UBLife Logo
Спорт

Азийн хөлбөмбөгийн од Сон Хён Минийг арьс өнгөөр ялгаварласан Уругвай тоглогчийг 12 тоглолтоор бандана

Азийн хөлбөмбөгийн од Сон Хён Минийг арьс өнгөөр ялгаварласан Уругвай тоглогчийг 12 тоглолтоор бандана

Уругвайн шигшээ багийн тоглогч Родриго Бентанкурыг хэвлэлд ярилцлага өгөх үеэдээ ёс зүйн зөрчил гаргасан хэмээн Английн хөлбөмбөгийн холбооноос шийтгэл оногдуулахаар болжээ.

Тэрбээр 6-р сард “Canal 10” шоунд оролцох үеэрээ хөтлөгчийг “Чи Соннигийн гэр бүлийнх үү? Соннигийн бүл ахтай адилхан харагдаад байх юм” гэж хошигносон нь ийнхүү буруудахад хүрчээ.

Тэгвэл Сон Хён Мин эл хэрэг явдалтай холбогдуулан “The Athletic”-т өгсөн ярилцлагадаа “Би Родригод хайртай. Нэг багт тоглож хамтдаа бүтээсэн олон сайхан дурсамж бидэнд бий. Родриго тухайн нэвтрүүлгийн дараа шууд л надаас уучлалт гуйсан, тэгэхэд би амарч байсан юм. Гэртээ байсан болохоор юу болоод байгааг ч үнэндээ ойлгоогүй л дээ. Харин түүний илгээсэн урт захидалд чин сэтгэлийн үгс бичигдсэн гэдгийг л мэдэрсэн. Намайг бэлтгэлийн талбайд ирэхэд тэр үнэхээр харамсаж байгаагаа илэрхийлж, олны өмнө уучлал гуйхдаа уйлж байлаа. Тэгэхэд Родриго үнэн сэтгэлээсээ харамсаж байгаа гэж санагдсан. Хүн л юм хойно бүгд л алдаа гаргадаг ч, түүнээсээ бас суралцаж болно. Родригог алдаа гаргасан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ надад бол гомдох, хар санах зүйл байхгүй. Бид багийн анд, найз нөхөд, ах дүүсийн харилцаагаа хэвээр нь хадгалж гэмээнэ сая хамтдаа урагшилна шүү дээ. Английн хөлбөмбөгийн холбооны шийдвэрийг л хүлээх үлдлээ. Дахин хэлье, би Родригод хайртай. Өөр хэлэх зүйл алга” гэлээ.

Хэдийгээр Сонни уругвай тоглогчийн уучлалыг хүлээн авсан ч, энэ улирлын эхэнд багийнхаа гарааны бүрэлдэхүүнд тогтмол нэрлэгдэж байгаа Бентанкурыг хэлсэн үгээс нь улбаалж 6-12 тоглолтоор бандаж магадгүй байна. Хэрэв эл шийтгэл батлагдвал “Тоттенхэм” клубт том гарз болох нь гарцаагүй.

Сон бол 2019 оны Аваргуудын лигийн финалд шалгарсан бүрэлдэхүүнээс “Тоттенхэм”-д үлдсэн хоёрхон тоглогчийн нэг. Нөгөөх нь Бен Дэвис юм. Харин “Тоттенхэм” клубийн цомгүй улирал 16 дахь жилээ үргэлжилж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.