Аравдугаар сарын 16-наас арваннэгдүгээр сарын 3-ний өдрүүдээр 17 хүртэлх насны эмэгтэй хөлбөмбөгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Доминикан улсад явагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээний хошой аварга Хойд Солонгосын шигшээ хэсгийн шатнаа Мексикийн багийг 4:1-ээр, Кенийн шигшээг 3:0-ээр, Английн шигшээг 4:0-ээр хожсон. Улмаар шигшээ наймд Польшийн багийг, хагас шигшээд Америкийн шигшээг тус бүр 1:0-ээр буулган авч 17 хүртэлх насныхны ДАШТ-д дөрөв дэхээ финалдав.
Сар гаруйхны өмнө Хойд Солонгосын 20 хүртэлх насныхны баг ДАШТ-д түрүүлсэн бол энэхүү амжилтын буухиаг тус улсын 17 хүртэлх насныхны баг үргэлжлүүллээ.
Тэд аваргын төлөө сүүлийн хоёр ДАШТ-д дараалан түрүүлээд буй Испанийн шигшээ багтай тоглож, торгуулийн цохилтоор буулгаж авав.
Испаничууд хэсэгтээ Америкийн багийг 3:1-ээр, Өмнөд Солонгосын шигшээг 5:0-ээр, Колумбын багийг 2:1-ээр хожсон юм. Үргэлжлүүлэн шигшээ наймд Эквадорын багийг 5:0-ээр, хагас шигшээд Английн багийг 3:0-ээр буулган авч энэхүү тэмцээнд гурав дараалан финалдсан нь энэ.
Хойд Солонгосын хөлбөмбөгчид 17 хүртэлх насныхны ДАШТ-д гурвантаа түрүүлсэн анхны баг боллоо.
Хойд Солонгосын хөлбөмбөгчин Жон Ил Чонг ДАШТ-ий шилдэг тоглогчоор тодорч “Алтан бөмбөг” шагналыг гардав. Харин энэхүү тэмцээний мэргэн буучаар Испанийн Пау Комендадор шалгарлаа.
Сонирхолтой нь, Хойд Солонгосын шигшээ энэхүү тэмцээний нээлтийн тоглолт болон финалд хоёрхон гоолыг хаалгандаа алдсан юм.