UBLife Logo
Спорт

Түүхэнд хамгийн анхны найраа хийсэн тоглолт

Түүхэнд хамгийн анхны найраа хийсэн тоглолт

Хөлбөмбөгт найраатай тоглолт олон байдаг гэж нотлодог ч яг үнэндээ баримт нотолгоогүй, тун далд нууцлаг зүйл байдаг билээ. Мэдээж хэн ч мөнгөөр “бууж” өгснөө хүлээн зөвшөөрөхгүй, баталгаа, баримт үзүүлсэн ч буруугүй хэмээн зүтгэсээр байдаг. Гүрийх нь ч аргагүй, хөлбөмбөгийг үр дүн нь эртнээс тодорхой театр болгон хувиргах нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг юм.

Бооцооны газруудад их мөнгө эргэлдэх болсноор хөлбөмбөгт найраа гарсан мэт олон хүн боддог. Тэгвэл энэ нь үгүй юм. Анхны найраатай тоглолт 100 гаруй жилийн өмнө болсон гэдэг. Хэн гээч нь, ямар баг анх найраа хийсэн юм бол?

Мөнгө ба оноо хэрэгтэй

Эртний архивын баримтаас үзэхэд анхны найраанд оролцсон багууд бол Ливерпуль, Манчестер Юнайтед байжээ. Найраатай тоглолтоо тэд 1915 оны дөрөвдүгээр сарын 2-нд хийсэн байна. Дэлхийн Нэгдүгээр дайн болж, олон орны ард иргэдийн хувьд хөлбөмбөг сэтгэлээ зогоох ганц зүйл нь байлаа. Гэвч зарим тоглогч хөгжөөн дэмжигчдээ биш мөнгө л бодож байв.

Домог ярианаас үзвэл Ливерпуль багийн ахлагч, МЮ багт өмнө нь тоглож байсан Жеки Шелдон анхны найрааг сэтгэжээ. Түүнийг багийнх нь гишүүн Томас Фейрфул, Боб Перселл, Том Миллер нар дэмжжээ. Харин МЮ-гийн талаас Сэнди Тернбулл, Инок Уэст, Артур Уолли нар оролцсон байна. Хэргийн эзэд Манчестер хотын “Нохой ба ятуу” гэсэн хачирхалтай нэртэй Бааранд уулзаж, нарийн ширийн зүйлээ ярилцав. Гол зүйл нь: МЮ үе болгонд нэг гоол оруулж, 2:0 ялна, Ливерпуль өрсөлдөөн үзүүлэхгүй, хоёр багийн тоглогчид бооцооны газарт бүгд 2:0 харьцаатай МЮ ялна гэж бооцоо тавина.  

Яагаад Манчестер Юнайтед найраанд оролцох болов? Ливерпуль баг хүснэгтийн дунд хэсэгт, айх аюулгүй байсан бол МЮ хасагдах хэсэгт бичигдэж, унах аюул нүүрлээд байсан тул оноо ус, агаар мэт хэрэгтэй байв. Бас нэгэн асуудал байсан нь дэлхийн дайн болж байсан тул дахин тэмцээн зохиогдох эсэх нь эргэлзээтэй. Хэрэв тэмцээн байхгүй болбол хөлбөмбөгчид орлого, цалингүй болно. Ингэж анхны найраа үүссэн түүхтэй.

Хөндлөвч оноод загнуулав

Тэр нэгэн Баасан гарагт “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган хүн цугларсан байлаа. Талбай дээр болж байгаа үйл явдал тэднийг гайхуулж байснаа сүүлдээ уур хилэнг нь хүргэсэн юм. “Лиюерпуль” багийнхан ил тод биеэ хурааж, өрсөлдөгч багтаа довтолгооны боломж гаргаж өгсөөр. Эхний үед Жорж Андерсон гоол оруулж, найраа ёсоор 1:0 болготол байдал бишдлээ. Шүүгч “Ливерпуль” багийн хаалганд 11 метрийн цохиолт хийлгэх шийдвэр гаргав. Патрик О’Коннелл цохихоор гарч ирээд, хамаагүй далий цохичихоод чанга гэгч нь инээсэн байна. “Ливерпуль” багийнхан тоог тэнцүүлэх, ялах гэж юу ч хийсэнгүй. Хоёрдугаар үед тэд дахиад Андерсонд гоол оруулах боломж гаргаж өглөө. Энэ гоолын дараа тоглолт бараг зогссон юм. Найрааны эзэд хэрэгцээтэй үр дүнгээ авсан тул цаг дуусахыг хүлээн, толгойдоо хожих мөнгөө бодоцгооно. Шүгэл дуугарлаа, найраа ёсоор 2:0 МЮ яллаа. Харин цэнгэлдэхэд ирсэн үзэгчид шүгэлдэн, тоглогчдыг эсэргүүцэж байлаа.

Ганцхан тоглогч найраанд оролгүй жинхэнээсээ үзэлцсэн нь “Ливерпуль” багийн довтлогч  Фред Пегнем байлаа. Тэр 75 дахь минутад хүчтэй өшиглөж, МЮ-гийн хаалганы хөндлөвчийг оносон байна. Харин багийн андууд нь түүнийг загнаж, битгий хаалга руу цохиод бай гэж загнажээ. МЮ багийн дасгалжуулагч Жек Робсон мөн энэ бохир ажиллагаанд оролцохыг хүссэнгүй. Робсон тоглолт дуусахыг хүлээлгүй цэнгэлдэхийг орхин одсон байна. Зальт этгээдүүдийн төлөвлөгөөнд саад хийж чадахгүйгээ ойлгожээ.

Нэг найраачин дайнд амиа алдсан

Их Британийн хэвлэл энэхүү сэжигтэй тоглолтын талаар бичиж эхэллээ. Бооцооны газрууд ч нэг эвгүй зүйл болоод байгааг мэдэрч, МЮ 2:0 ялна гэсэн бооцооны шагналыг төлөхөө зогсоов. Ингээд зогссонгүй, тоглолтын талаар мэдээлэл өгсөн хүнийг 50 паундаар шагнана гэж зарлалаа. Хуйвалдаан байж магадгүй болсон тул Засгийн газраас мөрдлөгө хийх тусгай комисс байгуулсан байна.

Найраачид багийнхныгаа худалдан авах гэж оролдсон ч тэд гараа бузарлахаас татгалзсан нь тодорхой боллоо. “Бохир долоон” тоглогчийн эсрэг дээр дурдсан Фред Пегнем болон хоёр гоол хийсэн Жорж Андерсон нар мэдүүлэг өгчээ. МЮ-гийн од Билл Мередит ч тэднийг илчилсэн мэдэгдэл хийсэн байна. Тэрээр найрааны талаар мэдээгүй бөгөөд маш аюултай довтолгоо болоход түүнд дамжуулалт өгөхгүй байгаад ихэд гайхаж байсан гэнэ.

1915 оны 12 дугаар сард Английн хөлбөмбөгийн холбооноос найраачдад маш хатуу шийтгэл оноосон юм. “Нохой ба ятуу” бааранд байсан бүх тоглогчдын хөлбөмбөг тоглох эрхийг насан туршид нь хаслаа. Тэднийг шившигээ цусаараа угааж, ариутга хэмээн дэлхийн дайнд сайн дураар явахыг санал болгожээ. Хариуд нь эргэж ирээд хөлбөмбөг тоглохыг нь зөвшөөрнө гэсэн байв. Бараг бүх найраачид дайнд явахыг зөвшөөрсөн байна. Ганцхан Инок Уэст татгалзаж, буруугүй гэж гүрийсээр байв. Гэвч дахин хөлбөмбөг тоглох нь бүтэхгүй гэдгийг ойлгоод Ирландад очиж, хуурамч нэрээр тоглож эхэлсэн байна. Дахиад л баригдаж, дахиад л шийтгүүлсэн ч Инок хэргээ огт хүлээгээгүй юм.

Харин дайнд явсан зургаан тоглогчоос тав нь эсэн мэнд харьж ирсэн. Харамсалтай нь Сэнди Тернбулл хүнд шархдаж, Германы цэрэгт олзлогдон, торны цаана үхсэн ажээ. Томас Фейрфул дайнаас ирээд дахин хөлбөмбөг тоглохыг хүссэнгүй. Бусад нь ямар ч гэсэн хөлбөмбөгийн ертөнцөд холбоотой байж байгаад зодог тайлсан байна.

Энэ явдал тамирчдыг бооцоо тавихыг хориглох хууль гарах үндэс болсон гэж үздэг.

Manchester United – Liverpool 2-0 (1-0).

Old Trafford

Үзэгч: 12,000.

Шүүгч: Mr. J.G.A. Sharpe.

MЮ (2-3-5): Bobby Beale, John Hodge, Walter Spratt, James Montgomery, Patrick O’Connell, Joseph Haywood, Billy Meredith, Arthur Potts, George Anderson, Enoch “Knocker “West, Joe Norton.

Ливерпуль (2-3-5): Elisha Scott, Ephraim Longworth, Robert Pursell, Thomas Fairfoull, Phil Bratley, Donald Mackinlay, Jack Sheldon, William Banks, Fred Pagnam, Tom Miller, Jimmy Nicholl.

Гоол: 1-0 Anderson (40 min.), 2-0 Anderson (75 min.).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.