UBLife Logo
Спорт

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Францын баруун хойд хэсэгт орших Бриттани хот бол хөлбөмбөгийн соёл хүчтэй төлөвшсөн газар билээ.

Францын аваргаар наймантаа тодорсон “Нант” болон академиараа Эдуардо Камавинга, Осман Дембеле нарын өнөөгийн шигшээ багийн “од” тоглогчдыг бэлдсэн “Ренн” клубүүд тухайн бүс нутгийн томоохон төлөөлөл юм.

Харин өнгөрсөн хугацаанд хөршүүдийнхээ мандан бадралын сүүдэрт дарагдсан “Брест” өнгөрсөн улирлын үсрэнгүй амжилтаараа дуулиан дэгдээгээд байна.

Үнэндээ “Брест” клуб өнгөрсөн 33 жилийн хугацаанд санхүүгийн гачигдалтай тэмцсээр ирсэн. “Бордо”-гийн адилаар эдийн засгийн сүйрэлд өртсөн “Брест” сонирхогчдын лигт цөөнгүй жилүүдийг өнгөрүүлсэн. Өр төлбөр нь 150 сая франкаар үнэлэгдсэн тус клуб дампуурлаа зарласнаар мэргэжлийн статусаа алдаж, улмаар 1991-2004 оны хооронд сонирхогчдын лигт амь тэмцэхэд хүрсэн юм.

Тэдний өсөлт хөгжил бага багаар ахисаар 2010 он гарахад сая дотоодын дээд лиг болох Лиг 1 тэмцээнд оролцох эрхтэй болсон.

Гэвч Лиг-1 тэмцээнд гурван улирлыг өнгөрүүлээд ахин доошоо унах нь тэр. Энэ удаад буцаж дэвших хүртлээ зургаан жилийг зарцуулсан юм. Улмаар 2019 онд стандартын бус талбай, маш бага хэмжээний төсөвтэйгээр Дээд лигтээ ахин хүч сорих хүнд даалгавартай нүүр тулсан.

Тухайн үед Францын нэг сэтгүүлч тэдний цэнгэлдэхийг харчихаад "Дундад зууны үеийн дурсгал мэт" гэж хоржоонтойгоор бичсэн байдаг.

Олон хүн тэднийг өнгөрсөн таван жилд доош унах нь тодорхой гэж таамаглаж, мөрийцөж байлаа. Гэхдээ тэд тэмцсэн, эцэст нь өнгөрсөн улирлын Лиг 1 тэмцээнийг гуравдугаар байраар өндөрлүүлж чадсан юм. Лиг 1 бол Европын топ таван лигийн нэг шүү дээ, тэгэхээр энэ бүх үсрэнгүй ахиц дэвшил өчүүхэн ч гэсэн ид шид биш гэж үү?

Ялалтын амтанд бялхсан баатарлаг улирал тэдэнд ахин нэг удаа толгойны өвчинг авчирсан. “Брест”-ийн талбай болох Фрэнсис-Ле Бле цэнгэлдэх хүрээлэн нь УЕФА-гийн стандартад нийцээгүй тул тэд гэрээсээ 70 милийн зайг туулж Гуингам хотноо Аваргуудын лиг дэх талбайн тоглолтоо хийхэд хүрсэн юм.

"Энэ бол бяцхан ид шид гэмээр түүх. Хүмүүс "Жирона”-гийн ахиц дэвшлийг хар даа, “Болонья”-гийн амжилт гайхалтай биш гэж үү гэж ярьдаг. Тэгвэл “Брест”-ийн өсөлт, хөгжлийг хар л даа, тэдгээр багуудынхтай гарцаагүй адилхан шүү дээ. Үгүй ээ, үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бага зэргийн хөдөлмөр хэрэгтэй юм байна. Та бүхэн тэдний цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн баазийг ирж нүдээр харах хэрэгтэй. Үнэндээ “Брест”-ийн өнөөгийн нөхцөл байдал Нэгдүгээр дивизонд ч тоглолоо гэхэд стандартад нь нийцэхээргүй санагддаг юм” гэж "Brest on Air" нэвтрүүлгийн хөтлөгч Янн Пондавен “BBC Sport”-д ярьжээ.

“Брест” клуб лхагва гарагийн үдэш Аваргуудын лигийн гуравдугаар тойрогт “Байер Леверкузен”-тэй тоглоно. Австрийн “Штурм Грац”, “Ред Булл Зальцбург” багуудыг буулгаж аваад буй тэд дараалсан гурав дахь ялалтын баяраа тэмдэглэхийг хүсч байна.

Түүнчлэн нэгдүгээр 29-ний өдөр Аваргуудын лигийн 15 удаагийн аварга “Реал Мадрид” клубийг талбайдаа хүлээж авах бол харин ирэх сард “Барселона”-тай тоглохоор Камп Ноуд зочлох болно.

2016 оноос хойш тус клубийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Денис Ле Сент нь орон нутгийн бизнесмэн юм. Тэрбээр “Манай клубийн түүхийг Брестийн ард иргэд бүтээсэн. Бидэнд мөнгөнөөс чухал үнэт зүйл гэж бий. Бид энэ бүхнийг хотынхоо уугуул хүмүүсийн хөдөлмөрт суурилан хамтын үнэ цэнээр бүтээсэн юм. “Брест” клубийн түүх гэвэл ердөө л энэ” гэлээ.

Брестийн ард түмэнд бахархал элбэг байдаг ч, тэд маш бага эготой. Эрик Рой өнгөрсөн улиралд тус клубийн дасгалжуулагчаар томилогдсон нь гэнэтийн үйл явдал болсон юм. “Ницца” дахь дасгалжуулагчийн ажлаа орхиод 10 гаруй жилийн туршид Францын телевизэд шинжээчээр ажиллаж байсан түүнийг ахин хөлбөмбөгийн дасгалжуулагчаар ажиллана гэж хэн ч санах билээ.

Get French Football News сэтгүүлийн ерөнхий редактор Люк Энтвистл "Өнгөрсөн улирал дахь “Брест”-ийн амжилт бол ердөө ганцхан удаагийн тохиолдол. “ПСЖ” клубтэй төдийгүй Аваргуудын лигт өрсөлдөх нь хэзээ ч “Брест”-ийн тэргүүний зорилго байгаагүй. Том зургаар нь харвал тэд Лиг 1 тэмцээнд дундаас дээгүүр байранд бичигддэг баг болохыг л хүсдэг. Магадгүй 6-10 дугаар байрлал бол тэдний хувьд хамгийн тохиромжтой хэсэг байх биз. "Брест” том наймааг чухалчилдаггүй, харин эрсдэлгүй хувилбаруудыг онцолж хардаг. Францад энэ үзэгдэл төдийлөн түгээмэл биш, учир нь Францын багууд өөрсдийн академиар дамжуулан авьяас чадварыг төлөвшүүлж, хөгжүүлдгээрээ алдартай. Гэтэл “Брест” клубт “Ренн”, “Нант”-ийнхтай дүйцэх нэр хүнд, нөөц бололцоо байхгүй. Тэд бол Бриттани хэмээх том цөөрмийн жижиг загаснууд шүү дээ. Иймээс л “Брест”-д тогтвортой байдал энэ тэргүүний чухал зорилт байдаг юм” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.