UBLife Logo
Спорт

“Хүүхдүүд тоглоомын талбайд Хааландын гоолыг туршиж үзнэ гэдэгт итгэлтэй байна”

“Хүүхдүүд тоглоомын талбайд Хааландын гоолыг туршиж үзнэ гэдэгт итгэлтэй байна”

Хөлбөмбөгийн түүхнээ хүүхдүүд дараагийн өдөр нь сургуулийнхаа тоглоомын талбайд туршиж үзэхээр шийдэж, оролдсон гоол цөөнгүй. Лхагва гарагт “Спарта Праг”-ийн эсрэг Эрлинг Хааландын оруулсан гоол тэдгээрийн нэг байж магадгүй.

Аваргуудын лигийн 3-р тойрогт явагдсан “Манчестер Сити” болон “Спарта Праг” багуудын тоглолт 5:0 харьцаатайгаар Английн үнэмлэхүй аваргуудын хожлоор өндөрлөв.

Эрлинг Хааланд дубль толилуулсан бол Фил Фоден, Жон Стоунс, Матеус Нунес нар тус бүр нэг гоолыг бүртгүүлсэн юм.

Савиньогийн хөндлөн дамжуулалт бага зэрэг өндөр, хүрэхэд эвгүй байдлаар ирсэн ч Хааланд хамгаалагчдын дундуур дүүлж цохисон гоолоороо дэлхий нийтийг гайхшируулаад амжлаа.

Английн шигшээ баг болон “Тоттенхэм” клубийн дасгалжуулагч асан Гленн Ходдл хэлэхдээ "Тэр бөмбөг рүү огтхон ч харсангүй шүү дээ. Хааландын оруулсан гоолыг юу гэж нэрийдэхээ ч мэдэхгүй юм. Үнэхээр гайхалтай гоол байсан нь гарцаагүй. Дэлхий даяарх тоглоомын талбайд хүүхдүүд үүнийг туршиж үзнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тоглолтын дараа Фоден TNT Sports-д өгсөн ярилцлагадаа "Би дөнгөж сая түүнд хэллээ л дээ "Хэрвээ би түүнийхтэй адилхан гоол оруулахаар зүтгэвэл цавьны маань шөрмөс татаж л дуусна байх даа!" гэж. Үнэндээ түүнийх шиг гоол хэрхэн оруулахыг би мэдэхгүй. Хааландад өөр хэнд ч байхгүй гялалзсан авьяас байгааг л харуулж байна” гэжээ.

Түүний цохилт хоёр жилийн өмнө Аваргуудын лигийн тэмцээнд “Боруссиа Дортмунд”-ын хаалганд оруулсан гоолыг нь санагдуулж байна.

“Үнэхээр гайхалтай гоол биш гэж үү? Би лав түүний цохилтыг хараад дуугаа хураахад хүрлээ. Хааландыг хоёр жилийн өмнө “Дортмунд”-ын эсрэг гоолдохыг нь зурагтаар харж байсан юм. Харин энэ удаад хажуугаас нь бодитоор харах үнэхээр гайхалтай байлаа” хэмээн Матеус Нунес ярив.

Тэгвэл “Манчестер Сити”-гийн хамгаалагч асан Жолеон Лескотт TNT Sports сувагт ярихдаа "Хааландын хувьд, өвөрмөц төгсгөлийг бидэнд харууллаа. Энэ бол олон довтлогчийн оролдох, бүр гүйцэлдүүлэх төгсгөл биш гэдэг нь лавтай. Тиймээс түүний бие бялдарын өвөрмөц онцлогийг харуулсан хэрэг боллоо” гэжээ.

Харин “Манчестер Сити”-д хамгаалагчаар тоглож байсан, Английн шигшээ багийн ахлагч Стеф Хоутон "Тэр бол яг ийм байрлалаас гоол оруулж чадах энэ дэлхийн цорын ганц довтлогч" гэлээ.

Өмнөх хоёр тоглолтодоо гоол оруулж чадаагүй Хааланд энэ удаад дубль толилуулснаар Аваргуудын лиг дэх энэ улирлын ган гачигтаа цэг тавьсан юм.

Тэрбээр Аваргуудын лигийн 42 тоглолтод 44 гоол оруулсан амжилттай болж, эл тэмцээний бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад Неймараас нэгээр илүү гарч, Дидье Дрогбатай энэ зэрэгцэх боллоо.

Өдгөө ид гялалзах 24 насандаа яваа гэхээр ойрын жилүүдэд Аваргуудын лигт хичнээн гоол бүртгүүлэхийг нь таамаглахад ч хэцүү.

“Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиола түүний гоолыг үнэлэхдээ "Хааланд маш өндөр учир уян хатан хөшөө л гэсэн үг. Түүний гоол надад таалагдлаа. Хааланд чинь яг л гоол шигээ хошин шогийн мэдрэмжтэй залуу шүү дээ. Саяын гоол хэдэн жилийн өмнө “Дортмунд”-ын эсрэг оруулсантай нь тун төстэй. Итгэмээргүй" гэв.

Гуардиола тоглолт дуусахаас 10 минутын өмнө түүнийг сэлгээнд суулгаснаар хэттрик хийх боломжийг нь нураасан юм. Гэсэн ч тэрбээр Хааландыг бэртвэл нөөц төлөвлөгөө хангалттай байгаа гэлээ.

"Эрлинг байхгүй үед Жон Стоунз довтлогчоор тоглож болно шүү дээ" гэж Гуардиола хариулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.