Өдгөө 39 настай Рубен Аморим нутгийнхаа багуудыг зургаан жил удирдаад Английн “Манчестер Юнайтед” клуб рүү буурь сэлгэлээ.
Өнгөрсөн улирлын төгсгөлд “Ливерпүүл”-ээс явсан Юрген Клоппын төдийгүй “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиолагийн залгамжлагчаар тодроод амжсан тэрбээр Улаан чөтгөрүүдэд сэргэлт авчирч чадах уу гэдэг хүлээлт олны анхаарлын төвд байна.
Тэрбээр 2021 онд “Спортинг”-ийн 19 жил үргэлжилсэн хар цувралыг зогсоож, Португалийн Премьер лигт түрүүлгэсэн. Улмаар өнгөрсөн улиралд тус багийн хамтаар хоёр дахь удаагаа Португалийн аваргаар тодорч, өдгөө Английн Премьер лигт өөрийгөө сорихоор шийдсэн нь энэ.
“Бенфика” клуб болон Португалийн шигшээ багийн хуучин хагас хамгаалагч Аморим 2018 онд тоглогчийн хувьд зодог тайлсан.
Европын хөлбөмбөгийн мэргэжилтэн Гильем Балагу "Үнэнийг хэлэхэд түүний дасгалжуулагчийн замнал гуравдугаар дивизоны “Каса Пиа” багаас эхэлж, тэр даруйдаа бүтэлгүйтсэн гэхэд хилсдэхгүй. Тэрбээр эхний хоёр тоглолтодоо хожигдсон төдийгүй энэ сацуу түүнд бардамнал, эргэлзээ төрсөн үү яасан юутай ч хэрэв гурав дахь тоглолтодоо хожигдвол дасгалжуулагчийн ажлыг өчиггүй орхино гэж мэдэгдсэн юм. Ингээд дараагийн тоглолтод тэрээр тоглолтын арга барилаа эрс өөрчилж, ардаа гурван хамгаалагчтай хувилбарыг ашигласан. Түүний сонгосон хувилбар амжилттай ажиллаж, тэрбээр тус клубийг удирдсан бусад тоглолтодоо ер хожигдоогүй юм. Түүнээс хойш ч гэсэн “Брага”, “Спортинг” багуудад энэ хувилбараар тоглохоосоо хэзээ ч залхаагүй”.
Тэрбээр Моуриньогийн шавь нарын нэг. “Манчестер Юнайтед”-ийн хуучин дасгалжуулагчтай өдгөө ч дотно харилцаатай хэвээр бөгөөд тоглолтын арга барилын хувьд ч Онцгой нэгнийхтэй ихээхэн төстэй гэгддэг.
Аморимын дасгалжуулалтын арга барил Премьер лигийн хэд хэдэн тоглогчдод танил санагдах нь гарцаагүй. Учир нь “Юнайтед”-ын Мануэль Угарте, “Манчестер Сити”-гийн Матеус Нунес, “Тоттенхэм”-ийн Педро Порро, “Байерн Мюнхен”-ий Жоао Палхинха нар түүний удирдлагад тоглож, 2020-21 оны улиралд Португалийн аваргаар тодорсон.
Аморим ихэнх тохиолдолд 3-4-3 хувилбарыг сонгодог.
Португалийн хөлбөмбөгийн сэтгүүлч Маркус Алвес "Талбайд тэр үргэлж л амжилтын төлөө зүтгэдэг. Шилжилт хөдөлгөөнд багийнх нь шилдэг тоглогчид алдагддаг байсан ч энэ нь түүний хувьд асуудал биш. Аморимын эрин үед клубээс илүү чухал, орлуулшгүй тоглогч гэж байдаггүй. “Манчестер Юнайтед”-ийг сэргээнэ гэдэг одоогоор боломжгүй мэт санагдаж магадгүй л юм. Гэлээ ч 2020 оны 3-р сарын 5-нд Аморимыг ахлах дасгалжуулагчаар танилцуулах үед “Спортинг” ч бас ийм л нөхцөл байдалтайгаар түүнийг хүлээж авсан. Аморим бол тэсвэрлэхэд бэрх бөгөөд үг хэллэгээрээ түлхүү ажилладаг тул Криштиано Роналду түүнийг шигшээ багийнхаа "яруу найрагч" гэж дууддаг байсан юм. Хамгийн чухал нь 39 настай тэрээр ур чадвар дутмаг байдлыг үнэхээр тэвчдэггүй. Энэ эрхэм уналтад байсан багийг нэгэнтээ сэргээж чадсан. Хэрвээ хүсвэл тэр хоёр дахь удаагаа үүнийг хийхээс буцахгүй” гэлээ.
Балагу нэмж хэлэхдээ "Тэрбээр Моуриньогийн удирдлага дор дасгалжуулагчийн дадлага хийхдээ түүнийг бараадан Манчестерт долоо хоног ажилласан. Энэ бол 2017 оны явдал. Бодоод үз дээ, тэр Моуриньог Европа лигийн финалд “Аякс”-ыг хэрхэн хожихийг нь харж, түүнээс суралцаж байлаа. Бас түүний өгөөмөр сэтгэлийг мартах учиргүй. Аморим “Каса Пиа” багт хамтран ажиллаж байсан зарим хөлбөмбөгчдөдөө өдгөө ч тусалсаар, орон сууцных нь төлбөрт дэмнэсээр л байна. Тэр яагаад “Спортинг”-ийг орхиход хүрэв ээ гэж та гайхаж магад. Товчхондоо, Португалын лигт ажиллах нь түүний хувьд хэтэрхий жижигхэн ажил байсан. Өдгөө бол томоохон өрсөлдөөнд өөрийгөө сориход бэлтгэгдсэн нэгэн гэсэн мэдрэмж хүчтэй лугшиж байна, түүнд. Аморим зүйрлэвэл хөвөн шиг ажилладаг. Бэлтгэл, уулзалтын дараа тэрээр өөрийнхөө ажлын өрөөнд бүгж, хэдэн цагаар ч хамаагүй тоглолтуудын бичлэг үзэж, хөлбөмбөг болон дасгалжуулагчдийн тухай уншиж, шинийг сурч, сонсож болох хүмүүстэй уулзалт зохион байгуулах дуртай. Тэр англиар маш сайн ярьдаг. Аморимын сүүлийн үед уншсан материалд Гуардиола, Маурисио Почеттино, Жозе Моуриньогийн тухай номууд багтсан” гэв.