UBLife Logo
Спорт

Монголын спортын түүхэн дэх мартагдахгүй үйл явдлууд

Монголын спортын түүхэн дэх мартагдахгүй үйл явдлууд

Монголын спортын түүхэнд мэдээжийн хэрэг хэзээ ч мартагдахгүй торгон агшин, мөнхөд яригдах тод түүхүүд олон бий. Спорт сонирхогчид төдийгүй элэг нэгтнүүдээ баярлуулсан, бас харамсаж халаглуулж байсан тэр мөч, түүхээс "Таван цагариг" сонин тав, тавыг нэрлэж байна.

МОНГОЛЧУУДАА ХАЛАГЛУУЛСАН ХАРАМСАЛТАЙ ТАВАН ХОРОМ

ЖАМЦЫН ДАВААЖАВ

Монголчууд бид 45 жилийн өмнө Олимпийн аваргатай болоход ердөө хэдхэн хором дутсан билээ. 1980 онд ЗХУ -ын нийслэл Москва хотноо болсон Зуны олимпийн ХХII наадмын чөлөөт бөхийн төрөлд 74 кг-ийн жинд барилдсан Жамцын Даваажав нэгдүгээр тойрогт Камеруны Исая Тониг цэвэр, хоёрдугаар тойрогт Иракийн Ибрахим Жумаг цэвэр, гуравдугаар тойрогт Румыний Марин Пиркалабуг 9:4 оноогоор, дөрөвдүгээр тойрогт Италийн Рикардо Николиниг 20:2 оноогоор тус тус ялаад тавдугаар тойрогт дэвжээний эзэн ЗХУ-ын алдарт бөх Павел Пинигинтэй оноолт таарч барилдсан юм. Тэр үед Пинигин 1976 оны олимпийн аварга болсон, дэлхийд түрүүлээд байсан билээ.

Хоёр бөх эн тэнцүү өрсөлдөж, оноо 2:2 байхад идэвхгүй барилдсан хэмээн хоёуланг нь гурав, гурав торгож, дэвжээнээс буулгажээ. Зургадугаар тойрогт манай Даваажав Чехословакийн Дан Карабинтай барилдав. Ялбал алтын төлөө, ялагдвал медаль ч үгүй үлдэх тун " дарамттай" энэ барилдаанд манай бөх 6:5 оноогоор өрсөлдөгчөө ялсан.

Ингээд Олимпийн алтан медалийн төлөө Болгарын Валентин Райчевтай өрсөлдөхөөр дэвжээнд гарсан. Монгол орон даяар "Москва-1980" Олимпийн наадмыг шууд дамжуулан үзүүлж байсан учир Олимпийн аварга төрөх мөчийг улс даяараа шимтэн хүлээж, цэнхэр дэлгэцийн өмнө " хүлэгдэн" байсан билээ. Хүч бяр тэнцүүхэн хоёр бөхийн барилдаан маш өрсөлдөөнтэй өрнөж, барилдааны цаг дуусахаас 13-хан секундын өмнө оноо 5:5 тэнцүү явж байв. Энэ хэвээр дуусвал ялалт манай талд ирж, Монгол Улс Олимпийн анхны аваргатай болно... Гэвч Даваажав тун харамсалтайгаар мэхээ дутуу хийн Райчевийг ардаа гарган оноо алдах нь тэр. Барилдаан босоо байдлаас дахин эхлэхэд ердөө 6 секунд үлдсэн.

"Би урагшаа зургаа алхаад Райчев арагшаа ухраад л цаг дууссан. Хэрэв оноо тэнцүү дууссан бол ялалт минийх байлаа. Даан ч гоомой, дутуу мэх хийсэндээ маш их харамсаж явдаг даа" хэмээн Ж.Даваажав агсан амьд сэрүүндээ манай "Таван цагариг" сонинд ярьж байв.

Олимпоос мөнгөн медаль хүртсэн Ж.Даваажавыг "хариуцлагагүй барилдсан" хэмээн гавьяат тамирчин цол өгөөгүй бөгөөд 10 жилийн дараа 1990 онд гавьяат тамирчин цол олгосон түүхтэй.

ГАНЗОРИГИЙН МАНДАХНАРАН

2016 онд Бразилийн Рио де Жанейро хотноо болсон Зуны Олимпийн XXXI наадмын чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд барилдсан гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран бол манай "Олимпийн найдваруудын" нэг гарцаагүй байсан билээ. Азийн наадмын аварга (2010) болж, Дэлхийн АШТ-ээс хошой хүрэл ( 2013,2014) медаль хүртээд байсан Мандахаа маань уран гоё барилдаантай, өндөр техниктэй, хэвтээ барилдаанд гарамгай , аргагүй л торгон ирэн дээрээ байсан үе л дээ.

Риод Мандахаа эхлээд 2012 оны олимпийн хүрэл медальт Энэтхэгийн Йогешвар Дуттыг 3:0-ээр хожиж, 1/8 финалд казах гаралтай БНХАУ-ын бөх Ерланбек Катейулыг 3:0-ээр хожин шөвгийн наймд үлдээд ОХУ-ын бөх, дэлхийн аварга (2014) Сослан Рамоновд 0:6-аар ялагдсан. Ингээд торгуулийн барилдаанд Канадын Хайслан Гарсияг 3:0-ээр хожин, хүрэл медалийн төлөө өмнөх жил нь дэлхийд үзүүрлээд байсан Узбекистаны Ихтиёр Наврузовтай барилдсан. Барилдаан өгөөтэй, аваатай болж, цаг дуусахаас 18-хан секундын өмнө 4:6- аар хожигдож явсан Мандах маань гурван оноо авч ,7:6-аар хошуучилж эхлэв. Барилдаан дуусахад 10... 9...8...7...6 секунд үлдлээ. Манай бөх ялалтаа тэмдэглэн хоёр гараа өргөн ухарсаар 5...4...3...2...1 секунд, цаг дууслаа. Онооны самбарт цаг 6:00 буюу дууссан, оноо 7:6 Мандахнаран нэг оноо илүү.

Гэвч...гэвч... Шүүгчид манай бөхийг илт зугатсан, өрсөлдөгчөө хүндлээгүй шалтгаанаар нэг оноогоор торгон оноог 7:7 болгов. Барилдааны хугацаа дууссан хойно шүү дээ!!!

Сүүлчийн оноо авсан гээд Узбекистаны бөхөд ялалт очих болов. Арай л дэндүү. Манай дасгалжуулагчид эсэргүүцлээ илэрхийлэн дэвжээн дээр хувцасаа тайлж, энэ олимпийн бас нэгэн шуугианыг тарьсан ч үр дүнд хүрсэнгүй. Мандахнаран маань медальгүй хоцорсон билээ.

"СИДНЕЙ-2000" ОЛИМПИЙН НААДАМ

2000 оны есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын нэгэн хүртэл Австралийн Сидней хотноо болсон Зуны олимпийн XXVII наадамд Монголын баг спортын зургаан төрөлд ( чөлөөт бөх, жүдо, буудлага, бокс, хөнгөн атлетик, усанд сэлэлт) 12 эрэгтэй, 8 эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч ганц ч медаль авч чадаагүй билээ. "Сидней-2000" Олимпийн үеэр манай "Таван цагариг" сонин өдөр тутмын дугаар гаргаж байсан бөгөөд Монголын баг тамирчид 1964 оноос хойш анх удаагаа Зуны олимпоос медальгүй эх орондоо ирсэн нь энэ юм. Тухайн үеийн өдөр тутмын томоохон сонин "Өнөөдөр" дээр "Монголын баг тамирчдыг өндөг шидэн угтая!" гэсэн гарчигтай нийтлэл хүртэл гарч байлаа.

МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ

Монголын хүндийг өргөлтийн түүхэнд олон арван анхдагч амжилтын эзэн болсон гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэгийг монголчууд бид "Алтан охин" хэмээн нэрлэдэг.

Нээрээ оролцсон тэмцээн болгоноосоо бараг медаль авдаг, Дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн танхимын наадмын аварга гээд алтан медаль, амжилтыг нь дурьдвал барагдахгүй. Олимпийн наадамд гурван удаа оролцохдоо "Токио-2020" Зуны олимпийн ХХХII наадмаас медалиас оосроос атгаад алдаж, уйлж зогссон тэр агшин одоо ч нүднээ ил. "Токио-2020" олимпийн хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жинд нийт 13 тамирчин өрсөлдөхөд БНХАУ, Эквадорын тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн. Харин хүрэл медалийн төлөө манай Анхаа Доминиканы Крисмери Сантанатай гол өрсөлдөөнийг үзүүлсэн. Огцомоор Сантана 116 кг, Анхаа 110 кг өргөв. Одоо түлхэлттэй өргөлтөд Сантанагаас 7 кг илүү өргөж байж медальд хүрнэ. Сантана түлхэлттэйд эхний оролтоор 140 кг-ийг өргөсөн ч дараагийн хоёр өргөлт нь (144 кг) амжилтгүй болж, нийлбэр нь 256 кг -аар өргөлтөө дуусгав.

"Алтан охин" маань эхний оролдлого ( 140 кг ) амжилтгүй болсон ч хоёр дахь оролтоор захиалгаа өсгөж 142 кг болгоод өргөчихлөө. Одоо шийдвэрлэх гурав дахь буюу сүүлчийн оролддого. 147 кг-ийг захиалжээ, Анхцэцэг маань. Өргөвөл нийлбэр нь 257 кг болж, олимпийн медальтан болно гэсэн үг. Дэвжээндээ гарлаа, туйвангаа өргөлөө , гаргаад ирлээ. Одоо түлхэх л үлдлээ, гэвч харамсалтай нь чадсангүй ээ. Ингээд нийлбэр дүнгээр 252 кг-ийн амжилтаар Олимпийн наадмын дөрөвдүгээр байрт орлоо.

ЗХЗ САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙ БАГ

Монголчууд багийн спортын төрлөөр олимп, дэлхийд амжилт гаргахгүй гэдэг яриа байдаг. Тэгвэл манай 3х3 сагсан бөмбөгийнхөн энэ яриа огт үндэсгүй зүйл болохыг хангалттай нотолж байгаа , сүүлийн жилүүдэд.

Эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг "Токио-2020" Зуны олимпийн наадамд амжилттай оролцож, Ази тивийн АШТ-ээс мөнгө, хүрэл, Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн.

Эрэгтэй шигшээ баг маань Азийн хошой аварга (2017,2023) болж, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан. Тиймээс ч манай сагсанбөмбөг , спорт сонирхогчид энэ багийг "Парис-2024" Олимпийн наадамд оролцох эрхээ хангалттай авна, улмаар олимпод медалийн төлөө ч үзэх боломжтой хэмээн итгэж байлаа. Олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд манай эрэгтэй баг хэсэгтээ ганц хожигдоогүй хасагдах шатанд шалгарсан.

Ингээд Израйлийн шигшээтэй учраа таарч 12:9- өөр хожиж явах үед өрсөлдөгчөө шатаах мэхэнд манай А.Ананд орж, эсрэг багийн тоглогчийг мөргөчихөв. Ингээд тоглолтоос хөөгдлөө. Сэлгээгүй гурвуулаа үлдсэн манай баг хожиж, Францын хүчирхэг багтай олимпийн эрхийн төлөө хүч үзлээ. Анандыг тэмцээнээс хөөх шийтгэл гарсан тул манайх сэлгээгүй, тулсан гурвуулаа. 3х3 сагсанбөмбөг бол маш бага орон зайд, асар хурдтай тоглодог, мөн тоглолтын хоорондох зай тун бага байдаг тул сэлгээгүй тоглонон гэдэг үнэхээр хэцүү. Хэдийгээр Францын багийг 19:15-аар хожиж явсан,бүүр 20:19 болж, ганц оноо авахад л Парисыг зорих байлаа. Гэвч Францын баг холын шидэлтээр тоог 20:21 болгон хожиж, олимпийн эрхийг өвөртөлсөн. Харин манайхан Польшийн багийг хожиж байж олимпийн наадамд оролцох даалгавартай үлдэв. Манай залуус хэсэгтээ Польшийг 21:14 -өөр хөнгөхөн хожсон, гэхдээ сэлгээтэй, дөрвүүлээ байхад. Одоо бол тулсан гурвуулаа. Гэвч тоглолтын эхнээс бүх хүч чадлаа шавхан манай залуус тэргүүлсээр, олимпийн эрх ойртсоор. Цаг дуусах дөхөх мөчид манайхан аргагүй ядарч, Польшууд тоог тэнцүүлж дөнгөв. Нэмэль цагт Польшийн тоглогч холоос хожлын оноог авлаа. Ганцхан болчимгүй үйлдлээс болоод олимпийн эрхээ (медалиа ч байж магадгүй) алдсан айхтар сургамжтай, асар өндөр үнэтэй алдаа байсан даа.

МОНГОЛЧУУДЫНХАА МАГНАЙГ ТЭНИЙЛГЭСЭН БАЯРТ ТАВАН МӨЧ

НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР, ЭНХБАТЫН БАДАР-УУГАН

Монгол Улсын түүхэнд Олимпийн анхны алтан медалийг авчирсан жүдоч Найдангийн Түвшинбаяр, 2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр бол хэзээ ч мартагдах ёсгүй алтан мөч, хамгийн тод дуурсагдах түүх мөн.

Улс орон даяараа эвлэлдэн нэгдэж, Монгол гэдгээрээ бахархаж байсан тэр өдрийн тухай олон зүйл нурших нь илүүц биз ээ.

Мөн 10 хоногийн дараа боксын Энхбатын Бадар-Ууган маань хоёр дахь олимпийн алтыг эх орондоо " ихэрлүүлэн" бэлэглэсэн билээ.

ЖИГЖИДИЙН МӨНХБАТ

Монгол үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбат маань их спортын буюу олимпийн спортын төрлөөр дэлхийгээс анхны медалийг авчирсан нь 1967 он. Тэр жил Энэтхэгийн Шинэ Дели хотноо арваннэгдүгээр сарын 12-14 -нд болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 87 кг-ийн жинд Монголын бөх Ж.Мөнхбат шагналын тавцанд ЗХУ-ын Б.Гуревич, Румыний Ф.Балла нарын хамт зогсож, эх орондоо ДАШТ-ий анхны хүрэл медалийг эх орондоо авчирч, алтан соёмбот далбаагаа дэлхийн дэвжээнд мандуулсан билээ. Мөөеө аварга маань Шинэ Делигийн дэвжээнд 1960 оны олимпийн аварга, 1964 оны олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт Туркийн алдарт бөх Хасан Гюнгёрийг ялж байсан гэдэг.

Мөөеө аварга 1968 онд Мехикогийн олимпоос Монголын тамирчдаас анхны мөнгөн медалийг мөн хүртэж байсан түүхтэй. Тэгэхдээ бүүр дөрөв ялж, хоёр тэнцэж , ганц ч ялагдаагүй мөртлөө тухайн үеийн дүрмээр мөнгөн медаль хүртсэн билээ.

ДОЛЖИНГИЙН ДЭМБЭРЭЛ

Монголын тамирчдаас анх удаа , тэр тусмаа олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлөөр Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн бол Должингийн Дэмбэрэл агсан. 1971 оны наймдугаар сарын 18-31-нд Английн Йорк хотноо болсон байт харвааны 26 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орон орны 177 тамирчин оролцож, 70 м, 60 м, 50 м, 30 метрийн зайд сум тавьж, нийлбэр дүнгээр алт, мөнгө, хүрэл медальтнуудыг тодруулахад Монголын тамирчин Должингийн Дэмбэрэл нийлбэр дүнгээр 12 дугаар байрт шалгарсан түүхтэй. Мөн зохион байгуулагчид зай тус бүрт хамгийн өндөр оноо авсан тамирчдад алтан медаль олгоход эмэгтэйчүүдийн 30 метрийн зурхайд зогссон тамирчдаас Монголын Д.Дэмбэрэл 641 оноогоор цэц магнайлж, ДАШТ-ий бага алтан медалийг хүртжээ.

Сонирхолтой нь Монголын баг тамирчид ДАШТ-ий дараах үдэлтийн хүлээн авалтад ( энэ үдэшлэг дээр медаль гардуулах ёслол болсон) оролцолгүй эх орондоо буцсан тул Д.Дэмбэрэлийн медаль араас нь шуудангаар ирсэн гэдэг.

ДУГАРБААТАРЫН ЛХАГВА

1999 оны зургадугаар сарын 27. Японы Токио хот. Ariake coluseum ордон. Мэргэжлийн боксын WBA холбооны 59 кг-ийн жинд Дэлхийн аварга цол, бүсийн төлөөх тулаанд Монголын Дугарбаатарын Лхагва дэлхийн аварга Японы Таканори Хатакеямаг тавдугаар раундад нокаутаар ялж дэлхийн аварга боллоо хэмээн Япон дахь "Таван цагариг" сонины тусгай сурвалжлагч М.Сугар-Эрдэнэ утсаар Монгол руу мэдээлж байсан түүхтэй.

Д.Лхагва манай тамирчдаас мэргэжлийн спортоор хамгийн анх дэлхийн аварга цолыг хүртсэн тамирчин болсон билээ.

Мэргэжлийн боксын рингэнд "Lakva Sim" хэмээх нэрээр тулалдаж байсан "Пан Лхагва" маань 2004 онд АНУ-ын Лас Вегас хотноо WBA холбооны 61,2 кг-ийн жинд Панамын Мигель Каллистыг мөн л тавдугаар раундад нокаутаар ялж, хоёр дахь удаагаа дэлхийн хварга цолыг хүртэж байсан юм.

ДОРЖСҮРЭНГИЙН МӨНХБАЯР

1992 оны долдугаар сарын 27. Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн өдөр. Яг энэ өдөр Монголын эмэгтэй тамирчдаас Олимпийн анхны медальтан төрсөн билээ. Бүүр тодруулбал "Барселона-1992" Зуны олимпийн XXV наадмын буудлагын спортын гар бууны 25 метрийн дасгалд Монголын тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр 584 оноо авч, хүрэл медаль медаль хүртсэн юм.

Монгол Улсын гавьяат тамирчин , Олимпийн наадмын хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга " Мөнхийн мэргэн" Мөнхбаяр араасаа олон эмэгтэй олимпийн медальтан төрүүлсэн " булган сүүлтэй" гавьяатан,Монголын эмэгтэй тамирчдын Олимпийн шагналын тавцанд зогсох салхийг хагалж, үлгэр дууриалал , итгэл үнэмшлийг олон олон охид , бүсгүйчүүдэд төрүүлсэн ачтан билээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.