UBLife Logo
Спорт

Криштиано Роналду 1000 гоол оруулсан анхны хөлбөмбөгчнөөр тодрох боломжтой юу?

Криштиано Роналду 1000 гоол оруулсан анхны хөлбөмбөгчнөөр тодрох боломжтой юу?

Криштиано Роналду бол 900 гоол оруулсан анхны хөлбөмбөгчин билээ. Тэрбээр бямба гарагт Польшийн эсрэг тоглох Португалийн шигшээ багийн 23 тоглогчийн нэг.

39 настай домогт эр 2003 онд Португалийн өмсгөлтэй анхны тоглолтодоо оролцож байх үед өдгөө “Спортинг” клубт гялалзсан авьяас, ур чадвараараа шагшигдаж буй 17 настай жигүүрийн тоглогч Геовани Куэнда төрөөгүй байв.

Роналду гоол оруулж чадаагүй өндөрлүүлсэн “Евро-2024” тэмцээнийхээ дараагаар ширүүн шүүмжлэлд өртсөн ч, зодог тайлах болоогүй гэдгээ тодорхой хэлсэн.

Тэрбээр өдгөө мэргэжлийн замнал дахь 1000 гоолынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа тул зодог тайлах гэдэг үг түүнд дэмий яриа шиг санагдах нь тодорхой.

Энэ зун Германд болсон Европын АШТ-ий үеэр Португалийн шигшээ багийн төлөө хамгийн олон минут тоглосон хөлбөмбөгчин бол Роналду. Тэрбээр “Евро-2024” тэмцээний үеэр 485 минутыг талбайд өнгөрүүлсэн нь боломжит хугацааны 94 хувьд нь тоглосон гэсэн үг.

Роналду өдгөө ч дасгалжуулагч Роберто Мартинезийн төлөвлөгөөнд гол тоглогч хэвээр байна.

Хэдийгээр CNN Portugal/Mais Futebol-оос явуулсан олон нийтийн санал асуулгад оролцсон хүмүүсийн 74 хувь нь Роналдуг шигшээ багаасаа хасахыг хүссэн ч, холбооных нь удирдлагууд эл үйл явдлыг огтхон ч сонсоогүй царайлаад өнгөрөв.

Үүнд шалтгаан бий. Роналдугийн нөлөө талбайд тоглохоос хамаагүй өргөн цар хүрээтэй. Тэрбээр Португалийн хөлбөмбөгийн холбооны санхүүгийн байдалд үлэмж нөлөөг үзүүлдэг. Наанадаж шигшээ багийнхаа тоглолтын шууд дамжуулалтыг худалдах, 7 дугаартай өмсгөлийг арилжах зэрэг нь тус холбооны ашиг орлогынх нь томоохон эх үүсвэр хэвээр байна.

Мадейра гаралтай довтлогч хэзээ ч өөрийгөө сэлгээний тоглогчоор төсөөлдөггүй.

Өнгөрсөн сард тэрээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Би замналаа дуустал зөвхөн гарааны тоглогч байх болно” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.254.204.15