Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

UB LIFE-ийн Түүхүүд: Энэ онд хүмүүсийн үзсэн хамгийн гоё КИНОНУУД


Энэ онд хүмүүсийн үзсэн хамгийн онцгой, гоё кино юу байсныг хамтдаа сонирхоцгооё. Та ч бас энэ жил үзсэн шилдэг киногоо бусадтай хуваалцаарай.


1. Everything Everywhere All at Once

Үнэхээр төсөөлөмгүй байсан. Бас хүмүүс бидний мэдэрдэг зүйлтэй ямар ойр байгаа нь гайхшруулсан. Яг л манай Азийн, дорнын аав ээж, охид хөвгүүдийн мэдэрдэг зүйлс байгаа юм. Энэ онд хамгийн хань болсон кино гэвэл энэ л байх. Аавынх нь дүрд тоглодог залууг Индиана Жонс кинон дээр гардаг хүү гэдгийг мэдэх гоё байсан. Бүх дүр нь сонирхолтой, бүх минут секунд нь сонирхолтой санагдсан энэ оны ганц кино гэж хэлж болно.

-Ж.Тэгшжаргал

2. Weak Hero Class 1

Миний энэ онд үзсэн хамгийн гоё кино бол саяхан 11 сарын 18-нд гарсан "Weak Hero Class 1" гэх ижил нэрт вэбтүүнээс сэдэвлэн хийсэн 8 ангит драма. Яагаад энэ киног сонгосон бэ гэвэл маш урт тайлбар бичих хэрэгтэй болно л доо. Тоочоод байвал дуусахааргүй олон сайшаагдах зүйлстэй. Ерөнхийд нь хэлбэл өсвөр насны 3 найзын хоорондын хэрхэн найзалж нөхөрлөж, нэгнээ нандигнан хайрлаж (хайр дурлал романс гардаггүй болно), зөрчилдөн тэмцэлдэж, гомдож цаашлаад энэ нь үзэн ядалт болон хувирснаар хүсээгүй үйлдлээ хийхэд хүргэж байгаа тухай уйдах чөлөө олголгүй дэлгэцтэй уяж чадсан драма юм. Нэг удаадаа үзэхэд дажгүй олон ч өсвөр үеийнхэн хайр дурлал, нөхөрлөл, хичээл сургуулийн тухай драма байдаг ч тэдгээрийг тэр бүр дахиад нэг давтаад үзчихье гэж хэлэхээр нь цөөхөн. Мөн ихэвчлэн эрэгтэй эмэгтэй гол дүрүүдийн хайр дурлалыг л хэт гоёчлон харуулсан байдаг бол "Яг өсвөр насан дээрээ яваа бидний дотор юу өрнөдөг вэ?" Үүнээс гадна хайраас илүү "найз нөхөд" гэх энэ холбооны тухай, бидний эмзэглэж явдаг нөхцөл байдлыг хөндөн гаргасан нь мөн л ховор оо. Харин "Weak hero class 1" миний үгүйлэн нэхдэг зүйлсийг өгөөд зогсохгүй 8 ангийн ард гарсны дараа "Хөөх.. байз даа. Юу болов оо?" хэмээн урт амьсгаа аваад олон олон бодрол төрүүлэм, нэг хэсэгтээ л дахин дахин давтан үзэх хүсэл төрүүлэм драма байсан билээ. Үүнийг уншиж байгаа хүн болгон, ялангуяа өсвөр үеийнхэн цаг заваа зориулахад харамсахааргүй үнэ цэнтэй драма байна гэж найдаж байна аа. ^^

-П.Азжаргал

3. Бэлчээр

Жилийн сүүлчээр монгол залуусын бүтээсэн "Бэлчээр" цувралыг үзсэн нь оны онцлох байлаа. Эхний "Биеийн ганц толгой" өөр ямар ч Монгол киноноос олж хараагүй онцгой түүх, өвөрмөц өнгө дүрслэлийг дэлгэн харуулж хамгийн шилдэг нь байсан бол хоёр дахь "Зүүдний өр" үнэхээр л зүрх зогсоох шахам айдас мэдрүүлэн, гурав дахь "Хүнийсэл" ангиас авсан "ёгхийм" мэдрэмж одоо ч арилаагүй хэвээр. "Black Mirror", "Love Death + Robots" зэрэг цувралуудыг шимтэн үзсэн хүний хувьд дараагийн ангийг нь тэсэн ядан хүлээх Монгол чанартай цувралтай болсондоо баяртай байна. "Нэг тийм" аймшгийн юм шиг хэрнээ цус нөж багатай, сэтгэл сэрдхийлгэм хэрнээ цаад утга учир нь даацтай, өөр бусад Монгол киног харах чансааг өргөсөн кино байлаа. Баярлалаа, John Sheepskin!

Г.Сүрэн

4. Honest Candidate 2

"Шударга нэр дэвшигч 2" гээд солонгос киног уулздаг залуугаа гуйж байгаад хамт үзэхээр болсон юм. Хоёрдугаар анги дээр нь миний дуртай жүжигчин эсрэг талын дүрд тоголсон болохоор үзмээр байгаагаа хэлсэн чинь тэр залуу "Аан за тэгье" гээд, эхний анги нь бас байдаг юм байна үзье гээд тэгсэн IPTV-д ч байхгүй, сайтууд дээр ч байхгүй байсан киног англи хэл дээрх сайтаас олсноо "Би англи хэлгүй ч бараг ойлгочихсон" гэж байсан.  Хоёрдугаар ангийг нь үзэхдээ "Чиний дуртай жүжигчин чинь тэр тэ?" гээд асууж байсан.

-Нэрээ нууцалсан

5. Compartment No.6 

Бүх зүйл нь дэндүү гэмээр бодитой. Уйлуулах гээд хүчлээгүй, хэт романтик болгож мушгих гээгүй. Бас киноны төгсгөлд монгол дуу гардаг. Эх зохиол дээрээ галт тэргээр явсаар Монголд ирдэг юм билээ. Нандин нөхөрлөл, холбоо нь маш дулаахан ойр санагдсан. 

-М.Гүнчинмаа

6. Twenty-Five Twenty-One

Ёстой үзсэнээсээ хойш ээжийгээ ойлгох шиг л болсон, Heedo, Heedo-ийн ээж хоёрын харилцаа аавыгаа алдсанаас хойш улам дордсон ч киноны дунд хэсэгт учраа ололцчихдог. Бас ихийг зааж сургасан нь Yurim.
Киноны турш надад хамгийн хүнд туссан дүр боловч бүгдийг нь давж гараад туялзуур сэлмийн дугуйлантай болсон байсан. Yijin, Jiung, Seungwan, Yurim, Heedo энэ тавын нөхөрлөл, хайр дурлал, өөрсдөдөө нүүрлэсэн саад бартааг хэрхэн давж байгаа нь одоо ч тодхон санагддаг. Гарснаас нь хойш 2 удаа үзсэн. Одоо ч анхных шигээ зүрх булгилуулдаг. Киноны эхлэл, төгсгөл хоёр ч мартагдашгүй сайхан байсан. Баярлалаа.   

-Raryxell

7. Хань

Залуучууд бид Монголын хуучны, дээр үеийн гэсэн зүйлийг үл тоох хандлагатай байдаг шүү дээ. Гэтэл энэ киногоор ямар күүл амьдрал, хүмүүс байсан бэ гэдгийг харуулж чадсан. Бараг л дээр үеийн монгол кино, амьдрал, хүмүүс гээд бүх зүйлийн тухай бодлыг эрс өөрчлөхөөр маш модерн кино байсан. Ханийг үзсэндээ маш их баярласан. Монгол киног зорьж үздэггүй хүмүүс үзвэл маш их өөрчлөлт авчрах байх. 

-Н.

8. Alice in Borderland

Хоёр жил хүлээсэн кино минь. хүний бодит амьдралыг арай өөр өнцөгөөс харуулсан юм шиг санагдсан. Өөртэйгээ тэмцэх тэмцэл, хайр дурлал, харуусал, бодит хийсвэр ертөнцийн ялгаа гээд бүхнийг маш сайн харуулсан. 

-М.Б

9. House of the Dragon

Ном нь яг л нууц товчоо шиг бичигдсэн байдаг гэсэн. Тэр зохиолыг цуврал болгохдоо яг яагаад хэн нь ямар шалтгаанаар тэмцэлдээд байгааг үнэхээр гоё гаргаж өгсөн. Бас жүжигчдийн дүрүүддээ зохицсон байдал, жүжиглэх чадвар, хөгжим бол үнэхээр анги болгон дээр огшоож байсан. 

-Ану

10. Nothing But Thirty

30 настай гурван өөр эмэгтэйн түүхийг харуулдаг. Тэд өөр өөрийн зорилготой, өөр амьдралын хэв маягтай боловч бүгдэнгийнх нь амьдралд гэнэтийн өөрчлөлтүүд гарч, бүх зүйл орвонгоороо эргэдэг. Тэр болгонтой хэрхэн нүүр тулж, даван гарч буйг энд өгүүлдэг. Бас киноны дуу нь их гоё. 

-Тиа

11. Ертөнцийн сүүлийн чулуу

Нуугдсан эрдэнэ. Найруулагч Б.Бадрууганы "Ертөнцийн сүүлчийн чулуу" кино 1995 онд нээлтээ хийхдээ дэлгэцнээ ганцхан удаа гараад л хаагдаж байжээ. Гэлээ ч цаг хугацаа хэдий улиран одсон ч ямагт шинэхнээрээ юм шиг тухайн бүтээл хүмүүст хүрч байвал тэр яах аргагүй сонгомол шилмэл байж мөнхийн бүтээл болж чаддагийн баталгаа нь "Ертөнцийн сүүлчийн чулуу". Б.Бадрууган уг киногоор тухайн ондоо шилдэг найруулагчийн шагнал авсан юм. Кино зохиолыг жүжиг, киноны нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайхан бичсэн. Цомхон дүр, сонирхолтой хүүрнэл, сайн зохиол бас найруулгын сонин шийдэл, домгийн өгүүлэмж...

-Чинзориг

12. Decision to Leave

Хүнгүй шахам кино театрт нууцаар шар айраг балгангаа үзсэн юм. Зүгээр л тэр чигтээ зүрх шархлуулж, базаж, зарим хэсэгт догдлуулж, айлгаж, инээлгэж байсан. Энэ жил мэдэрсэн хамгийн онцгой мөч. Яг юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй нь. Зүгээр л зүрхийг минь энэ киноны мэдрэмж ороож, базаж, зүгээр байлгахгүй, үг бүр нь дараа нь бодогдож байсан. Үзэсгэлэнтэй, дотор нь өөрийгөө бүр гээчихмээр, энэ хоёр хүний төлөө зүрхээ шархлуулан цус дуслуулж байгаа мэт л санагдаж байлаа.

-О.А

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
3
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.