Америкийн Лас Вегас хотноо арваннэгдүгээр сарын 4-7-ний өдрүүдээр жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд 69 орны 1223 тамирчин зодоглосон юм. Тэмцээний гурав дахь өдөр 45-49 насныхны ангиллаарх -66 кг-ын жинд хүч сорьсон ахмадын ДАШТ-ий хүрэл медальт Сономдагвын Чинзориг Бразилийн Хосе Жуньор, Канадын Майкл, Францын Ндангэ Бобозо, Янн Каларну нарыг давж, нэвтхэн түрүүллээ.
Түүнчлэн 45-49 насныхны ангиллаарх +100 кг-ын жинд зодоглосон Будын Чинзориг ахмадын ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Америкийн Негрон Гектор, Аргентиний Леонардо Смарт, Канадын Жое Марчанд нарыг ялж финалдсан ч, Америкийн Габриэль Ногуейрад ялагдаж ахмадын ДАШТ-ээс мөнгөн медаль зүүв.
Б.Чинзоригтой нэг жинд хүч сорьсон өнгөрсөн жилийн ДАШТ-ий үзүүр бөх Одсүрэнгийн Баярхүү Америкийн Петар Элез, Бразилийн Эдсон Де Оливейра нарыг ялж хэсгээ тэргүүлсэн ч, хагас шигшээд энэ наадмын түрүү бөх Ногуейрад унасан. Гэвч ахмадын ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Негрон Гекторыг давснаар ахмадын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.
Харин 50-54 насныхны ангиллаарх +100 кг-ын жинд барилдсан Цэнд-Аюушийн Очирбат Америкийн Вольфганг Вайлер, Шинэ Зеландын Барри Клоу нарыг ялж финалдсан ч, ахмадын ДАШТ-ий долоон удаагийн аварга Гүржийн Алексси Давиташвилид унаж мөнгөн медаль зүүсэн юм.