Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

"Хортой" үйлдэл гаргадаг эцэг эхийнхээ тухай сэтгэлээ уудлан бичсэн 11 түүх


2022.08.02-нд бид "Хортой" үйлдэл гаргадаг эцэг эхийнхээ тухай сэтгэлээ уудлан бичсэн 19 пост хэмээх нийтлэлийг оруулж маш олон хүнд хүрч, зарим нь бидэнд түүхээ илгээхийг хүссэн билээ. Удаан хугацаанд завсардсан ч бид хүмүүсээс цуглуулсан түүхээ та бүхэнд хүргэх гэж байна. Та ч мөн өөрийн түүхийг бидэнтэй хуваалцах боломжтой юм шүү.


1. Намайг хэзээ ч тавьж явуулахгүй юм шиг санагддаг. Найзуудтай минь гаргах дургүй, хичээлдээ яваад ирэхэд яг цаг хараад сууж байна. Хамт байхдаа үргэлж л хүн муулах эсвэл хов жив ярих гэнэ. Хүнтэй үерхэх цаг чинь болоогүй гэж хэлнэ. Гэтэл би 20 нас хүрчихсэн, том оюутан охин болчихсон байдаг. Нүүрээ будах, гоё хувцаслах гэхээр хэндээ сайхан харагдаж, хэний үрийг хуурах гээд байна даа гэнэ. Тэр нь хөгжилтэй биш яг л доромжилсон маягаар. Жин нэмчихсэн байна гэж байнга гоочилж, өөрийгөө миний насан дээр ямар сайхан байсныг, бараг мисс байсныг байнга ярина. Ээжийгээ гарч ороод яваасай, тэгээд намайг сул чөлөөтэй байлгаасай, хүмүүстэй уулзаж, хань ижилтэй болоосой ч гэж би хүснэ. Тэгэхгүй бол би үүрд ийм байх юм шиг л санагдаж байна. Хүнтэй суухаар минь байранд чинь яваад л очно, ээжийгээ ганц охин нь асрах юм байгаа биз дээ гэж хэлнэ. Би үнэхээр хэзээ ч өөрийнхөөрөө, чөлөөтэй болж чадахгүй юм гэж үү? Хүнтэй суусан хойноо ч би атганд нь, миний хүүхдүүд ч ийм болж өсөх үү? Өөртөө итгэлгүй, найз нөхөдгүй, хоббигүй, хүсэл мөрөөдөлгүй гэрийн мухар сахьсан хүн болох уу. Яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй нь. Их сургуулиас Тэнгис хүртэл явдаг замд минь осол болчхоосой, очих шаардлагагүй болчих юмсан ч гэж бодож, хааяа өөрөөсөө айх болсон. 

-Ж (20 настай)

2. Манай ээж аавд миний хувийн орон зай гэх зүйл өчүүхэн ч хамаа байхгүй. Миний өдрийн тэмдэглэлийг уншчихсан байсан. Тэгээд миний сайн хөвгүүний тухай ярьж хоорондоо инээлдэхэд нь би үнэхээр ичиж бас санаа зовсондоо тэмдэглэлийн дэвтрээ урчихсан. Тэд миний цүнхийг ухаж, шүүгээг байнга уудалж, бүр миний чатыг хүртэл унших гэж дайрдаг. Тэгээд "ээж ааваасаа юугаа нуух гээд байдаг юм" гэдэг. Үүнийг нь манай дүү бас дуурайж, одоо асуухгүйгээр миний түрийвчийг уудлаад мөнгө авчихсан байдаг. Би үнэхээр залхаж байна.

-Х.О (16 настай)

3. Багаасаа үргэлж хэн нэгэнд таалагдах гэж их хичээдэг байсан. Аав ээж маань хэзээ ч намайг үнэлдэггүй үргэлж хэн нэгэнтэй харьцуулдаг байсан болохоор тэр байх. Ах эгч минь хүртэл үргэлж шүүмжилж гоочилдог байсан. Сургуульдаа очихоор багш нар... Заримдаа зүгээр л үхмээр санагддаг байсан. Хамаатны ээж аав ах эгчдээ эрхэлж байгаа хүүхдүүдийг, багш нараар магтуулж байгаа хүүхдүүдийг хараад маш их атаархдаг байсан. Аав ээж минь өмсөх зүүх ууж идэх юмаар дутаадаггүй, ер нь манайх баян чинээлэг айл байсан ч ямар ч хөгжилтэй халуун дулаан уур амьсгалгүй тийм айл байсан. Аав ээж үргэлж хэрэлдэнэ, хааяа зодолдоно, ах эгч ч хоорондоо яг тийм. Ээжээсээ бусад хүүхдийн сонсдог "Хайртай шүү, миний охин, миний үр" гэдэг үгийг сонсолгүй өссөн дөө. Энэ бүхний эцэст би өөртөө итгэлгүй, атаархагч, өөрийгөө байнга голдог нэг тийм унхиагүй, арчаагүй бусдын хэлдгээр нэг тийм дүйнгэ тэнэгдүү л хүн болсон доо. Уул нь бие эрүүл ч сэтгэлзүй бол эрүүл биш, дутуугийн комплекстэй нэг тийм л….

-Т (27 настай)

4. Эцэг эх маань хүүхдүүдийнхээ бие даасан байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. 20 настай гэж би өөрийгөө хэзээ ч боддоггүй, үргэлж санхүү, хувийн амьдралын хувьд эцэг эхээсээ хараат байдаг. Хүүхдүүд нь өөрсдөөс нь яваад амьдралаа бодоод эхэлчихвэл ганцаардах учир бид нарыг үүрээ орхиод нисэхийг зөвшөөрдөггүй. Өөрөөсөө эгч хүмүүстэй танилцаж, сайн найзууд болсоны хүчинд би эцэг эхийгээ бидэнд хортой үйлдэл гаргаж байгааг мэдсэн. Би өөрийн эрхгүй өөртөө итгэлгүй, үүрд 16-тай юм шиг амьдрах сайхан мэт бодчихсон байсан. Хэдий эцэг эх минь намайг алах гэж дайрч, "энэ цонхоор үсрээд үхээд өгөөч" гэж хүртэл хэлж байсан ч би хэзээ ч эцэг эхийнхээ буруу гэж боддоггүй байсан. Гомдож орондоо чимээгүйхэн уйлдаг байсан ч "миний төлөө амьдралаа эрсдэлд оруулсан хүмүүс учир би уучлах ёстой" гээд өөрийгөө биш тэр хүмүүсийг боддог байсан минь буруу байв. Сайн найз эгч маань "Хүүхэд эцэг эхийнхээ өмнө ямар ч өргүй. Тэд хүссэн, хариуцлагаа үүрэхэд бэлэн гэж үзсэн болохоор чамайг төрүүлсэн болохоос чи хүссэндээ төрөөгүй юм" гэж хэлснээс хойш өөрөө өөрийнхөө төлөө шийдвэр гаргаж хортой үйлдлийнх нь өөдөөс өөрийгөө өмөөрсөн, өөрийгөө хамгаалсан үйлдэл гаргаж эхэлснээр би илүү чөлөөтэй, айдас багатай амьдарч эхэлсэн. Эцэг эх нар хүүхэд юм чинь тоохгүй, мартчихна гэж бодоод маш аймшигтай зүйлсийг бага насанд нь харуулдаг. Гэтэл тэр тусмаа бага насны траума илүү тод үлддэг тул хортой эцэг эх нар бол бага наснаас нь хүүхэдтэйгээ "хүн" мэт харьцдаггүй байдлаасаа болж хүүхдээ өөртөө итгэлгүй, сэтгэцийн өвчтэй болгоход хүргэдэг. Хортой байдлаас нь болж би эмпатигүй, үхлээс айдаггүй, амьдрах шалтгаангүй байсаар сүүлдээ цуг амьдарч байгаа хүмүүсээ ч амьдрах хэрэггүй гэж бодон алах үйлдэл гаргаж байсан. Нэг ёсондоо сэтгэцийн өвчтэй болчихсон байсан. Гэхдээ нийгэмших буюу хүнийг энэрэх талаарх олон кино үзэж, ном уншсанаар өмнөхөөсөө гайгүй болж хортой бодлоосоо холдож байгаа. Гэхдээ л эцэг эхийн маань хортой үйлдэл аймшигтай бодол, үйлдлүүдийг маань өдөөдөг тул асуудал байгаа ч нүүр тулж байгаа. Хэзээ ч хүүхдэдээ "Үхээд өг, төрүүлэх хэрэггүй байсан юм, алдаа, чиний төлөө яаж зүдэрч амьдарлаа" гэх мэт үг битгий хэл. Хүүхдүүд тань "Хэзээ ч таныг намайг төрүүлээд өг гэж гуйгаагүй юм шүү" гээд хөрчихсөн биеэ үлдээхэд та харуусалтай л үлдэнэ. Хортой эцэг эхтэй өссөн хүүхдэд үхэл юу ч биш юм шүү. Хайрлаж байна гээд сэтгэлзүйн дарамт өгч байгаа бол"Яах гэж төрүүлсэн" талаараа бодож үзээрэй. Хортой эцэг эхтэй бол зөв хүмүүстэй нөхөрлөөрэй, ийм үед зөв найз нөхөд л чамайг эцэг эхээ сөрөхөд тусална шүү.

Quokka, 20 настай

5. Дөнгөж их сургуулиа төгсөж байхад "Чи нэг газраа яг аав ээж шигээ ажиллах ёстой" гэж байнга хэлдэг байсан. Бүр тэтгэвэрт гарахад хэдэн төгрөг авахыг хүртэл тооцдог.

-Пүүжээ (28 настай)

6.  Бага байхдаа аавыгаа согтуу ирэхээр их айдаг байсан. Нэг удаа тоглоомын талбай дээр тоглож байсан чинь аав согтуу ирээд тэнд байсан зарим хүүхдүүдийг айлгасан. Зарим нэг хөвгүүд нь доог тохуу хийж, би тэр үед шууд л гэртээ орсон. Мөн байрны хүүхдүүд, манай ангийнхан, манай сургуулийн хүүхдүүд намайг архи уудаг аавтай гээд мэдчих вий, мэдээд надтай нийлэхээ больчихвол яана аа, намайг шоолох вий гэхээс үхтлээ айдаг байсан. Одоо бодоход тухайн үедээ өөрийгөө ойлгоод аавдаа хэлж ойлгуулах минь яав даа гэж бодогддог. Өөрт төрж байгаа мэдрэмжээ үргэлж илэрхийлж бусад гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаж байгаарай

-О. (31 настай)

7. Эрхлүүлэгч нь үгүй болоход хүүхэд нас дуусдаг. Энгэрт нь наалдаж, өвөр дээр нь өрвөгнөж өссөн хайрт эмээ минь тэнгэрийн орныг зориход долоохон настай бүлтгэр охин амьдралд хөлд тавьсан юм. Хойд эцэг, эх нэгт дүү, хэвтэрт орсон өвөө мөн ганцаараа гэрээ тэжээдэг эхийн хамтаар хорвоогийн хамаг хэцүү хөтүү бүхнийг туулж өнгөрүүлсэн тэр хэдэн жилүүд. Долоохон настай алгын чинээ охин далан настай өвөөгийнхөө хоолыг нь хийж, хэвтэрийг нь засаж сурсан. Гэвч сэтгэлийг минь эмтэлж зүрхийг минь сийлж байсан ганц зүйл бол хойд эцгийн минь удаа дараагийн эмзэг газраар минь оролдож өөрийн бах таваа хангах үйлдэл байв. Ээждээ хэлэх юм бол ээжийг чинь алчихна шүү гэсэн учраас би тэдгээр бусармаг үйлдлийг шүдээ зуун тэвчдэг байлаа. Учир нь би ээждээ хайртай байсан юм. 9 настай байхад тэр жилийн өнгө муутай хоосон намар хайрт өвөө минь намайг бас л орхин одсон юм. Эдгээр хугацаанд би өвөөгөө алхдаг болтол нь асарч өндийлгөсөн боловч би ээжийнхээ нүдэнд арчаагүй хүүхэд байсан юм. Хийсэн хөдөлмөрийг минь хэзээ ч, бүр хэзээ ч үнэлж байгаагүй хэрнээ ганцхан удаагийн алдаан дээр минь сэтгэл урагдтал хатуу үгсийг хэлдэг байлаа. 10 нас... хойд эцгийн бусармаг үйлдэл, ээжийн хутга шиг үгс намайг цөхрөлд хүргэж байлаа. Олон удаа хутга урдаа гаргаж тавиад амиа хорлох талаар бодож байсан. Басхүү өчнөөн удаа хойд эцгээсээ өшөө авах тухай бодож байлаа. Хүн гэмтээхийг хүстлээ тэгж их шантрахдаа би дөнгөж аравхан настай байсан. Гэр минь архидалт, хэрүүл зодооноор дүүрэн, нулимстай шөнүүд урсан өнгөрсөөр. Би сургуулийнхаа онц сурлагатан нь байсан. Наймдугаар ангидаа хувийн сургуулиас тэтгэлэг авч сурсан ч бас л ээжийгээ тийм ч их баярлуулсангүй. Миний энэ амжилт түүний хувьд угаасаа байдаг л зүйл мэт, би угаасаа л тэтгэлэг авах ёстой мэт байлаа. Миний азаар ч гэх юм уу, бурхан харж үзсэн ч юм уу, ээж минь хойд эцгээс салав. Миний сэтгэл амар унтах шөнүүд айлчлан ирсэн ч би байнгын түгшүүртэй байдаг болчихсон байсан. Хүүхдийг унтаж байхад нь цочоож, өндөр дуугаар харьцах тусам аймхай, цочимтгой болдог. Удаан хугацааны гэр бүлийн тогтворгүй хэрүүл тэмцэл, "энэ зүйлийг заавал хийхгүй бол ээж намайг загнана, ээж уурлана" гэсэн сэтгэлийн гүн дэх бодол намайг тайван байлгадаггүй байлаа. Нэг өдөр ээж минь цамцаа хаана хийснээ асуухад нь би мэдэхгүй байгаагаа хэлсэн. Харин тэр хариуд нь "Хүний амьдралд дандаа гай болно" хэмээж байсан. Мөч бүрт амнаасаа унагасан тэдгээр гашуун үгс хэзээ ч миний сэтгэлээс гарахгүй байх. 

Миний ээжийн хортой зан чанар бол түүний хэт өндөр шаардлага, үл хүндлэл, басхүү намайг хайрлаагүй явдал юм. Идэх хоол, өмсөх хувцастай байсан ч тэдгээрээр сэтгэлээ хооллож чаддаггүй юм билээ. Хүүхэд нас минь дуусаагүй атал харц минь гундуухан явах юм. Хэзээ ч ээждээ хүндлүүлж чадахгүй миний бяцхан сэтгэлийн итгэл, хөдөлмөр минь. Хоосон.

О.А (17 настай)

8. Шөнийн 2 цагт аяга таваг хагалах чимээ, бие рүүгээ орилолдох, ээжийг янз бүрээр дуудах... Энэ бол миний багаасаа л сонсож харж өссөн зүйл. Одоо бол хэрүүл сонсож чаддаггүй. Тиймэрхүү нөхцөлд байвал хов хоосон мэдрэмж төрдөг болсон. Заримдаа тэд салсан бол, анхнаасаа учраагүй бол гэж боддог ч дасчихаж дээ. Дасан зохицохоос өөр яах вэ. Ирээдүйд хүүхдүүдтэй болвол ийм нөхцөлд л оруулахгүй байх минь.

-С (15 настай)

9. Манай ээж хохирогчийн дүрд тоглодог. Байнга л "Яагаад намайг ингэж байгаа юм? Би бүхнээ зориулсан. Би юу буруу хэлсэн, хийсэн юм" гэх мэтээр орилж, уйлж, заримдаа надад гар хүрнэ. Яг үнэндээ дүү бид хоёрыг үргэлж "Аав шигээ юмнууд" гэж ад үзэж, хэзээ ч сайхан үг хэлдэггүй. "Та нар ч бас хяаад явна биз" гэж хэлж, бүр танихгүй хүмүүст биднийг ачлалгүй, том толгойтой хүүхдүүд гээд ярьчихна, үнэхээр санаа зовмоор. Та нарын төлөө зовж ажиллаж байна гэдэг байсан болохоор би ажил хийж эхэлтэл "Яах гэж ажиллаад байгаа юм? Чамайг тэжээж чадахгүй байна уу би" гээд л дайрна. Дүүгийн хичээлийн юмыг бэлдэхдээ хүртэл "Сурч ч чадахгүй байж ямар их юм авахуулдаг юм бэ" гэсэн. Ээж хэзээ ч ойлгож, энэ байдлаа өөрчилж чадахгүй байх. Одоо бол хурдан сургуулиа төгсөөд, ажил хийж, дүүгээ аваад тусдаа байхыг л хүсэж байна. Гэхдээ л бас ганцааранг нь орхино гэхээр муу хүүхэд болчих юм шиг...

-Х (17 настай)

10. Аав дандаа л "Чи хүн мөн үү, өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй" гэж загнадаг. Амьхандаа хичээгээд л байгаа боловч загнуулсаар л байдаг. Хааяа "Манай удамд чам шиг балиар хүн байхгүй, яг ээжийгээ дуурайсан, хувиа хичээсэн" гэж загнана. Жаахан таргалахаар "Шкаф шиг том байна, заан шиг байна, мантуу шиг муухай, гэхдээ мантууг ч бас арай тэгж доош хийж болохгүй юм даа" гэнэ. Хааяа нэг дуу аялахаар гонгиносон хоолой юм байж чимээгүй байгаач гэнэ. Дүү нартай ч бас ийм байлаг болохоор багаас нь сэтгэл санааны хувьд хэцүү, асуудалтай хүүхдүүд болгохгүйн тулд санаа бодлоо хэлэхээр "Өөрийнхөө хүүхдийн хүмүүжлийг өөрөө мэдье, чи дут" гэнэ. За би л больчихъё гээд тоохгүй байхаар дүү нараа боддоггүй гэнэ. 10 жилд зугаалгад явах болоход эхлээд яв яв гэж байснаа явуулахаа болилоо, заза яв даа гээд суурин дээрээ хэд эргэнэ. Тэр болгонд сэтгэл санаа савласаар байгаад сүүлдээ янз бүрийн юм болоход явъя гэж асуухаа ч больсон. Ээжийн хувьд арай өөр. Ээж өөр улсад байдаг байсан юм. "Хурдан ирээрэй, хуримаа хийлээ шүү" гэсэн чинь "Миний алдааг давтаж яах нь вэ чи" гэсэн. Би төрсөн болохоор л аав ээж хоёр суусан байхгүй юу. Тэгээд салчихсан л даа. Бүх насаараа л би төрөөгүй байсан бол ээж их сайхан амьдрах байсан даа гэж бодоод, багаасаа л амьдрах хүсэлгүй хүүхэд болчихсон. Ядаж ээж маань тэгж боддоггүй гээд үнэхээр итгэлтэй байсан ч намайг алдаа гэж боддог байснаа санамсаргүй хэлээд, ёстой л газар дээрээ үхэхээ шахсан даа...

11. Дунд сургуульд байхад нэлээн хэрүүл маргаантай байдаг байсан. Хэрүүл хийгээд эсвэл зурагт чарлуулаад унтуулдаггүй. Тэгсэн мөртлөө өглөө хичээлдээ явах гээд тавьсан сэрүүлэг дуугарахаар ээж "Хүн унтуулахгүй хаашаа янзын новш вэ" гэнэ, хойд аав болохоор "Сэрүүлгэндээ сэрэхгүй юм бол үхсэнээ хийж тавьдаг юм" гэнэ. Хичээл дөнгөж тараад ангийнхаа хүүхдийнд очоод байж байтал "Үхсэнээ хийгээд яваад байдаг юм, ирж гэр орныхоо ажлыг хий, 10 минутын дотор ирэхгүй бол өөрөөр ярина шүү" гэнэ. Яах вэ тэр үедээ загнаж байгаа нь тэр юм шиг санагддаг байсан байх. Гэтэл миний хувьд бага өсвөр насны минь сэтгэлзүйд хүндээр нөлөөлсөн. Гэртээ байхаас зугтдаг, 7,8-р ангиасаа эхлээд л ажил хийдэг болсон. Шөнийн клубт 16 цагаас эхлээд шөнийн 3 хүртэл цэвэрлэгч хийдэг байсан. Энэ нь ерөөсөө л гэр бүлийн уур амьсгал байхгүйгээс үүдэлтэй байсан. Ээж маань аав ээжтэйгээ буюу манай эмээ өвөөтэй их хэрэлдэж маргалддаг байсан болохоор олон ч удаа нүүж, хөдөө хүртэл явж, удаан хугацаанд нөхөрлөсөн найзгүй, их л дотогшоо, ганцаардмал өссөн. Төгөлдөр хуур тоглох их дуртай байж билээ. Дугуйланд явж илүү сайжрах хүсэлтэй байсан ч хичээлээ хий гэж уурлаад төгөлдөр хуурыг минь зарж байсан. Орлого олохгшй мөнгө муутай байна, компьютерийг чинь ломбардна, утсыг чинь ломбардана гээд л аваачаад тавьчихдаг байсан. Гэр бүлийн байдлаас болж ийм байдалтай болоод, одоо болтол энэ тойрог тасрахгүй байгаа нь үнэхээр гунигтай. Тиймээс бид аль болох сайхан ирээдүйг бүтээхийн тулд сайн эцэг эх болоход өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй. Бид л энэ шарх, мэдрэмжийг мөн хүүхдүүддээ өгөхгүйн тулд өөрсдийгөө анагаах хэрэгтэй гэж боддог.

-А.

Хамгийн их уншилттай
1
2022.09.09
Хатан хаан II Элизабетийн тухай "хайр хүргэм" 12 БАРИМТ
2
2022.09.13
Эммигийн тайзнаа Зендаяг Леонардо Ди Каприотой болзоход "хөгшдөх" тухай хошигнов
3
2022.09.20
“Би 2018 оны наймдугаар сарын 17-ноос шар өнгөнд дуртай болсон”
холбоотой мэдээ
1
2022.09.07
Humans of UB | Эко амьдрахын тулд бид ийм дадал хэрэгжүүлдэг
2
2022.08.31
ТҮҮХҮҮД: 30 настнуудын "20-оод насандаа мэдсэн бол..." гэж боддог зүйлс
3
2022.08.03
"Хортой" үйлдэл хийдэг эцэг эх дээр өссөн түүх, эдгэрэл, мэдрэмжээ хуваалцан нийтлэлд о...
санал болгох
1
Уржигдар
Жонни Дэппийн болзож буй өмгөөлөгч Жоэль Ричийн тухай 6 баримт
2
Уржигдар
Онцлох сайт: Солонгос, англи, хятад зэрэг таван хэлээр үнэгүй үлгэр сонсож, уншиж болох...
3
Уржигдар
О.Анхзаяагийн "Lost in Sound" (Анирт алсрах нь) номоос онцлох 12 ЭШЛЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
11
0
2
1

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 12 цагийн өмнө 150.129.143.247

Тэд ядаж л эцэг эхтэй юмдаа

1 Хариулах


Зочин 17 цагийн өмнө 192.82.68.29

Энэ дээрх бүх бичсэнтэй холбогдоэ л байна. Манай яг нэг хэцүү үеийг давсан үеийхний маш том траума, ихэнхи хүүхдүүд ээж аавынхаа ээж аав болж өссөн байх юм. Үнэндээ бид нар эцэг эхийнхээ сэтгэлзүйд хариуцлага хүлээх албагүй шүү дээ. Энэ муухай гинж тасраасай

0 Хариулах


Зочин 3 өдрийн өмнө 126.156.213.53

Би 13тайгаасаа аавыгаа дагаж ажил хийж эхэлсэн. Одоо 33тай. 20 жил тасралтгүй ажил хийсэн ч өөртөө хувцас ч авч үзээгүй. Миний сарын орлого жил бүр нэмэгддэг хийж үзээгүй ажил ч цөөн. Гэвч энэ олсон мөнгө хэзээ ч гэрт минь хүрч байгаагүй. Би гэр бүлтэй болж орох оронтой болох гэж гадаад ажиллаад 4жил болж байхад хүртэл яг л миний олж байгаа хэмжээгээр тэдний хэрэгцээ нэмэгдэнэ. Гэр бүлдээ үр хүүхэддээ ч мөнгө зарцуулж чададгүй. Бага байхаас минь одоог хүртэл үргэлж надад худлаа ярьдаг байсан болохлоор би бараг хэнд ч итгэхээ больсон. Манай гэр намайг цэвэрлэхгүй бол хэзээ ч цэвэрхэн байдаггүй. Хааяа эцэг эх маань гэртээ хүн авчирхаараа гэр цэвэрлсэнгүй гэж үргэлж найзуудынхаа өмнө зоддог байлаа. Юу ч хийдэггүй эгчийг минь үргэлж магтаж хэзээ ч миний хөдөлмөрийг үнэлдэггүй. Чи эрэгтэй юм чинь газардахгүй эгчийг чинь гэсээр эгч минь 4ийн 4 дээд сургууль дундаас хаяж тэр болгонд миний олсон мөнгө салхинд хийсдэг байлаа. Одоо эгч минь бараг 40 хүрэх гэж байгаа нэг хүүхэдтэй гэртээ ээж аавтай хамт юу ч хийлгүй амьдардаг. Би гэр бүлээ үзэн яддаг. Гэвч гэр бүл болохоороо л хаяж чададгүй. Эх орондоо буцах юмсан гэж бодовч эхнэр хүүхдүүд дээрээ хоосон очхоос айсандаа хүний нутагт хар бор ажил хийгээд л явж байна. Гэвч энэ бүхэн тэнд байдаг эцэг эхэд минь ямар ч хамаагүй юм шиг аашилдаг. Энэ бүгд миний л арчаагүйгийнх л гэж бодож байнадаа. Сэтгэл санаагаар их л унах юмдаа.

1 Хариулах


Зочин 18 цагийн өмнө 202.21.108.187

Та энэ хүмүүсийн төлөө хангалттай зүтгэжээ.Одоо болиод зөвхөн эхнэр хүүхдээ л анхааар,бусдад нь мөнгө өгдгөө боль.Бүүр хая.

0 Хариулах


Зочин 20 цагийн өмнө 192.82.82.230

sain l huu bna gehdee odoo uuriinhuu ger buliig bosgoh tsag bolj ee, uuriinhuu ehner huuhded gol anhaarlaa taviarai.

0 Хариулах


Зочин Өчигдөр 211.36.138.110

Өөрийн толгойгүй тэнэг

0 Хариулах


Зочин Уржигдар 202.21.124.134

бурхан минь өөрийн гэсэн эрхэмсэг оршихуйтай байгаарай.

0 Хариулах


Зочин 3 өдрийн өмнө 202.180.219.8

энэ хүртэл хичээсэн шүү сайн байна . одоо өөрийгөө эхнэр хүүхдээ хайрлаарай.

0 Хариулах


Зочин 4 өдрийн өмнө 64.119.19.161

Монголчууд хүүхэд өсгөж, хүмүүжүүлж мэддэггүй, тэнэг хүмүүс. Албатай юм шиг гаргачаад хүүхэд зовоодог. Өөрсдөө ч бас олигтой өсөөгүй биз

0 Хариулах


Зочин 2022.09.20 103.229.123.27

Bvgdiig chine tewreed awahsan. Gedsend baihdan hen bii bolj, herhen osgohoo medehgvi baij yamar negen nohtsoltoi hvvhdee hairlah n ontsgvi baina. Zarimiin hair ch geheergvi :(

0 Хариулах


Зочин 2022.09.20 192.82.66.25

Psda gemer bn

0 Хариулах