UBLife Logo
Спорт

36 настай Левандовски энэ улирлын Европын топ 5 лигт 40 гоолын босго давсан эхний тоглогч боллоо

36 настай Левандовски энэ улирлын Европын топ 5 лигт 40 гоолын босго давсан эхний тоглогч боллоо

Испанийн “Барселона” клубийнхэн энэ улирлыг гялалзсан амжилттайгаар үргэлжлүүлж байна.

Өдгөө тэд Ла лигийг дөрвөн онооны зөрүүгээр хошуучилж, Копа дел Рэйгийн финалд шалгарснаас гадна лхагва гарагт Европын Аваргуудын лигийн тэмцээний шигшээ наймд “Боруссиа Дортмунд”-ыг 4:0-ээр буулгаж авлаа. Хариу тоглолтодоо тэд дөрөв болон түүнээс олон гоолын зөрүүгээр хожигдохгүй л бол хагас шигшээд өрсөлдөнө гэсэн үг.

“Барселона” клуб дараалсан 23 тоглолтыг хожигдолгүй давав.

2022 онд “Лидс”-ээс 55 сая фунт стерлингийн үнээр Каталон руу буурь сэлгэсэн өдгөө 28 настай Рафиньа энэ тоглолтын нээлтийн гоолыг оруулсан.

Тэрбээр бүх тэмцээний хүрээнд 28 гоол оруулж, 20 гоолын дамжуулалтыг бүртгүүлээд байгаа нь замналынх нь нэг улирал дахь хамгийн шилдэг үзүүлэлт юм.

Түүний араас Левандовски хуучин багийнхаа эсрэг дубль толилуулав. 36 настай Левандовски энэ улирлын Европын топ 5 лигт 40 гоолын босго давсан эхний тоглогч боллоо. Лева “Барса”-гийн төлөө 140 тоглолтод оролцож 99 гоолыг оруулаад байна. Энэ удаагийнх түүний “Барса”-д өнгөрүүлж буй хамгийн шилдэг улирал нь юм. Эдгээр 99 гоолын 93 нь торгуулийн талбай дотроос оржээ.

Польшийн шигшээгийн ахлагч Аваргуудын лигт “Боруссиа Дортмунд”, “Байерн Мюнхен”, “Барселона” гэсэн гурван өөр багийн төлөө нэг улиралд 10 болон түүнээс дээш гоол оруулсан анхны тоглогчоор тодорч, түүхэн амжилтыг дархлав.

Харин дөрөв дэх буюу багийнхаа ялалтыг бататгасан гоолыг Ламин Ямал хаалганд шигтгэсэн.

Ямал шиг ийм тод авьяас, чадвартай тоглогч талбай дээр байгаа цагт бүү санаа зов, битгий толгойгоо гудайлга, каталончуудаа!

17 настай Ямал энэ улиралд 14 гоол оруулсан. “Дортмунд”-ын эсрэг тоглохдоо тэрээр Аваргуудын лигийн тэмцээнд 20 удаа гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдсэн (17 нас 270 хоног) хамгийн залуу тоглогч болсон юм.

Рафинья, Левандовски, Ямал гэсэн “Барселона”-гийн довтолгооны гурвал энэ улиралд 82 гоолыг оруулаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.