Өнгөрсөн амралтын өдрүүдээр Английн Премьер лигийн 10-р тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойрогт “Тоттенхэм” клуб талбайдаа “Астон Вилла”-тай тоглосон юм.
Тоглолтын 32 дахь минутад Морган Рожерс гоолдсоноор “Астон Вилла” тэргүүллийг өөрсдийн талд эргүүлсэн. Харин хоёрдугаар хагас эхлээд удалгүй Сон Хён Миний дамжуулалтаар Бреннан Жонсон гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлэв.
Соны энэ гоолын дамжуулалт нь 10-р сарын 27-нд “Кристал Палас”-тай, 10-р сарын 30-нд “Манчестер Сити”-тэй хийсэн тоглолтуудыг өнжсөн түүний бэртлээ эдгээснээс хойших анхны нөлөө байлаа.
Харин тоглолтын 1:1 харьцаатай үргэлжилж байх үед Сон Хён Минийг сэлгээнд суулгасанд тэрбээр гайхаж, бухимдахад хүрсэн.
Түүний тухайд дасгалжуулагч Анже Постекоглоу хэлэхдээ “Сон бэртлээ эдгээгээд удаагүй байгаа учраас өнөөдрийн хувьд 55-аас илүү минут тогловол ядрах нь тодорхой. Тоглолт хэрхэн өрнөж байгаагаас үл хамааран 55 эсвэл 60 минутад түүнийг сэлгээний сандал руу шилжүүлнэ гэж би аль эрт төлөвлөчихсөн байлаа. Ахлагч маань бидэнд эхний гоолын дамжуулалтыг өгч, тов тодорхой нөлөөллөө тунхагласан. Биднийг үүнээс ч олон чухал тоглолт хүлээж байна, Сон тэдгээрт хэрэгтэй тоглогч байх нь гарцаагүй” гэв.
Сон 9-р сарын 26-нд Европа лигт “Карабаг ФК”-тэй хийсэн тоглолтын үеэр хөлөө бэртээсэн юм.
Түүнчлэн энэхүү гэнэтийн шийдвэр Соныг гайхаж, балмагдахад хүргэсэн нэг шалтгаан нь түүний өөртөө хатуу шаардлага тавьж, багтаа аль болох нөлөөлөл үзүүлэхийг хичээдэгтэй холбоотой байж магад.
Сон наймдугаар сард BBC Sport-д ярилцлага өгөх үеэрээ "Та одоогийн клубтээ ямар өв үлдээмээр байна вэ?" гэсэн асуултад тун сонирхолтой хариултыг өгсөн байдаг.
Тэрбээр хариултадаа "Арван жилийн туршид ганцхан багийн төлөө тууштай тоглосон нь маш сайн хүчин чармайлтын маань нотолгоо гэж боддог. Би одоо ч өөрийгөө “Тоттенхэм”-ийн домог гэж боддоггүй хэвээрээ. Эхлээд ямар нэгэн цом өргөмөөр байна, түүний дараагаас бол домог гэж дуудуулахдаа баяртай байх нь гарцаагүй. Би цом өргөх гэж л “Тоттенхэм”-тэй нэгдсэн, бид өнөө жил онцгой улирлыг өнгөрүүлнэ гэж найдаж байна. Би чадах чинээгээрээ л багтаа туслахыг хүсдэг, гэхдээ өөрийнхөө хичээл зүтгэлд хэзээ ч сэтгэл ханаж байгаагүй. Хувь тоглогчийн хувиар болон багийнхаа хамтаар аль болох өндөр амжилтад хүрэхийг хүсч байна. Премьер лигийн багт ахлагч байх нь хариуцлагатай байдлыг онцгой түвшинд шаарддаг. Би одоо ч суралцсаар л байна. Хэдийгээр би багийнхаа хамгийн хатуу ширүүн тоглогч нь биш ч гэлээ хэрэв чанга дуугарах шаардлагатай болбол ямар ч эргэлзээгүйгээр үүнийг хийх болно. Гэхдээ зүгээр л сайн зан чанараараа эерэг үлгэр дууриаллыг харуулах нь л надад таалагддаг. Талбайн гадна байлаа ч би хийж буй зүйлээ үргэлж хамгийн сайн түвшинд гүйцэтгэхийг хичээдэг” гэсэн.
Харин “Астон Вилла”-тай хийсэн тоглолтын 75, 79 дэх минутад Доминик Соланке дубль толилуулж, 96 дахь минутад Жеймс Мэддисон чөлөөт цохилтоос гоолдсоноор “Тоттенхэм” клуб Премьер лигийн тав дахь хожлоо тунхаглалаа.
Тэд 10 тойргийн дараах байдлаар 16 оноог цуглуулснаар Премьер лигийн 7-р байрт эрэмблэгдэж байна.
“Тоттенхэм” клуб пүрэв гарагт Европа лигт “Галатасарай”-тай, 11-р сарын 10-нд Премьер лигт “Ипсвич Таун” багтай тоглох юм.
Улмаар шигшээ багуудын цугларалт эхлэх бөгөөд Сон ахлагчтай Өмнөд Солонгосын шигшээ 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатнаа 11-р сарын 14-нд Кувейттэй, 19-нд Палестинтай тоглоно.