UBLife Logo
Спорт

Пол Погба допингийн торгуулиа давж заалдсанаар 18 сар болгож буурууллаа

Пол Погба допингийн торгуулиа давж заалдсанаар 18 сар болгож буурууллаа

Өнгөрсөн оны 8-р сарын 20-нд "Ювентус" клуб "Удинезе"-гийн талбайд зочлон тоглож 3:0-ээр хожсоны дараа Погбагаас шинжилгээ авахад түүний бие дэх тестостероны дааврын түвшин ихэссэн нь тогтоогдсон. Хэдийгээр Погба тухайн тоглолтыг сэлгээний сандалд суусаар өндөрлүүлсэн ч, сорьцийн шинжилгээнд санамсаргүй байдлаар сонгогдсон юм.

Улмаар түүний хөлбөмбөг тоглох эрхийг дөрвөн жилээр түдгэлзүүлсэн билээ.

Харин Погба Спортын арбитрын шүүхэд (CAS) давж заалдсанаар допингийн хоригоо 18 сар болгож буурууллаа. Түүний хувьд, ирэх оны 3-р сараас эхлэн хөлбөмбөгийн талбайд тоглох эрхтэй болж байна.

Мөн Погбад оногдуулсан 5,000 еврогийн (4,179 фунт стерлинг) торгуулийг Спортын арбитрын шүүхээс хүчингүй болгожээ.

Допингийн шийтгэлийг багасгах хоёр үндэслэл байдаг. Хэрэв тухайн тамирчин допингийн төрлийн эм бэлдмэлийг санаандгүй байдлаар (тухайлбал эмчилгээний журмаар) хэрэглэсэн тохиолдолд, түүнчлэн мөрдөн байцаалтын явцад “бодитой туслалцаа үзүүлж” чадсан тохиолдолд эл хоригийг бууруулах боломжтой юм.

Погба 2025 оны нэгдүгээр сараас хөлбөмбөгийн бэлтгэлд хамрагдаж эхлэх бөгөөд улмаар 3-р сарын 11-ний өдрөөс хойш албан ёсны тоглолтод оролцох эрх нь нээгдэнэ.

Гэхдээ “Ювентус” клуб ойрын өдрүүдэд түүнийг гэрээг цуцлах төлөвтэй байгаа тул Погбагийн хувьд чөлөөт агентийн хувиар шинэ багийн эрэлд гарах бололтой. Энэ нь түүний хувьд төдийлөн хэцүү асуудал биш, учир нь Погба нэгэн цагт дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчнөөр тодорч байсан.

Погба “Удаан хугацааны туршид намайг түгшээсэн хар дарсан зүүд дууслаа. Допингийн торгуультай цаг хугацаа бол миний амьдралын хамгийн зовлонт агшин байсан. Үүнээс болж өдийг хүртэл шаргуу хөдөлмөрлөсөн бүхэн маань түр завсарлахад хүрлээ шүү дээ” гэсэн юм. Энэ бүх таагүй он жилүүд “Манчестер Юнайтед” дахь түүний аз жаргалгүй үеэс эхлэлтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.