Жүдо бөхийн Их дуулга ангиллын 2023 оны хоёр дахь тэмцээн болох Тель-Авивын Их дуулга өчигдрөөс эхэлж, энэ сарын 18-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Өнөөдөр тус тэмцээний 73 кг-ийн жингийн барилдаанууд явагдах бөгөөд олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар зодоглоно. Тэрээр 2021 онд Токиогийн олимпоос хүрэл медаль хүртэж, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгуудад толгой дараалан түрүүлсэн бөгөөд харин өнгөрсөн онд Парисын Их дуулгаас хүрэл, Улаанбаатарын Их дуулгаас мөнгөн медаль хүртэж, ДАШТ-д түрүүлсэн билээ.
Гэвч өнгөрсөн жилийн ДАШТ-ий өмнөх зургаадугаар сард түүнд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэж, мэс засалд ороод байв. Энэ явдал түүний хувьд багагүй сорилт, бас болгоомж төрүүлж байлаа. 2022 оны арванхоёрдугаар сард Токиогийн Их дуулгад барилдаж байхдаа өрсөлдөгч жүдочийн мэхнээс гарахаар хичээн хүчтэй дүлснээс хагас жилийн өмнөх хагалгааны зовуурь дахин сэдэрчээ. Токиогоос буцах зам түүний хувьд амар байсангүй. Медальгүй, бас Солонгосоор дайрч, эмнэлэг бараадахаас аргагүй болов.
Өчигдөр, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд зодоглосон Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөө барилдаж Испанийн тамирчинд ялагдсан юм.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Э.Сумъяабазар Туркийн тамирчинтай дагах барилдаан хийж унаад байна. Харин өнөөдрийн гол найдвар Цэнд-Очирын Цогтбаатар билээ. Хэсгийн барилдаанууд 16:00 цагаас эхлэх бөгөөд Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Киприйн 20 настай залуу жүдочтой барилдах юм.
