UBLife Logo
Спорт

"ПАХТАКОР-79. Санаж байна. Хүндэтгэж байна. Бахархаж байна”

"ПАХТАКОР-79. Санаж байна. Хүндэтгэж байна. Бахархаж байна”

"Узбекистан-2024" футзалын ДАШТ-ийг сурвалжлах эрх ФИФА-гаас батлагдсаны дараа хамгийн түрүүнд толгойд минь Узбекистанд очоод 1979 онд онгоцны ослоор амь үрэгдсэн "Пахтакор" багийн хөлбөмбөгчдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх бодол орж ирсэн билээ.

Дэлхийн хөлбөмбөгийн  түүхэнд хараар бичигдсэн, бүтэн багаарааа осолдсон дөрвөн онгоцны ослын (Италийн "Торино" 1946 онд, Английн "Манчестер Юнайтед" 1958 онд, Бразилийн "Шапэкаэнсо" 2016 онд) нэг нь "Пахтакор".

1979 оны наймдугаар сарын 11-нд хуучнаар ЗХУ-ын Днепродзержинск хотын ойролцоох Куриловка тосгоны нутаг дээр агаарт 8400 метрийн өндөрт иргэний тээврийн хоёр онгоц мөргөлдөн аймшигт осол болж,178 эрдэнэт хүн амиа алдсан билээ. Уг хоёр онгоцны нэг нь болох Ташкент-Минск чиглэлд нисч явсан онгоцонд "Пахтакор" хөлбөмбөгийн багийн 17 гишүүн  сууж явсан юм.

Тухайн үедээ ЗХУ-ын хөлбөмбөгийн дээд лигид тоглож, осол болохоос өмнө дөрвөн тоглолт дараалан хожоод хүснэгтэд дээгүүр бичигдэж байсан "Пахтакор" багийнхан Минск хотын "Динамо" багтай зочлон тоглолт хийхээр явж байж.

17 залуу, 17 нэг багийн нөхөд, 17 аав, ээжийн хүү, хань,ах, дүү , 17 халуун амь...

Хамтдаа холын холд,өнө мөнхөд хөлбөмбөгөө тоглохоор үүрд оджээ.

...Би яг одоо Ташкент хотын Боткины нэрэмжит мөнхөд нойрсогчдын дурсгалын газар ирээд байна.

Гол үүдэнд нь дөрвөн хос багана бүхий дурсгалын хөшөө, голд нь бөмбөг хааж буй хаалгач, түүний эргэн тойронд 1979 оны наймдугаар сарын 11-нд нас барсан "Пахтакор" багийн 17 гишүүний нэрс дурайх ажээ. Мөн дурсгалын хананд "Пахтакор-79. Бид санаж байна. Бид хүндэтгэж байна. Бид бахархаж байна" хэмээн бичжээ.

Надад энд ирж хүндэтгэл үзүүлэхэд тусалсан шинэхэн узбек найз Телкин маань урьд өмнө миний сонсож байгаагүй осолтой холбоотой олон зүйлийг өгүүлсэн.

Үнэндээ яг энд тав нь, бусад 12  хүний ​​шарил нь Узбекистан даяар төрөлх нутгийнхаа хөрсөнд нойрсож буй ажээ. Мөн багийн ахлагч, солонгос гаралтай Михаил Ан гэмтэлтэй, уг тоглолтод оролцохгүй байсан ч багийнхандаа сэтгэлийн дэмжлэг үзүүлэхээр уг онгоцонд суусан байна. Мөн хамгийн залуу нь болох дөнгөж 18 настай, нөөц багийн тоглогч С.Базаров уг нь өмнөх өдөр нь Минск ниссэн "Пахтакорын" хоёрдугаар багийнхантай цуг нисэх ёстой байсан ч аав нь өөр хотоос ирсэн тул чөлөө аваад гайт хар өдөр ниссэн аж.

Тэгвэл багийн массажист А.Дворников, хэвлэлийн ажилтан О.Якубов хоёр урьд шөнө нь архи ууж, "хэвийн бус" байсан тул онгоцонд оруулаагүй бөгөөд энэ нь тэдний амийг аварчээ. Мөн ахлах дасгалжуулагч Олег Базилевич гэр бүлийн шалтгаанаар Сочи хотоос Минскт очиж нэгдсэн тул ослоос аврагдаж. Гэхдээ тэрбээр "Хөлгийн ахмад онгоцоо хамгийн сүүлд орхих ёстой байдаг. Харин би залуустайгаа эцсийн мөчид нь хамт байж чадсангүй" хэмээн өөртөө буруу өгч олон жил шаналж явсан гэнэ.

Багийн хамгийн авьяаслаг тоглогчийн нэг, М.Аны хамтаар ЗХУ-ын залуучуудын шигшээд тоглож, Европын залуучуудын аварга болж байсан С.Федоровыг тухайн үед ЗХУ төдийгүй Европын шилдэг багуудын нэгт тооцогдож байсан "Динамо"( Киев), алдарт В.Лобановский олон удаа багтаа тоглохыг урьж байсан ч Федоров "Пахтакорыг аварга болтол би хаашаа ч явахгүй" хэмээн татгалзсаар байсан бөгөөд үнэхээр л "Пахтакор"-тойгоо үүрд үлджээ.

Хувь тавилан гэж ийм байдаг ажгуу.

Энэ ослын дараа ЗХУ-ын Хөлбөмбөгийн холбоо "Пахтакор" багийг дээд лигт доод лигт унахгүйгээр гурван жилийн баталгаат хугацаа өгсөн. Мөн дээд лигийн клуб бүр "Пахтакор"-т нэг нэг тоглогчийг тоглуулах шийдвэр гаргаж байсан тухай "Футбол и Хоккей" сониноос уншиж байсан нь одоо ч мартагддаггүй юм.

Хэдийгээр 45 жил өнгөрсөн ч "Пахтакор"-ын үнэнч хөгжөөн дэмжигчид, багийн өнөөгийн удирдлага, тоглогчдын ар гэрийнхэн , хамаатан садан, найз нөхөд нь "Пахтакор-79"-ийг дурссаар, санасаар, хүндэтгэсээр , бахархсаар л байна.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Ташкент, Узбекистан. 2024 он.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.