UBLife Logo
Хөгжим

2024 оны онцлох ЦОМГУУД

2024 оны онцлох ЦОМГУУД

Өнгөрөгч жилийн хамгийн шуугиантай, олны чихийг мялааж, ярианы гол бай болсон цомгуудыг онцлон хүргэж байна.


Poeji - Nant

Дуучин Enji буюу Э.Энхжаргалын герман бөмбөрчин Саймон Попптой хамтран гаргасан “Nant” цомгийг “The Guardian” олон улсын шилдэг 10 цомгийн нэгээр нэрлэсэн. Тэд уг цомгийг дуулалтын мастеркласс гэж тодорхойлсон нь үнэхээр оножээ. Дан хоолой, бөмбөр хоёроор ямар эрэл хайгуул хийж болдгийг, юунд ч баригдалгүй бүтээн туурвина гэж юу болохыг энэ цомгоос харж болох мэт. “Poeji” хамтрал “Nant” цомгоо гурав хоногт бичжээ.

Энжигийн өнгөрсөн жилийн “Улаан” цомог ч мөн олон улсын томоохон хэвлэлүүдийн шилдэг цомгийн жагсаалтад багтаж байв. Өмнөх гурван цомог нь жазз хөгжмийн төрөлд хамаарч байсан бол энэхүү цомог нь экспериментал, электроник цомог юм.

Charli XCX - BRAT

Лайм ногоон өнгө моодонд орж, “Collins” толь бичиг “brat” гэдэг үгийг оны үгээр өргөмжлөн “өөртөө итгэлтэй, бие даасан, гедонист хэв маяг” хэмээн тодорхойлж, сошиал медиа өнгөрсөн зуныг тэр чигт нь “brat summer” хэмээн нэрийдсэн. Энэ бүхэн Charli XCX-ийн “BRAT” цомгоос эхтэй. Шүүмжлэгчид цомгийг “hyperpop” гэж тодорхойлсон. Хэтэрхий санагдуулсандаа биш, харин чинхүү “мега” цомог болсон учраас тийн нэрийдсэн юм. Цомгоо цацсаныхаа дараа Charli XCX Lorde, Ариана Гранде, Билли Айлиш нарын дуучидтай хамтран ремиксүүдийг нь гаргаж эхэлсэн. Эргээд харахнаа гагц өнгөрсөн зун ч биш 2024 тэр чигтээ BRAT жил байжээ.

Doechii - “Alligator Bites Never Heal”

Энэ жилийн онцлох рэппер гарцаагүй Доэчии байлаа. Ямар хөгжимлөг, сэтгэл татам хоолой, ямар итгэлтэй өгүүлэмж, ямар чамбай мэдрэмж вэ. Цомгийг нь сонсоод дуусахад амьдралын хар барааны тухай, худал хуурмагийн тухай ярилцаад дууссан мэт, цээжин дотор нэг юм тавигдаад ирэх шиг болсон. Кэндрик Ламарын рэп, яруу найраг, Эрика Бадугийн неосоул, сүмийн хөгжим (gospel), торгон егөө, харуусал, догь хэмнэл өөр бас бус зөндөө нандин найрлага энэ цомогт бүрджээ. Гэхдээ цөмд нь хэнд ч өөрийгөө батлах шаардлагагүй, жинхэнэ найрагч Доэчии зоримог ширтэн зогсоо. Бүтнээр нь сонсох завгүй байгаа бол яг одоо “Profit”-ийг нь сонс.

… They don’t make statures of critics, they don’t make statues of fans

I’m not no poli-ma-tician, I can’t be shakin’ them hands…

Tyla - “Tyla”

“Make me sweat” гэх Тайлагийн хоолой, эвлэгхэн бүжиглэх төрх нь жилийн турш сошиал медиаг дүүргэв. Тэр хаа сайгүй яваад байгаа нь учиртай. Тайла дебют цомгийнхоо талаар“Би Африкийн поп хөгжмийг алдарт хүргэхийг насаараа мөрөөдсөн. Би шинэлэг, шинэ мөртлөө гэрийг минь санагдуулсан, танил дотно дуугаралтыг бүтээж чадсан. Энэ бол африк хөгжим” гэж ярьсан нь бий. Түүний ачаар Өмнөд Африкийн амапианог дэлхий даяар мэддэг боллоо.

Arooj Aftab - “Night Reign”

Аруж Афтабын “Night Reign”-ийг сонсохоор гоо сайхан, гуниг, бодрол гэх үгс ар араасаа хөвөрнө. Найраглаг урдү хэл, гүн хоолой, контрабассын содон хоршил, үгээ хоцроонгуй хуваарилан аядуухан дуулах түүний цомог сэтгэл рүү гулгаад л орох юм. Тэрээр “Nigth Reign” дээр хэв маягаа бүр ч бататгажээ. Ард нь яваа хөгжим бүр дуучныхаа хоолойноос дутуугүй “гол дүр” мэт санагдах нь бас нэг том онцлог. Төгөлдөр хуурын зөөлөн өнгө, контрабассын бараан өнгө, ятганы шимшрэм өнгө. Бурхан болсон дүүдээ зориулан бичсэн 2021 оны “Vulture Prince” цомог үнэхээр мартагдашгүй байж билээ. Энэ бүр ч онцгой цомог.

Билли Айлиш - “Hit Me Hard and Soft”

“Ocean Eyes” дуу олон улсын радиогоор эгшиглэх болсноос хойш буюу Билли Айлиш “гарч ирснээс” хойш долоохон жил өнгөрсөн гэхэд итгэмээргүй санагдана. Ийм учраас л хүмүүс түүнийг “хамгийн хөгшин залуу дуучин” гэдэг биз. Ерөөс хичээгээгүй мэт санагдах мөртлөө үг бүрийг нь анхааран сонсмоор. Инстаграм хуудсынхаа 100 гаруй сая дагагчийг “Close friends”-дээ оруулаад амжсан Биллигийн хоолойд дотно мэдрэмж төрүүлдэг шид байдаг. Энэ цомог зарим талаар анхны “When We All Fall Asleep, Where Do We Go?” цомгийнх нь хоёрдугаар бүлэг гэгдэхээр, хангалттай шинэлэг биш гэгдэхээр байж болох ч магад Биллиг (мөн мэдээж Финнеасыг) хамгийн тод илэрхийлэх цомог.

Tyler, the Creator – Chromakopia

“Chromakopia” араасаа олон асуулт дагуулна. Сая юу гэчхэв, юу болоод өнгөрчхөв гэж гайхахад хүргэнэ. Хүсэл тэмүүллийн тухай, хариуцлагын тухай, хайрын тухай, аавынхаа тухай хүүрнэнэ, өөрийгөө ч “дисс”-лээд амжина. Tyler, the Creator-ын дуунууд хэзээ ч нэг хэмжээст санагддаггүй, бас хэнд ч эргэлзэх чөлөө өгөхгүй. Ийм бүтээгчийг хэн үгүйсгэх юм бэ?

mxrningstar - hun

“2024 онд Монголын хөгжмийн тэнгэрт хэн хамгаас тод гэрэлтсэн бэ” гэж асуувал олон хүн “mxrningstar” гэж хариулах байх. Энэ цомгийн талаар “ub.life” сайтад бичсэнчлэн “Цомгийг бүхэлд нь нислэг хэмээн тодорхойлж болох мэт. Нислэг бол чөлөөлөгдөх үйл явц. Өөрөөсөө, өнгөрснөөс, хорьж цагдах эдүгээх бодит байдлаас… Нислэг бүр амжилтад хүрэхгүй, заримдаа унана, эргээд босно, ахиад оролдоно… Гэхдээ нисэх, чөлөөлөгдөх гэсэн хүсэл эрмэлзэл зогсохгүй”. Mxrningstar нэр дор нэгдсэн залуусаас, хамтлагийн ахлагч Б.Аззаяагийн хүчирхэг оюунаас урган гарах дараагийн уран бүтээл ямар байх бол гэхээс догдолж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.139.142
+“The Tortured Poets Department”