Аргентины домог, алдарт хөлбөмбөгч Диего Марадона 2020 оны 11 дүгээр сарын 25-нд 60 настайдаа гэртээ насан эцэс болсон билээ. Түүнээс цалин авч, арчилж, эмчилж байсан эмнэлгийн найман ажилтныг шүүх хурал яг одоо болж байна. Тэднийг ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, санамсаргүйгээр хүний амь насыг хохироосон хэрэгт ял тулгаад байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 25 хүртэлх жилийн хорих ял авах болно.

Марадона нас барахынхаа өмнө тархины мэс засалд орж, архи, хар тамхины донтолтын эмчилгээнд хамрагдаж байсан ажээ. Алдарт тамирчныг нас барсны дараа Прокурорын газраас мөрдлөгө явуулж, эмнэлгийн ажилтнуудын гэм буруугаас амиа алдсан гэж үзсэн. Хэрэв түүнийг эмнэлгийн газарт, зөв зүйтэй, ном ёсоор нь эмчилсэн бол амьд байх байсан гэдгийг тогтоосон юм.
Харин Диегогийн хувийн эмч Леопольдо Луке болон сэтгэл зүйч, сувилагч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүх хурал дээр Марадонагийн гэр бүл, өмнө нь олон жил эмчилж байсан эмч нар зэрэг нийт 100 гаруй гэрч мэдүүлэг өгнө.

Марадона мэс заслын дараа эмнэлгээс гарч, Буэнос-Айрес хотын нэгэн байшинг түрээслэн, эмчлүүлж байсан. Гэвч хагалгаанаас 14 хоногийн дараа зүрх нь зогсож нас барсан юм. Шөнийн жижүүр сувилагч өвчтөний биеийн байдал эвгүй болсныг анзаарсан ч “Марадонаг сэрээж болохгүй” гэсэн тушаал авсан байсан тул юу ч хийгээгүй. Харин эмч нар нь ямар ч ариун цэврийн шаардлага хангаагүй байшинд хэвтүүлснээс гадна байнга дэргэд нь байдаггүй байсан байна.
Шүүхээс “Марадонаг хувь заяанд нь даатган орхисон. Амьсгал хураан хураатлаа тэрээр маш их зовж, тарчилсан” гэж мэдэгджээ.