UBLife Logo
Хөгжим

Хар тамхи, үхэл: One Direction хамтлагийн гишүүдийн хувь заяа

Хар тамхи, үхэл: One Direction хамтлагийн гишүүдийн хувь заяа

Энэ сарын 17-нд One Direction хамтлагийн гишүүн асан Лиам Пейн амиа алдсан мэдээ шүтэн бишрэгчдийг нь шоконд орууллаа. Лиам дөнгөж 31 настай байлаа. Тэрээр хамтлагийнхаа анд Найл Хораны тоглолтод оролцохоор Аргентинд ирээд зочид буудлын цонхоор унаж, амиа алдсан байна. 2016 онд тарсан хөвгүүдийн One Direction хамтлагийн гишүүдийн хувь заяа, амьдралыг мөрдөн шалгаж үзье.

One Direction

Их Британийн X Factor шоунд оролцогчдоос байгуулсан хамтлаг. Харри Стайлс, Зейн Малик, Лиам Пейн, Луи Томлинсон, Найл Хоран нар тэр үед 16-18 настай байлаа. Шоуны аваргаар өөр нэгэн оролцогч шалгарсан ч 2010 онд шоуны долдугаар улирал тэр чигээрээ One Direction хамтлагийг байгуулах сэдэв доор явагдаж өнгөрсөн юм.

One Direction хамтлаг продюсер Саймон Коуэллтой гэрээ байгуулж, анхныхаа дуугаар Их Британийн чартыг тэргүүлэв. Таван залуу үзэгчдийн хайрыг ядах юмгүй татсан юм. Шинэ хөвгүүдийн хамтлагийг тойрсон хэнээрхлийг хэвлэл мэдээлэл “Шинэ Битломан” гэж нэрлэж байлаа. Заримдаа залуусыг даган мөрдөх охидыг тогтоохын тулд цагдаагийн отряд дууддаг байлаа. Дэлхийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийг пиг дүүргэж, нийт 200 гаруй хөгжмийн шагнал хүртэж, ирээдүй нь дэндүү гэмээр гэрэлтэж байсан ч залуус хамтдаа удаан байж чадсангүй. 2015 онд Зейн Малик хамтлагаа орхилоо. 2016 онд One Direction уран бүтээлээ түр завсарлаж байгаагаа мэдэгдсэн ч үнэндээ тэд дахиж хамтдаа цугласангүй.

Лиам Пейн

Хамтлаг тарсны дараа Лиам бусдынхаа нэгэн адил ганцаарчилсан уран бүтээлдээ орсон. Түүний анхны сингл Strip That Down Их Британи, Австрали, Ирланд, Шинэ Зеландын хит парадын эхний тавд орлоо. Дараа нь дижей Зеддийн хамт Get Low сингл гаргаад 2018 оны нэгдүгээр сард For you дууныхаа клипийг үзэгчдэд хүргэлээ. Дөрвөн сард нь Бальвинтай хамтарсан “Familiar” дуугаа танилцуулж, 2019 оны зургаадугаар сард анхныхаа цомгийг толилууллаа. Дараагийн цомгийн бэлтгэл ажилдаа орлоо гэж байсан ч 2023 онд бөөрний дутагдлаар эмнэлэгт хэвтэж, бүх тоглолтоо цуцлав.

Тэр жилээ Лиам фенүүддээ хандан архи, мансууруулах бодисын хамаарлаас гарах эмчилгээ хийлгэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Сүүлийн хагас жил хэрэглээгүй гэдгээ ч ярьж байлаа. One Direction хамтлаг ид алдаршиж байх үед хар тамхи хэрэглэдэг болж, үе үе амиа хорлох бодол толгойд нь орж ирдэг болжээ. Хувийн амьдрал нь ч өгсөлт, уналттай. 2016 онд өөрөөсөө арван насаар эгч дуучин Шерил Коултай хамтран амьдарч, хүүтэй болсон ч 2018 онд саллаа. Хүүхэд төрснөөр хосуудын харилцаа муудаж, салсан гэж Лиам ярьж байсан ч хүүгийнхээ хүмүүжилд ихэд анхаардаг, оролцдог байлаа.

Модель Майя Генритэй нийлээд ч бүтсэнгүй. Лиам нууц амрагтай болсон тул салсан гэдгээ Генри зарлаад зогссонгүй Пейнтэй хамт байсан амьдралынхаа талаар ном гаргасан юм. Хүчирхийлэгч дуучинтай хамт байсан он сарууд мэт ном байлаа. Лиамын хамаатнууд, фэнүүд бүсгүйг шүүмжилж, хэрэв Лиамтай ямар нэг тохиолдвол Генри буруутай гэж үзнэ гэж мэдэгдэж байв. Лиамыг амиа алдахаас өмнөхөн Генри түүнийг байнга мөрдөж, утасдаж, гэр бүлийг нь сүрдүүлсэн гэж шүүхэд өгөөд байсан юм.

Дуучин залуугийн сүүлийн хайр нь аяллын блогчин Кейт Кэссиди байлаа. Тэд 2022 оноос уулздаг болж, Лиамын амиа алдахад Аргентинд хамтдаа очсон, байсан нь ч Кейт юм. Аймшигт явдлаас хэдхэн хоногийн өмнө тэд хамт авхуулсан зургаа сүлжээнд тавьж байлаа. Гэвч анх 7 хоногийн төлөвлөгөөтэй очсон Лиам хэт удаад байсан тул бүсгүй орхиод явсан байна. Тэр шөнө яг юу болсныг мөрдөн шалгаж байгаа ч Лиам хар тамхи хэрэглэсэн, гурван давхрын цонхноос унасан хэмээх мэдээллүүд гараад байв.

Зейн Малик

One Direction хамтлагаас хамгийн анх гарсан Маликийн хөгжмийн замнал тун өөдрөг харагдаж байв. Анхны цомог болох Pillowtalk шууд л хит парадын эхний байрт орж, Их Британи, АНУ-д анхны цомгоороо тэргүүлсэн анхны англи дуучин боллоо. Малик нийт 4 цомог гаргаж, Sia, Ники Минаж, Ty Dolla $ign, Тейлор Свифт нартай хамтран ажилласан. Бас нэгэн рекорд амжилт нь тэр Billboard сэтгүүлийн Оны шилдэг шинэ уран бүтээлч шагналыг (2013 онд хамтлагтайгаа, 2017 онд өөрөө) хоёр удаа хүртсэн цорын ганц уран бүтээлч.

One Direction-д байхдаа тэр дуучин Перри Эдвардс, 2015 оноос ЖиЖи Хадидтай үерхэж байлаа. Хадид түүний Pillowtalk клипт оролцож, хамтдаа Vogue сэтгүүлийн нүүрэнд гарч, Versace-гийн сурталчилгаанд тоглож байв. Таван жил үерхээд хосууд охинтой болсон билээ. Гэвч 2021 онд Зейн ирээдүйн хадам ээж Иоланд Хадидад гар хүрээд 360 хоногийн тэнсэн харгалзах ял сонссон бөгөөд шүүхээс түүнийг Иоландтай харилцахыг хоригложээ.

Зарим хэвлэлд бичсэнээр Малик мансууруулах бодис хэрэглэсэн үедээ маш харгис хэрцгий болдог, One Direction хамтлагийн доторх маргаан түүнээс эхэлдэг байж. 2014 онд Малик, Луи Томлинсон хоёр хар тамхи хэрэглэж байснаа ил тод ярьсан нь фен охидын эцэг эхчүүдийн хилэнг хүргэж байв. Зейн үе үе хэрүүл шуугианд холбогддог. Энэ жилийн шуугианаас дурдвал найз бүсгүй нь түүнийг өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохыг шаардсан гэж мэдэгдсэн дуулиан байлаа.

Луи Томлинсон

Луи Томлинсон хоёр цомог, хэд хэдэн сингл гаргаж, маш их аялан тоглолт хийдэг. One Direction тарсны дараа тэр амьдралынхаа хамгийн хар үеийг туулсан гэж ярьдаг. Хоёрхон жилийн дотор тэр хамгийн ойр дотно хоёр хүнээ алджээ. 2016 онд ээж нь 43-хан настайдаа өвчнөөр нас барсан. Тэр үед айлын ууган хүүхэд Луи хоёр нас хүрч байсан ихэр дүү нараа харж хамгаалах ажилдаа орж байжээ.

2019 онд эмэгтэй дүү, модель, инфлюенсер Фелисите мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдлаа. Ээжийнхээ үхлийг давж гарч чадахгүй байна гэж байнга ярьж байсан гэдэг. Луи 25 настайдаа аав болсон. Стилист Бриана Жангверт тэр хоёр хүүтэй. Одоо түүний талаарх мэдээлэл хомс ч хуучин найз бүсгүй Элеанор Колдертойгоо дахин уулзаж эхэлсэн гэсэн цуу явж байлаа.

Харри Стайлс

Харри Стайлс One Direction хамтлагт байхдаа л бусдаасаа илүү од байсан, ганцаарчилсан уран бүтээлээ эхлээд ч тэнгэрт тулсан амжилт үзүүлсэн эрхэм. Rolling Stone сэтгүүл түүнийг “Поп хөгжмийн шинэ хаан” гэж нэрлээд Майкл Жексоны фенүүдийн дургүйг хүргэж байлаа.

Анхны дуу Sign of the Times нь 2017 оны шилдэг дуугаар шалгарч, Billboard сэтгүүлийн чансааны эхний тавд бичигдэж байв. Тэр жилээ Стайлс найруулагч Кристофер Ноланы кинонд тогложээ. Шинжээч нарын талархлыг хүлээсэн тул дахин хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. 2020-иод онд As It Was, Watermelon Sugar, Adore You зэрэг дуу нь түүнд хоёр Грэмми, дөрвөн Brit Awards шагнал авчирсан юм.

Стайлс сүүлийн жилүүдэд хамгийн ганган эрчүүдийн жагсаалтад байнга орж байгаа. Алессандро Микелетэй хамт Gucci-д шинэ загвар гаргаж, Adidas түүнд зориулан, шинэ загвараа нэрлэж байлаа. Хөрөнгө нь ч жил ирэх тусам нэмэгдсээр одоо 175 сая паунд болоод байна. Тэр Английн 40-өөс доош насны хамгийн баян уран бүтээлчийн жагсаалтад Эд Шираны дараа хоёрт бичигдэж байна.

Хайр дурлалын салбар дахь жагсаалт нь ч хамтлаг дотроо хамгийн өргөн нь. Тейлор Свифт, Кендалл Женнер, Сарой Сампайо, Камилль Роу гээд л цаашаа үргэлжилнэ. Хувь заяаг нь шийдсэн X Factor шоуны шүүгч Николь Шерзингертэй ч болзож байжээ. Хамгийн сүүлийн шуугиан гэвэл Оливия Уайлд. Оливия хоёр хүүхдийнхээ эцэг Жейсон Судейкисийг хаяад түүн дээр очиж байв. Гэвч хоёр жилийн дараа Стайлс түүнээс салсан. Дараа нь Эмили Ратаковски, жүжигчин Тейлор Расселл гээд бичиж болно.

Найл Хоран

One Direction тарсны дараа удалгүй Хоран дуу бичиж эхэлсэн. Сүртэй хит болоогүй ч Их Британи, АНУ-ын чартад амжилттай. Нийт гурван цомог гаргаж, гольфчдын менежментийн компани байгуулан, The Voice шоуны багш нарын нэгээр сонгогдсон.

Дэлхий тойрон аялан тоглолт хийж, Лос-Анжелес, Лондон хотуудад амьдардаг. Том шуугианд орж байгаагүй.  Хувийн амьдралын тухайд One Direction-д байхад нь Селена Гоместой холбодог байсан. Нэг хэсэг жүжигчин Хейли Стейнфилдтэй болзсон гээд л боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.