зүйл алга, үргэлжлүүлэн тоглолоо ч өөрчлөх зүйл алга. Үнэндээ мөрөөдөж байснаасаа ч илүү агуу ялалтад хүрчээ, би. Эцэст нь хэлэхэд, ямар ч алдар нэр, цомоос илүүтэй хөлбөмбөгт чин сэтгэлээсээ хандаж, хувийн зарчмууддаа үнэнч байснаараа бахархаж байна” хэмээн дурджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.