UBLife Logo
Спорт

Нигеричүүд Африкийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцохоос татгалзаж, Ливээс зугтаалаа

Нигеричүүд Африкийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцохоос татгалзаж, Ливээс зугтаалаа

Нигерийн хөлбөмбөгийн шигшээ багийнхан мягмар гарагт Ливийн багтай хийх тоглолтыг бойкотлохоор шийджээ.

Супер бүргэдүүд ням гарагт Бенгази хотноо газардах төлөвлөгөөтэй байсан ч тэдний онгоцыг гэнэтийн байдлаар зорьсон газраас нь 230 км (143 миль) зайд орших Аль Абракад буулгажээ. Улмаар шигшээ багийнх нь тоглогчдыг орхигдсон онгоцны буудалд 24 цагийн турш WiFi, хоол хүнс, усгүйгээр байрлуулсан гэв.

Нигерийн шигшээ багийн ахлагч Уильям Троост-Эконг “Багийн ахлагчийн хувиар мэдэгдье, бид мягмар гарагт тоглохгүй гэж шийдсэн. Харин Засгийн газар маань уг үйл явдалд хөндлөнгөөс оролцож, биднийг авраач гэж уриалж байна” гэсэн юм.

Ливийн Хөлбөмбөгийн Холбооноос “Бид нигеричүүдэд ихэд хүндэтгэлтэй ханддаг. Тэдний нислэгийг өөрчилсөн нь санаатай явдал биш” гэв.

Уг хэрэг явдалтай холбогдуулан Африкийн хөлбөмбөгийн холбооноос Ливи болон Нигерийн төлөөлөгчидтэй хэдийнэ холбогдоод амжжээ. Улмаар энэ асуудлыг сахилгын зөвлөлийн хурлаар шийднэ гэж мэдэгдсэн агаад хэрэв тодорхой дүрэм, журмыг зөрчсөн гэж үзвэл арга хэмжээ авна гэжээ. “Гэхдээ Ливийн зүгээс энэ үйл явдлыг санаатайгаар зохион байгуулсан гэж буруутгах ямар ч үндэслэл алга”.

Аль Абракаас Бенгази хүртэлх замыг туулахын тулд автобусаар гурван цаг хагас явах ч Троост-Эконг “Ливийн хамгаалалтад итгэхгүй байгаа учраас манай тоглогчид энэ аялалд бэлэн бус” гэж мэдэгджээ. Улмаар тэд тоглолтын талбай руу газраар явахаас татгалзсан тул эх орон руугаа онгоцоор буцсан юм.

Ливи улс засаг захиргааны хоёр нэгжид хуваагдсан бөгөөд нэг нь Бенгази хотыг багтаасан зүүн бүс, нөгөө нь нийслэл Триполи хотод төвтэй баруун хэсгээр тусгаарлагддаг. Хоёр засгийн газар нь хоёул өөрсдийгөө улс орныхоо хууль ёсны эрх баригчид гэж үздэг.

Өнгөрсөн баасан гаригт Уёо хотноо явагдсан эл хоёр багийн тоглолтод Нигерийн шигшээ баг 1:0-ээр хожиж, өдгөө “D” хэсгийг долоон оноотой тэргүүлж байгаа бол Ливичүүд нэг оноотой, хасагдах бүсэд бичигдэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.