UBLife Logo
Спорт

Мальдинигийн гэр бүлийнхэн гурван үеэрээ Италийн шигшээд тоглож, түүхэн амжилтыг дархаллаа

Мальдинигийн гэр бүлийнхэн гурван үеэрээ Италийн шигшээд тоглож, түүхэн амжилтыг дархаллаа

Даваа гарагийн үдэш Үндэстнүүдийн лигийн 4-р тойргийн хүрээнд явагдсан Итали болон Израилийн тоглолтын үеэр Даниел Малдини шигшээ багийнхаа төлөө анх удаагаа талбайд гарсан.

Тэрбээр Италийн шигшээ багт тоглосон гэр бүлийнхээ гурав дахь үеийн төлөөлөл юм. Удине хотноо энэ тоглолтыг үзэж сонирхсон эцэг Паоло нь эх орныхоо өмнөөс 126 тоглолтод оролцсон бол өвөө Чезаре нь Италийн шигшээгийн 14 тоглолтод талбайд гарсан байдаг.

“Монза” клубийн 23 настай довтлох чиглэлийн хагас хамгаалагч Даниел аав болоод өвөөгийнхөө адилаар “Милан” клубт ч мөн тоглоод амжсан удаатай.

Тэрбээр тоглолт дуусахаас 16 минутын өмнө Жиакомо Распадоригоор сэлгэгдэн талбайд гарсан юм.

Мальдинигийн гэр бүлийнхэн өвөө, аав, хүү гурав Италийн шигшээ багт тоглосон анхны тохиолдол болж бүртгэгдэв.

Италичууд эл тоглолтод Жованни ди Лоренцогийн толилуулсан дубль, Матео Ретеги, Давиде Фраттеси нарын оруулсан гоолоор 4:1 харьцаатай Израилийн шигшээг хожсон юм.

Харин Израйлийн багаас Мохамед Абу Фани Италийн эсрэг хийсэн сүүлийн хоёр тоглолтодоо дараалан гоолдов.

Үндэстнүүдийн лигийн 4-р тойргийн дараах байдлаар “В” хэсгийг Италичууд 10 оноотой тэргүүлж, Францын баг 9 оноотой удаалж байна. Харин Бельгийн шигшээ 4 оноотой эл хэсгийн 3-р байрт эрэмблэгдэж байгаа бол Израиличууд одоогоор оноо салгаж чадаагүй байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.