UBLife Logo
Спорт

“Тоттенхэм” клуб талбайд арвуулаа тоглосон ч, Азербайжаны аваргуудыг 3:0-ээр хожлоо

“Тоттенхэм” клуб талбайд арвуулаа тоглосон ч, Азербайжаны аваргуудыг 3:0-ээр хожлоо

Шагналын сан, нэр хүнд, цар хүрээгээрээ бүс нутагтаа хоёрдугаарт эрэмбэтэй Европа лигийн тэмцээний эхний тойргийн тоглолтууд Пүрэв гарагт явагдлаа.

Азербайжаны аварга “Карабо” клуб Лондон хотын “Тоттенхэм Хотспур” цэнгэлдэх хүрээлэнд зочилж тоглосон ч, 3:0-ээр хожигдов.

Хэдийгээр УЕФА-гийн дүрэмд багууд тоглолт эхлэхээс 75 минутын өмнө хувцас солих өрөөнд бэлэн байх ёстой хэмээн заасан ч “Карабо” клубийнхэн зам хаасан гэх шалтгаанаар ердөө 15 минутын өмнө ирсэн тул уг тоглолт төлөвлөсөн цагаас 35 минутаар хоцорч эхлэхэд хүрсэн.

Ердөө долоо дахь минутад “Тоттенхэм”-ийн хамгаалагч Раду Драгусин улаан хуудсаар торгуулсан тул тоглолтын ихэнх хугацаанд талбайн эзэд арвуулаа тоглосон юм.

Румын төвийн хамгаалагч Драгусины хувьд, “Тоттенхэм”-ийн төлөөх Европын тэмцээний эхний тоглолтодоо улаан хуудсаар торгуулсан анхны тоглогч боллоо.

Гэлээ ч энэ бүхэн талбайн эздийн довтолгооны эрчийг сулруулсангүй. Бреннан Жонсон, Папе Матар Сарр, Доминик Соланке нар гоолдож, Европа лигийн шинэ улирлыг ялалтаар эхлүүлэв, тэд. Ялангуяа Бреннан Жонсон сүүлийн гурван тоглолтодоо дараалан гоолдсон нь маш сайн үр дүн юм. Мөн энэ үдэш тэрбээр замналынхаа 50 дахь гоолыг бүртгүүлсэн нь онцгой тохиол байлаа.

Харин “Карабо”-гоос Торал Байрамов торгуулийн цохилт алдсан нь тоглолтын хувь заяаг бүхэлд нь өөрчлөх боломжоо ч алдсан хэрэг боллоо. Мөн энэ нь Европа лигт “Карабо”-гийн тоглогч амжилтгүй гүйцэтгэсэн анхны торгуулийн цохилт болсон юм.

“Тоттенхэм”-ийн ахлагч Сон Хён Мин 71 дэх минутад доголсоор талбайг чөлөөлсөн нь дасгалжуулагч Постокоглоугийн санааг зовоож байна.

"Би түүний биеийн байдлын талаар тухтай ярилцаж амжаагүй байна. Сонни талбайг чөлөөлөх үедээ бага зэрэг ядарч байгаагаа хэлнэ лээ. Гэхдээ бид эмчийн багтайгаа сайтар зөвлөлдөх ёстой”.

“Тоттенхэм” клуб шинэ цэнгэлдэхтэй болсноосоо хойш Европа лигийн хүрээнд зургаан тоглолт талбайдаа хийж, бүгдэд нь хожсон төдийгүй өөрсдөө 18 гоол оруулсан бол хаалгандаа гоол алдаагүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.