UBLife Logo
Спорт

Домогт хөлбөмбөгчин Андрес Иньеста 40 насандаа доголон нулимстай зодог тайллаа

Домогт хөлбөмбөгчин Андрес Иньеста 40 насандаа доголон нулимстай зодог тайллаа

Испанийн шигшээ багийн хамтаар хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлж, “Барселона”-д гялалзаж асан Андрес Иньестаг танихгүй, наанадаж нэрийг нь сонсоогүй спорт сонирхогч нэгээхэн ч үгүй билээ.

Тэрбээр Хави Эрнандес, Серхио Бускетс нарын хамтаар “Барселона”-д тоглосон хугацаандаа хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу хагас хамгаалалтын гурвалыг дархалж, дэлхийд сэтгэх ухаан, ур чадвараараа бишрүүлж байсан цаг саяхан.

"Өнөөдөр намайг үл ялиг сэтгэл хөдлөлтэй байхыг маань зөвшөөрнө гэдэгт итгэж байна. Би өөрийгөө хөлбөмбөгөөс зодог тайлна гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Өнгөрсөн хугацаанд миний урсгасан бүх нулимс сэтгэл хөдлөл, бахархлын нулимс байлаа. Уй гунигийнх биш шүү. Энэ нулимс хөлбөмбөгчин болохыг мөрөөдөх Фуэнтеалбилла гэх жижигхэн хотын бяцхан хүүгийн нулимс байсан. Манай хотын хүүхдүүд хөлбөмбөгчин болох сон гэхдээ юунд ч бууж өгөхийг хүсэхгүйгээр маш шаргуу хөдөлмөрлөж, олон ч боломжоо золиослосон юм. Хамгийн чухал нь би хэзээ ч бууж өгөөгүй нь өдгөө бол амьдралын маань үнэт зүйл болохоор сайхан зүтгэл гэж санагдаж байна. Замналын маань туршид надтай мөр зэрэгцэн тоглосон бүх хүнээр би бахархаж байна …”.

2010 оны ДАШТ-ий финалын тоглолтод хожлын гоолыг оруулсан төдийгүй 2008, 2012 онуудад Европын АШТ-д түрүүлсэн “Ялагдашгүй Армада”-гийн уурга тархи гэгдсэн агуу хөлбөмбөгчин байлаа, тэр.

Иньеста Ла Масиа академид хөлбөмбөгийн боловсрол эзэмшээд амьдралынхаа 22 жилийг тоглогчийн замналаар өнгөрүүлжээ.

Ингэхдээ Испанийн Ла лигт ес, Европын Аваргуудын лигт дөрвөнтөө түрүүлсэн бөгөөд том, жижиг нийлсэн 29 цомыг цуглуулгадаа авчирсан амжилттай.

Тэрбээр замналынхаа оргил үеийг дуусгаад 2018 онд Японы "Виссел Кобе" руу буурь сэлгэсэн бол өнгөрсөн жилээс Арабын Нэгдсэн Эмиратад тоглож байсан юм.

Иньеста замналынхаа туршид 962 тоглолтод оролцохдоо ганц ч удаа улаан хуудсаар торгуулаагүй ховор амжилтын эзэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.