Сүүлийн гурван жилд дараалсан олон амжилт гаргасан нь түүнийг энэ цаг үеийн анхаарлын төвд авчрав. Токиогийн олимпоос хүрэл медаль хүртэж, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгуудад толгой дараалан түрүүллээ. Нэг жилд гурван Их дуулга шүү дээ. Зөвхөн энэ амжилт гэхэд л Монголд төдийгүй дэлхийд түүнээс өмнө нэг жүдочид нэгэн зэрэг ирээгүй тул тэр анхных нь болсон юм. Харин өнгөрсөн жил Парисын Их дуулгаас хүрэл, Улаанбаатарын Их дуулгаас мөнгөн медаль хүртэж, ДАШТ-д түрүүлсэн билээ. Өнөө жил Антальяагийн Их дуулгаас мөнгөн медаль хүртээд байна. Тэр бол Монголын ард түмний итгэл найдвар Цэнд-Очирын Цогтбаатар. Час халуун, цоо шинэ амжилт, тэгээд амьсгаа дөнгөж даран зогсох залуу тамирчны хуваалцахгүй, дагаад баярлахгүй байх аргагүй инээмсэглэл олон хүний зүрхэнд эрчим түгээнэ.
Ц.Цогтбаатар 2020 онд өвдгөө гэмтээн олимпод зодоглох жүдоч хүний хувьд жижиг бус бэртэл авав. Бэлтгэл сургуулилалтаа ч хийж чадахгүй нэлээд удах нь тэр. “Аз болж” цар тахлаас үүдэн Токиогийн олимпын товыг хойшлуулсан талаар мэдээ ирсэн нь түүнд “боломж” олголоо. Энэ бол тун таатай зурвас үе байлаа.
Тамир оролддогоос авахуулаад тамирчин болсон үе үеийнхний бэлтгэлийн том цүнхээ хүсэл мөрөөдөл, хүч хөдөлмөртэйгөө даан алхалж өндөр босгыг нь элээн байдаг Спортын төв ордон Монголын спортын ирээдүйг өдөр бүр дуу шуутай угтан улам олуул өнөр өтгөн болсоор буй. Үүд хавиар хөгжилдөн холхих хүүхдүүдээс ирээдүйд хэчнээн нэр тив, дэлхийд цуурайтахыг таашгүй. Одоо тэгээд хэн нэгнийг нь тогтоож амжих ч биш, дэргэдүүр нь шуудхан өнгөрч жүдогийн заал руу оров. Үндэсний шигшээ баг бэлтгэл хийж байна. Шигшээ багийн залуу тамирчид татамид ёсолж, дэлхийн аварга Ц.Цогтбаатарт хүндлэл үзүүлээд сая завсарлалаа. Түүнийг эс таних хүн ч энд нэн хүндтэй, үлгэр жишээ, үнэ цэнтэй хэн нэг тамирчин буйг ойлгоно.
Үндэсний шигшээ багийн тамирчдыг 2022 оны аравдугаар сард Ташкентад болсон ДАШТ-д явахын өмнөхөн “Winner” клубийн хүүхдүүд ирж хамтарсан бэлтгэл хийх үед Б.Халиунболд гэх хүүхэд Ц.Цогтбаатарыг алт, Японы тамирчин мөнгөн медалийн тавцанд зогсож байгаагаар зураад, хажууд нь төрийн дууллын үгийг бичиж “Та дэлхийн аварга болно оо” хэмээгээд бэлэглэжээ. Ц.Цогтбаатар өсвөрийн жүдочийн хүсэл зөнг биелүүлээд ирсэн билээ.
Тэрээр 2014, 2015 онуудад өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээр олон улсад амжилтын мөрөө анх гаргасан юм. Харин 2016 онд Риогийн олимпод оролцохдоо Гватемала, Финландын бөхчүүдийг ялж, Өмнөд Солонгосын Ким Вон Жинд ялагдан тэмцээнээ өндөрлүүлэв. Ц.Цогтбаатар “Барилдахаа ер нь больё доо, хүн ялахгүй хэр нь улсын зардлаар тэмцээнд яваад яах ч юм. Ингэж байхаар амьдралаа бодъё” гэж бодож ч үздэг юм байна. Энэ ялагдлаас арван сарын дараагаас тэрээр олон улсын татамид эргэн ирэх болно.
“Надад 2016 оноос хойш олимп, дэлхийн медальтай болчих боломж олон байсан. Миний төлөвшил дутаад байв уу, эсвэл цаг хугацаа нь болоогүй байсан ч юм уу, бүх боломжоо ашиглаж нэг л чадахгүй явсан.Танил ах хүү “Цогт оо, чи нэг л өдөр дэлхийн аварга болно оо” гэж хэлж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Багш маань “Тэр өдөр хэн одтой, хийморьтой, цогтой байгаа нь л дэлхийн аварга болдог” гэсэн нь ч үнэн санагдсан. Хэчнээн хичээсэн ч жижигхэн алдаанаас, санаагүй хүндээ ялагдах ч үе байдаг. Тухайлбал, 2021 онд ДАШТ-ий эхний тойрогт ОХУ-ын хүчтэй бөхийг ялчихаад, дараагийн барилдаандаа Унгарын 41 настай тамирчинд ялагдчихдаг юм даа. Унгарын тамирчин миний тооцоонд ёстой байгаагүй. Тамирчид олимп, ДАШТ-д амжилт гаргасныхаа дараагаар хэсэг хугацаанд амарч, завсарлага авдаг. Харин би Токиогийн олимпын дараа ер амраагүй. Амжилтаа улам ахиулахыг хүсч, дэлхийн аварга болох зорилготойгоор бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийсэн. Тэгээд зорилгодоо ч хүрлээ”.
Ц.Цогтбаатар 2020 онд өвдгөө гэмтээн олимпод зодоглох жүдоч хүний хувьд жижиг бус бэртэл авав. Бэлтгэл сургуулилалтаа ч хийж чадахгүй нэлээд удах нь тэр. “Аз болж” цар тахлаас үүдэн Токиогийн олимпын товыг хойшлуулсан талаар мэдээ ирсэн нь түүнд “боломж” олголоо. Энэ бол тун таатай зурвас үе байлаа. Бэртлээ ч эдгээж, бэлтгэл сургуулилалтаа сайн базаахаар шулуудав.
"Мянган шөнө уйлаад аав нь хүүгээ олимпод барилдахыг үзэх гээд эргээд ирэхгүй. Гэж бодоод мартагная байз гэхээр бас тийм богинохон хугацаанд мартагдчих хүн биш шүү дээ, аав. Хүн болгонд аав нь баатар байдаг. Би аавынхаа хийж байгаа үйлдэл, хэлж байсан үгс гээд бүхий л зүйлээр нь бахархдаг байлаа".
“Хагалгаанд орохгүй л бол тамирчдад бэртлээ бүрэн эдгээх боломж байдаггүй. Миний хоёр өвдөг, шагай цоо эрүүл биш, байнгын боолттой барилддаг юм. Гэтэл ид амжилт гаргах боломжит үедээ хагалгаа хийлгэчих юм бол маш их цаг хугацааг алдана. Хожим оношоо тодруулаад, маш сайн эмчилгээ хийлгэх хугацаа надад гарах биз ээ. Би 73 кг-ийн жинд барилддаг хэр нь эрүүл мэндийн асуудлаас болоод 69 кг жинтэй болтлоо хөнгөрөөд байна".
Хамгийн чухал, хамгийн их хүлээсэн, чухам үүнд л гэж цаг мөч бүрд бэлдсэн 2021 оны Токиогийн олимпын өмнөхөн түүний хувьд хэнээс ч эрхэм хүн аав нь нас барав. Олимп, аав хоёр цуг байхыг тэр хүссэн. Одоо аав байхгүй болов. Хүний амьдралд ганцхан тохиолдох энэ хагацал Ц.Цогтбаатарыг сэтгэл зүйн хувьд уналтад хүргэжээ. Тэрээр үнэнтэй зөрчилдөн хүүгийн хувьд хэдийд энэлэн зогсох хүртэл сул баймаар байвч тэр олимпын тамирчин гэдгээ яах билээ. Үнэнтэй эвлэрэх, аавынхаа нэрийг олимпын амжилтын оргилд хорвоогоор дүүрэн дуурсгахаар эрс шийдсэн байна.
“Мянган шөнө уйлаад аав нь хүүгээ олимпод барилдахыг үзэх гээд эргээд ирэхгүй. Гэж бодоод мартагная байз гэхээр бас тийм богинохон хугацаанд мартагдчих хүн биш шүү дээ, аав. Хүн болгонд аав нь баатар байдаг. Би аавынхаа хийж байгаа үйлдэл, хэлж байсан үгс гээд бүхий л зүйлээр нь бахархдаг байлаа. Би аав ээжээсээ зориг, хатуужил, өрөвч зөөлөн сэтгэлийн аль алиныг адилхан авсан. Аав ээж хоёр маань намайг цэвэрч нямбай сайхан хүү болгох гэж бас их хичээсэн дээ. “Хүн ямар ч орчин нөхцөлд амьдарч байсан цэвэрхэн оймстой, цэвэрхэн гуталтай явж болдог юм” гэж надад захина аа. Би гутлаа муухай болгохгүйн тулд гэрээсээ засмал зам хүртэл гуталдаа уут углаж явдаг байсан. Мөн орой болгон гэртээ орж ирээд оймсоо угаахаар тэд маань их магтдаг сан”.
Өнгөрсөн оны ДАШТ-ий өмнөх зургаадугаар сард түүнд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэж, мэс засалд ороод байв. Энэ явдал түүний хувьд багагүй сорилт, бас болгоомж төрүүлж байлаа. 2022 оны арванхоёрдугаар сард Токиогийн Их дуулгад барилдаж байхдаа өрсөлдөгч жүдочийн мэхнээс гарахаар хичээн хүчтэй дүлснээс хагас жилийн өмнөх хагалгааны зовуурь дахин сэдэрчээ. Токиогоос буцах зам түүний хувьд амар байсангүй. Медальгүй, бас Солонгосоор дайрч, эмнэлэг бараадахаас аргагүй болов.
Түүнтэй өмнө нь тааралдахад хажуугаар дугуйтай давхиж өнгөрсөн юм. Ер нь цаг агаар дулаан л бол Улаанбаатар хотын замын түгжрэлд Та ч бас түүнийг дугуй жийгээд явж байхыг харах боломжтой. “Өглөө есөн цагийн бэлтгэлд Модны 2-оос Спортын төв ордон руу машинтай очихын тулд цаг гаруй түгжирч, маш их энергээ алдддаг. Дугуйгаар бол өглөөний цайгаа тухтай уучихаад 10 минутад жийгээд л бэлтгэлдээ очно”.
"Ялах ч бай, ялагдах ч бай өөрийн санасан мэхээ зоригтой хийж, дайчин барилдахыг эрмэлздэг. Тийм болохоор үүнээсээ болж алдаа гаргах тохиолдол бий. Спортод амжилт гаргахад хувь хүний амьдралын замнал, зан чанар нөлөөлдөг гэж боддог. Бэлтгэл сургуулилтаа хичээж хийхийн сацуу зөв хүн байж чадвал заавал амжилт ирнэ”.
Ц.Цогтбаатар их спортод гялалзан гарч ирснээр түүнийг сонирхох, тухай нь илүү ихийг мэдэхийг хүсэгчид олон болж эхэлсэн. Тэр хаана, хэнтэй амьдардаг, түүний хүсэл, бодол, зорилго юу юм гээд л… Би ч бас ингэж л яваа хүн.
“Ялагдаад эсвэл ядраад гэртээ орж ирэхэд хүүгээ хараад л сэтгэл онгойчихдог. Аав болоход “Хичээх юм шүү, сайн байх ёстой шүү” гэдэг эхнэр, хүүгийнхээ өмнө хүлээх гэрэлтэй хариуцлага мэдрэгдсэн. Хэдий олимп, дэлхийн медальтан байлаа ч хүний амьдралын хамгийн том аз жаргал бол үр хүүхэдтэй, элэг бүтэн амьдрал байдаг”.
“Тамирчид удаан хугацаанд хийсэн бэлтгэлээ үр дүнгүй болгохгүйн тулд амралтаа бэлтгэл сургуулилалттайгаа уялдуулах нь чухал. Би өдөр бүр 1-2 удаа бэлтгэл хийж байна. ДАШТ, олимп, Азийн АШТ, Азийн наадам гэсэн чухал тэмцээний өмнө шигшээ багаараа хөдөө байрлаж, 14-20 хоногийн хугацаанд өдрийн гурван удаагийн бэлтгэл хийдэг. Би бэлтгэлийн үед өөрийнхөө нөөц бололцоог бүрэн шавхахыг эрмэлздэг юм. Мөн ганцаараа суугаад дуу сонсох, оролцох гэж байгаа тэмцээндээ амжилт гаргаж байгаагаар төсөөлөн бодож төвлөрдөг. Том тэмцээний өмнө зайлшгүй өөртөө тухайлан цаг зав гаргадаг. Хүнд суурь хүмүүжил чухал гэж ярьдаг шиг тамирчны бэлтгэлийн суурь зөв байж л амжилт гаргана. Анхнаасаа буруу, дутуу дулимаг тавигдсан суурь хэзээ ч засрахгүй. Надад жүдо бөхийн “А” үсгийг заасан багш маань Ц.Шийрэв. Тэр хүн надад жүдогийн зөв суурь, зөв ойлголтыг суулгаж өгснөөр би амжилтад хүрсэн”.
Ц.Цогтбаатарын дайчин барилдаан түүнийг ихэнхдээ амжилтад хүргэх авч, заримдаа сул тал болж, ялагдахад ч хүргэдэг гэмтэй. Өнгөрсөн онд Токиогийн Их дуулга тэмцээний хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын тамирчинд ялагдахад түүний талаар үзэгчид “Цогтбаатарын хий ер буухгүй юм” гэж халагласан яриа дэгдээсэн. “Би дэвжээн дээр үргэлж л ялалтын төлөө тэмцдэг. Ялах ч бай, ялагдах ч бай өөрийн санасан мэхээ зоригтой хийж, дайчин барилдахыг эрмэлздэг. Тийм болохоор үүнээсээ болж алдаа гаргах тохиолдол бий. Бэлтгэлийн заал миний хоёр дахь гэр. Жүдо бөхийн хүрээний найз нөхөд, ах дүүсээ гэр бүлийн маань гишүүд гэж боддог. Бэлтгэл хийхгүй багахан хугацаа өнгөрөхөд л найз нөхөд, хамт олон, багш дасгалжуулагч нараа ихэд санаж үгүйлдэг юм. Спортод амжилт гаргахад хувь хүний амьдралын замнал, зан чанар нөлөөлдөг гэж боддог. Бэлтгэл сургуулилтаа хичээж хийхийн сацуу зөв хүн байж чадвал заавал амжилт ирнэ”.
“Сайн байна уу, аварга аа. Хамт зургаа даруулчих уу?” гэсээр түүнийг хүмүүс хаа сайгүй халуун дотноор хүлээж авдаг. Тэр ч хүмүүсийн энэ байдалд төвөгшөөдөггүй. “Багадаа хэн нэгэн амжилттай хүнийг харвал “Хамт зургаа даруулчих юм сан” гэсэн бодол төрдөг байсан болохоор инээгээд ирсэн хүн болгонтой л инээгээд зургаа даруулахыг хичээдэг. Олон жил хичээж, хөлсөө урсгасан ядралтынхаа дараагаар медалийн тавцан дээр Төрийн дууллаа сонсоод зогсож байх нь тамирчны аз жаргал, баяр баясал билээ. Харин бүхий л үед нэг л зангаараа байх ёстой. Тиймээс би дэлхийн аварга болсон ч хүмүүстэй харилцахдаа өнөө л хуучин шигээ байхыг хичээдэг. Монголын ард түмэн, тусалж тэтгэдэг олон хүмүүс, гэр бүлийнхнийхээ хүслийг биелүүлж яваадаа маш их баярладаг юм. Багш нар маань бидэнтэй адилхан цаг хугацааг гэр бүлээсээ хол өнгөрүүлж байгаа тул амьдралынх нь үнэт хормуудыг дэмий үрвэл муухай шүү дээ” хэмээн тэрээр ярьсан юм.
2016 оны Рио дэ Жанейрогийн олимпын наадмын үеэр нэгэн залуухан тамирчны хөлөө жийгээд уйлж суугаа зураг фэйсбүүкээр цацагдсаныг санаж байна уу? Тэр бол 2021 оны олимпын хүрэл медальт, 2022 оны дэлхийн аварга Ц.Цогтбаатар билээ.
Арван нэгэн настайгаасаа жүдо бөхөөр хичээллэсэн Ц.Цогтбаатар багаасаа л барилдах сонирхолтой, ах нартайгаа ноцолдож өссөн хүүхэд байв. Сүүлийн хоёр жилд оролцсон уралдаан тэмцээнүүдийнхээ өмнө тэрээр барилдах тамирчдаа сайтар судалсан байна. Ингэхдээ үргэлж багш нартайгаа зөвлөлдөж, бүх мэдээллийг оюутан сурагч хүн шиг л бичиж тэмдэглэж авна.
“Олон улсын тэмцээнд явахад бүх л тамирчинд зардлын асуудал тулгардаг. Өнгөрсөн онд зохион байгуулагдсан Токиогийн Их дуулгын тэмцээнд л гэхэд ДАШТ-ээс медаль хүртсэн болон өмнөх тэмцээнүүдэд сайн барилдсан цөөн тамирчин л явсан. Биеийн тамир спортын Улсын хорооноос тамирчдын гадаад руу тэмцээнд явах төсвийг жил бүр баталдаг юм. Жүдо бөхийн тамирчдад хуваарилсан зардал ихгүй. Нэг тэмцээнд 20 тамирчны бүрэлдэхүүнтэй явна гэж тооцоход хоёр л тэмцээний зардал оногддог. Харин жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч маань зарим тохиолдолд хувиасаа тамирчдын зардлыг гаргадаг учраас спортын бусад төрлийнхнөөс олон тэмцээнд явах боломж жүдочдод олддог. Зарим тохиолдолд зохион байгуулагчид тэмцээнээ чансаатай болгохын тулд олимп, дэлхийн медальтай тамирчдыг урилгаар оролцуулдаг байсан. Гэхдээ энэ байдал сүүлийн үед дэлхий даяар багасч байна”.
Ц.Цогтбаатар тамирчны замналынхаа дөнгөж л дунд хэрд нь явна. Энэ зам хэр гэрэлтэхийг, өрнөл яаж тавигдахыг одоогоор хэн ч мэдэхгүй. Гэхдээ тэрээр Монголын шилдэг тамирчин. Ард түмний гол итгэл найдвар. Түүнийг гялалзаасай, тэгэхдээ бүр олон жил гялалзаасай гэж хүмүүс хүсдэг. Түүний амжилтын төлөө телевизийнхээ өмнө дэвхрэн үсэрч, цурхиран уйлж, алгаа хавсраад догдлон суудаг олон хүн бий. Энэ бүхэн Ц.Цогтбаатарын жүдо бөхөөр бүтээгээд буй үнэ цэн юм. 2016 оны Рио дэ Жанейрогийн олимпын наадмын үеэр нэгэн залуухан тамирчны хөлөө жийгээд уйлж суугаа зураг фэйсбүүкээр цацагдсаныг санаж байна уу? Тэр бол 2021 оны олимпын хүрэл медальт, 2022 оны дэлхийн аварга Ц.Цогтбаатар билээ.
(Энэхүү хөрөг нийтлэл нь "Гэрэг" сэтгүүлийн "The New York Times"-тай хамтарсан "Turning Points" дугаарт нийтлэгдсэн. )
Гэрэл зургийг: Г.Ананд