UBLife Logo
Спорт

Сэр Жим Рэтклифф: “Манчестер Юнайтед” клуб 2028 онд найдвартай цом өргөнө

Сэр Жим Рэтклифф: “Манчестер Юнайтед” клуб 2028 онд найдвартай цом өргөнө

Английн “Манчестер Юнайтед” клубийн хувьцааг хамтран эзэмшигч Сэр Жим Рэтклифф багийнхаа одоогийн нөхцөл байдал төдийгүй хэтийн төлвийг зурагласан дуулиантай ярилцлага өгчээ.

“Манчестер Юнайтед” клубийн үнэнч дэмжигч тэрбээр нефтийн “Ineos” компанийн ТУЗ-ийн дарга юм. Өдгөө 72 настай Рэтклифф өнгөрсөн жил Улаан чөтгөрүүдийн хувьцааны 28.94 хувийг эзэмшихийн тулд 1.3 тэрбум фунт стерлинг зарцуулсан билээ.

"Бид өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор Антони, Каземиро, Онана, Хойлунд, Санчо нарыг худалдаж авсан. Гэвч эдгээр тоглогчид бол бид бүхний хүсэл сонирхлоос хэтийдсэн, харин өмнөх үеийнхний үлдээсэн өв учир удахгүй тэдний асуудлыг шийдэх нь зайлшгүй. Шуудхан хэлэхэд, “Манчестер Юнайтед” клубийнхэн өнгөрсөн хугацаан дахь муу туршлагаасаа салж, агаар сэлгэхэд цаг хугацаа хэрэгтэй байна. Үнэндээ одоогийн бүрэлдэхүүнд байгаа тоглогчдын зарим нь хангалттай сайн биш, зарим нь хэт өндөр цалинтай. Гэхдээ бас үүн дотор онцгой тоглогчид байгааг дурдах нь зүй. Тэдний нэг нь бидний ахлагч. Бруно бидэнд гарцаагүй хэрэгтэй тоглогч, тэр бол маргаангүй шилдэг хөлбөмбөгчин.

Хэрвээ та бүхэн Рубен Аморимын ашиглаж байгаа бүрэлдэхүүнийг тулхтай харвал тэр одоогийн нөхцөл байдалд үнэхээр сайн ажиллаж байна. Түүнийг би сайн дасгалжуулагч гэж боддог юм, тиймээс Аморим Манчестер хотод удаан хугацааны туршид ажиллах болно.

Түүний юу чадахыг харах мөч одоо л эхэлж байна. Үүний эхнийх нь “Арсенал”-тай хийсэн саяны тоглолт боллоо. Аморим төгс биш байж магад, гэсэн ч би түүнийг дэмжсээр байхаа амлаж байна. Тэр хожихын төлөө бүхнээ дайчилдаг зүтгэлтэй хүмүүсээр хувцас солих өрөөгөө дүүргэхийг хүсдэг. Хэрэв өөрсдийн нөөц бололцоог бүрэн шавхаж тоглохгүй бол ямар ч нэр алдартай тоглогч байлаа гээд түүний үйлдлийг тэвчих хүн лав Аморим биш. Рашфорд маань “Вилла”-д сайн тоглохыг харахдаа би маш их баяртай байна. Тэр угийн чадварлаг хөлбөмбөгчин шүү дээ. Харин ямар шалтгаанаар сүүлийн хоёр улирлын турш Манчестерт авьяас чадвараа зориулж ажиллаагүй вэ гэдгийг нь ойлгохгүй юм.

Бид санхүүгийн байдлаа сайжруулахын тулд тоглогч зарахгүй. Тиймээс тоглогчид маань гагц гүйцэтгэлээ хэрхэн сайжруулах вэ гэдэгт л анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Удахгүй бид дэлхийн хамгийн өндөр ашиг орлогтой клуб болно. Бид дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг барьж, мөн 2028 он гэхэд цом өргөнө” гэж Сэр Жим Рэтклифф ярьжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.