UBLife Logo
Спорт

Цанатай “АНЧИД” шинэ улиралд

Цанатай “АНЧИД” шинэ улиралд

Өвлийн спортын хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй, үзүүштэй төрлүүдийн нэг биатлоны шинэ улирал эхлэхэд гуравхан долоо хоног үлдээд байна. BMW IBU World Cup 2024/25 буюу 43 дахь удаагийн биатлоны Дэлхийн цомын төлөөх цуврал тэмцээний нээлтээс өмнө шинэ улирлын онцлох өөрчлөлт болон анхаарлын төвд орох тамирчдын талаарх товч мэдээлэл хүргэе:

ЛЕНЦЕРХАЙДЕ АНХ УДААГАА ДАШТ ХҮЛЭЭН АВНА

Цана хөлөглөсөн “анчид” 2024-25 оны улиралд ес + ДАШТ нийт арван шатанд өрсөлдөнө. Гараагаа 11-р сарын 30-нд Финляндын өвлийн спортын цогцолбор Контиолахти-д, харин хаалтаа Скандинавын өөр нэгэн улс Норвегийн нийслэл Осло-гийн дэргэдэх Хольменколлен ууланд хийхээр товлогдоод байна. Эдгээрээс гадна Австри, Франц, Герман (2 шат), Итали, Чех болон Словени зэрэг зөвхөн Европын орнуудад “Болор цом”-ын төлөөх өрсөлдөөн өрнөнө. Бас нэг онцлог бол Шведийн Эстерзүнд хорин жилийн дараа биатлоны цуврал тэмцээнийг хүлээн авахаас татгалзсан явдал.

Ирэх улирлын оргил болох ДАШТ түүхэндээ анх удаа Ленцерхайде-д болно. Таван зуу гаруйхан хүнтэй Зүүн Швейцарийн жижигхэн тосгоны ердөө ганц удаа биатлоны Дэлхийн цомыг хүлээн авсан түүхтэй.

ДҮҮ БЁ АГУУ БЬОРНДАЛЕНИЙ АМЖИЛТЫН АРААС

Өнгөрсөн жил Ленцерхайде-гийн Роланд-Арена-д гурван уралдаан болсны хоёрт нь Йоханнес Тингнес Бё түрүүлсэн. Сүүлийн зургаан улирлын тавд нь том “Болор цом”-ыг хүртсэн Норвегийн супер од энэ жил дэлхийн цом авбал домогт нутаг нэгтэн Оле-Эйнар Бьорндален-тай эн тэнцэнэ. Гэхдээ энэ зорилгодоо хүрэхийн тулд дүү Бё ах Тарьей ба Йоханнес Дале-Скьевдал, Штурла Хольм Лэгрейд зэрэг нутаг нэгтнүүдээ, мөн Францын Эмильен Жаклен, Эрик Перро, Италийн залуу од Томмазо Жакомель болон Шведийн Себастьян Самуэльссон, Мартин Понсилуома нарыг ардаа орхих ёстой. Нэмэлт мэдээлэл хүргэхэд: агуу Бьорндален, Й.Т.Бё хоёрын дээр дэлхийн цомын долоон түрүүтэй “аугаа” Мартен Фуркад “залардаг” юм. Францын алдарт биатлонч 31 насандаа их спортоо орхисон бол өнгөрсөн таван сард энэ насанд хүрсэн дүү Бё зодог тайлахынхаа өмнө түүхэнд нэрээ мөнхлөх хэд хэдэн мөрөөдлөө биелүүлэхийг зорьж байна. Тэдгээрийн нэг бол ирэх хоёрдугаар сард Ленцерхайде-д алт хүртэж, ДАШТ-д хорин удаа түрүүлсэн үзүүлэлттэй Бьорндалений дээр гарах юм. Цаашлаад дүү Бё-д  алдарт нутаг нутаг нэгтнийхээ дэлхийн цомын цувралд 136 удаа түрүүлсэн амжилтыг эвдэх боломж бий. Одоогоор түүний цуглуулгад ганцаарчилсан төрлийн 85, багийн 42, дэлхийн цомын нийт 127 ялалт байна.

Л.ВИТОЦЦИ, Ж.СИМОН НАР ДОМГУУДЫН ЭГНЭЭНД НЭГДЭХ ҮҮ?

Биатлоны дэлхийн цомын өнгөрсөн улирлын эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд Лиза Витоцци эцсийн мөчид Лү Жанмонно (Франц), Ингрид Ландмарк Тандревольд (Норвеги) нарыг ардаа орхин ялалт байгуулсан. 29 настай Итали бүсгүйн ирэх улирлын гол өрсөлдөгчдөөр дээрх хоёроос гадна Францын Жюстин Бреза-Буше, Ж.Симон болон Швед, Германы тамирчид нэрлэгдэж байна. Л.Витоцци аварга цолоо хамгаалж чадвал том “Болор цом”-ыг хоёр удаа хүртсэн Эва Карпела (Швед), Анфиса Резцова (ОХУ), Тора Бергер (Норвеги) болон нутаг нэгт Доротеа Вирер-тэй эн зэрэгцэнэ. Тэдний дээр гурван цомтой Финляндын Каиса Мякярайнен, Германы Магдалена Нойнер гэсэн хоёр домог эрэмбэлэгддэг бол жагсаалтыг мянганы заагаар зургаа!!! дараалан түрүүлсэн агуу Магдалена Форсберг (Швед) хол тасархай тэргүүлдэг аж.

Otgonbaatar Oidii

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.