“Реал Мадрид” клубийн довтлогч Килиан Мбаппе энэ сард Үндэстнүүдийн лигийн тэмцээнд Израиль, Италитай тоглох шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаагүй гэж Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешам мэдэгдлээ.
Мбаппе зуны шилжилт хөдөлгөөний цонхоор нутгийнхаа “Парис Сент-Жермен” багаас Испанийн аварга “Реал Мадрид” руу үнэ төлбөргүй буурь сэлгэсэн. Гэвч төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд хуучин формдоо орж чадахгүй, тааруу үзүүлэлттэй тоглож байна.
Хэдийгээр “Реал”-ын төлөө 15 тоглолтод оролцохдоо 8 гоол оруулаад байгаа ч, харин сүүлийн 5 тоглолтодоо ердөө ганцхан гоол оруулсан.
Өнгөрсөн улиралд Аваргуудын лиг болон Ла лигт хоёуланд нь түрүүлсэн “Реал Мадрид” клуб өнгөрсөн сард мөнхийн өрсөлдөгч “Барселона”-д талбайдаа 4:0-ээр хожигдсоноор Ла лигийн тэргүүлэгчдээс есөн оноогоор хоцорч байна.
Түүнчлэн мягмар гарагт “Милан”-д 3:1-ээр хожигдсоноор Аваргуудын лигийн 18-р байр руу ухарсан.
Дешам хэвлэлийн хурал дээр хэлэхдээ “Би Мбаппетэй сайтар ярилцсан. Түүнийг шигшээ багт дуудаагүй нь зөвхөн хэсгийн тоглолтод л чухалчилсан шийдвэр юм. Мбаппегийн хувьд, шигшээ багтаа тоглоход хэзээд бэлэн гэдгээ мэдэгдсэн” гэв.
2018 оны дэлхийн аварга Килиан Мбаппе Францын шигшээ багийн төлөө 86 тоглолтод оролцож 48 гоол оруулаад байна. Тэрбээр өдгөө Францын шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын гуравдугаарт эрэмблэгдэж байгаа юм.