Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Та хуулийн дагуу мартагдаж болно гэдгээ мэдэх үү?


Хайртай дотны хүмүүстээ мартагдах, тэдний дурсамжаас арчигдана гэдэг хэний ч хувьд хүсүүштэй зүйл биш. Харин хуулийн дагуу “мартагдана” гэдэг бол эсрэгээрээ тийм ч муу зүйл биш, цаашлаад мэдээллийн эрин зуунд амьдарч буй хэн бүхний мэдвэл зохих чухал эрхүүдийн нэг юм. Тэгвэл та бид энэ эрхээ хэзээ, хэрхэн яаж эдлэх талаар энэ удаа хүргэж байна. 

Google Spain vs. Марио Костеяа Гонзалез 

1998 онд Испанийн хэвлэл мэдээллийн компани болох La Vanguardia нь Испанийн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр иргэдийн нийгмийн даатгалын өрийг албадан барагдуулах зорилгоор хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нийтэлжээ. Тэдний дунд Испанийн иргэн Марио Костеяа Гонзалезийн нэр багтсан байв. 

Эл явдлаас үүдэн 2009 онд Марио тухайн сонины газарт нэгэн хүсэлт илгээсэн нь хуульчдын дунд томоохон маргаан, мэтгэлцээн өрнөхөд хүрчээ. Google-ээс Мариогийн нэрээр хайлт хийхэд нийгмийн даатгалын өртэй гэх 1998 оны мэдээлэл гарч ирсэн тул тэрбээр уг мэдээллээ устгуулах хүсэлт тавьсан аж. 11 жилийн өмнөх хуучирсан мэдээлэл хайлтын систем байх нь ач холбогдолгүй гэж Марио маргасан байна. Харин тухайн сонины газраас Мариогийн мэдээлэл агуулсан нийтлэлийг Испанийн Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр гаргасан тул устгах боломжгүй гэх хариу өгчээ. Гэвч олон жилийн маргааны үр дүнд 2014 онд Европын Хүний эрхийн шүүхээс Мариогийн мэдээллийг Google-ийн хайлтын системээс устгах шийдвэр гаргажээ. 

Энэ бол Европын холбоо даяар хэрэгжиж буй “Хүний хувийн мэдээлэл хамгаалах ерөнхий журам” гэх томоохон хууль зүйн баримт бичигт анх томьёолон хуульчилсан “мартагдах эрх” хэмээх ойлголтыг илэрхийлсэн нэг жишээ юм. 

Хүн хувийн мэдээллээ хаана, хэнд өгөх, ямар зорилгоор ашиглуулахаа шийдэх бүрэн эрхтэй байдаг. Энэ “хяналт”-ыг хэрэгжүүлэх нэг элемент нь бусдад хадгалагдаж буй хувийн мэдээллээ устгуулах буюу “мартагдах” эрх юм.

Хуулийн дагуу “мартагдана” гэж юу вэ?

Мартагдах эрх гэдэг нь энгийнээр та аль нэг компани эсхүл иргэнд өгсөн мэдээллээ устгуулах эрх юм. Хүн хувийн мэдээллээ хаана, хэнд өгөх, ямар зорилгоор ашиглуулахаа шийдэх бүрэн эрхтэй байдаг. Энэ “хяналт”-ыг хэрэгжүүлэх нэг элемент нь бусдад хадгалагдаж буй хувийн мэдээллээ устгуулах буюу “мартагдах” эрх юм. 

Монгол Улс 2021 онд “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хуулийг баталж 2022 оны тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлснийг та бүгд мэдэх байх. Уг хуулиар мэдээллийн эзэн буюу иргэн өөрийн мэдээллээ устгуулах хүсэлтийг мэдээлэл хариуцагч буюу тухайн мэдээллийг хадгалж, боловсруулж, ашиглаж буй этгээдэд гаргах эрхийг баталгаажуулсан байдаг. Мартагдах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхүүдийн нэг бөгөөд мэдээллийн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй шууд холбоотой гэж ойлгож болно. 

Та зээлийн аппликэйшнд бүртгүүлж иргэний үнэмлэх, дансны мэдээлэл, зээлийн болон хөрөнгийн зэрэг мэдээллээ өгчхөөд дараа нь тухайн үйлчилгээг авахаас татгалзсан ч таны мэдээлэл тухайн ББСБ-д хадгалагдаж үлдэнэ. Энэ тохиолдолд ББСБ-д таны мэдээллийг хадгалж, боловсруулах шаардлага байхгүй учир та мэдээллээ устгуулах эрхтэй.

Мэдээллийн эзэд, нэн ялангуяа цахим орчинд хувийн мэдээлэл цуглуулдаг хуулийн этгээдийн нэн тэргүүний зарчим нь “Idatity”-г чандлан мөрдөх гэж барууны эрдэмтэд үзэж байна. “Idatity” нь “Identity” болон “Data” гэх үгсийн нийлбэр бөгөөд хүний хувийн мэдээллийн халдашгүй, бие даасан байдлыг хамгаалах гэсэн утгатай үг юм. Хувь хүн мэдээллээ устгуулах буюу мэдээллийнхээ хувь заяаг өөрөө шийдэх нь “Idatity” гэх ойлголттой шууд холбоотой ба энэ боломжийг хуулиар олгосон нь мартагдах эрх билээ. Жишээ нь, та банк бус санхүүгийн байгууллагын зээлийн аппликэйшнд бүртгүүлж иргэний үнэмлэх, дансны мэдээлэл, зээлийн болон хөрөнгийн зэрэг эмзэг байж болохуйц мэдээллээ өгчхөөд дараа нь тухайн ББСБ-аар үйлчлүүлэхээс татгалзсан ч таны мэдээлэл тухайн ББСБ-д хадгалагдаж үлдэнэ. Энэ тохиолдолд ББСБ-д таны мэдээллийг хадгалж, боловсруулах шаардлага байхгүй учир та мэдээллээ устгуулах эрхтэй. 

Тэгвэл мэдээллээ устгуулахгүй байх нь ямар эрсдэл дагуулж болох вэ? Юун түрүүнд таны цаашид мэдээллийг өөр зорилгоор ашиглах эрсдэл үүснэ. Хоёрт, “Idatity” буюу хувийн мэдээллийн халдашгүй байдал зөрчигдөж, хувь хүн өөрийн мэдээллээ бүрэн хянах боломжийг хязгаарлах юм. Хяналтаас гарсан тохиолдолд таны хувийн мэдээллийг хэн, ямар зорилгоор ашиглаж байгааг мэдэх аргагүй болно. Цаашлаад таны мэдээллийг таны эсрэг ашиглах ч эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй юм. 

Хувийн мэдээлэл нь хувь хүнийг нийгэмд тодорхойлох нэгэн чухал хүчин зүйл бөгөөд хүний нэр төр, эрхэм чанартай шууд холбогддог. Та олон жилийн өмнө санхүүгийн хүнд нөхцөлд орсон, компани тань дампуурсан, цаашлаад бүр гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэл нь тухайн зөрчил арилсны дараа ч хожим таны амьдралд “гай” тарьж мэднэ. Олон жилийн өмнөх мэдээллээр одоогийн таныг үнэлэх нь шударга биш санагдаж мэдэх ч нийгэмд уг бичигдээгүй хууль үйлчилсээр байгаа билээ. 

Та олон жилийн өмнө санхүүгийн хүнд нөхцөлд орсон, компани тань дампуурсан, цаашлаад бүр гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэл нь тухайн зөрчил арилсны дараа ч хожим таны амьдралд “гай” тарьж мэднэ. 

Тэгвэл мартагдах эрхийг хэрэгжүүлснээр олон жилийн өмнөх хуучирсан мэдээлэл таны одоогийн амьдралд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ. Жишээ нь, Германы нэгэн иргэн 1982 онд хүн амины хэргээр яллагдан хоригдож байсан аж. Гэтэл 1999 онд Германы томоохон хэвлэл болох Der Spiegel тус аллагын талаар цахим хуудастаа мэдээлжээ. Уг иргэн ялаа бүрэн эдэлж дуусгаад 2002 онд суллагдсан бөгөөд өөрийнх нь холбогдсон хэргийн талаар Der Spiegel мэдээлснийг 2009 онд олж мэдэн нийтлэлээс өөртэй нь холбоотой мэдээллийг устгуулах хүсэлт гаргасан байдаг. Германы Холбооны Үндсэн Хуулийн Шүүх түүний нэхэмжлэлийг хангаж, тухайн мэдээллийг устгах шийдвэр гаргасан юм. 

Эндээс үзвэл мартагдах эр” нь дан ганц хувийн мэдээллийн халдашгүй байдал, мэдээллээ хянах гэхээс илүүтэй таны энэ насандаа, магадгүй нас барсны дараа ч нийгэмд ямраар ойлгогдохоо шийдэх боломжийг олгож буй чухал ач холбогдолтой эрх юм. 

Мартагдах эрх бол таны энэ насандаа, магадгүй нас барсны дараа ч нийгэмд ямраар ойлгогдохоо шийдэх боломжийг олгож буй чухал ач холбогдолтой эрх юм.

Ямар тохиолдолд мартагдахгүй “эрх”-гүй вэ? 

Хүний эдэлж болох аливаа эрхийг дотор нь хязгаарлаж болох эрх болон ямар ч нөхцөлд хязгаарлаж  үл болох эрх гэж ангилдаг. Тухайлбал, дайн, онц байдлын үед хүний хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхийг хязгаарлаж болдог бол итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрхийг ямар ч нөхцөлд хязгаарлаж болдоггүй. Тэгвэл  мартагдах эрх нь  хэзээд баталгаатай хэрэгждэг абсолют эрх биш юм. Өөрөөр хэлбэл, мартагдах эрхийг хэрэгжүүлэх тодорхой тохиолдлуудыг хуулиар тогтоосон байдаг. Монголын Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар мартагдах эрх буюу мэдээллээ устгуулах эрхийг дараах нөхцөлд хэрэгжүүлэхээр заажээ. Үүнд:

  • Мэдээллийг цуглуулахдаа хууль зөрчсөн;

  • Хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр мэдээллийг устгахаар мэдээлэл хариуцагчид үүрэг хүлээлгэсэн; 

  • Хуульд заасны дагуу цуглуулж, боловсруулснаас бусад мэдээллийг анх цуглуулсан зорилгод хүрсэн, эсхүл гэрээнд заасан, эсхүл харилцан тохиролцсон; 

  • Мөн энэ хууль болон бусад хуулиар мэдээллийг устгахаар заасан тохиолдолд. 

Мартагдах эрхээ яаж эдлэх вэ? 

Монгол Улсын хуулиар мэдээллийн эзэн нь дээр дурдсан дөрвөн нөхцөлийн аль нэгийг бүрдсэн гэж үзвэл мэдээллийг боловсруулж, цуглуулж байгаа этгээдэд мэдээллээ устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Жишээ нь, та зээл авахаар мэдээллээ өгсөн ББСБ-д хандан мэдээллээ устгуулах хүсэлт гаргаж болно гэсэн үг юм. 

Мэдээллээ устгуулах үндэслэл бүрдсэн байхад мэдээллийг устгахгүй байвал та хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах боломжтой. Харин төрийн байгууллага энэ үүргээ хэрэгжүүлээгүй бол дээд шатны захиргаа, мөн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжийг хуулиар олгосон байдаг. 

Монгол Улсын хуулиар мэдээллийн эзэн нь дээр дурдсан дөрвөн нөхцөлийн аль нэгийг бүрдсэн гэж үзвэл мэдээллийг боловсруулж, цуглуулж байгаа этгээдэд мэдээллээ устгуулах хүсэлт гаргах эрхтэй.

Нөгөөтээгүүр таны хүсэлтийн дагуу тухайн байгууллага цуглуулсан мэдээллээ устгасан хэмээн мэдээлж болох ч бодит байдал дээр устгасан эсэхийг бүрэн нягтлах боломж хомс юм. Ялангуяа сервер, үүлэн болон блокчэйн технологи нэвтэрсэн өнөө цагт мартагдах эрхийг хэрэгжүүлэхэд зарим талаар хүндрэл учирдаг байна. 

Судалгаанаас үзвэл Google компани 2014 оноос хойш нийт 765,946 URL устгаж, хэрэглэгчдээс ирсэн хүсэлтийн 40.3 хувийг биелүүлж, мартагдах эрхийг нь хэрэгжүүлсэн гэх тооцоо гарчээ. 

Харин Google гэх мэт хайлтын системээс бусад мэдээлэл боловсруулагчдын хувьд цуглуулсан мэдээллээ устгасан эсэхийг нотлох ярвигтай ч мэдээллийг тодорхойлох боломжгүй болгох (anonymization) зэрэг аргыг ашиглан мэдээллийг устгах технологийн шинэлэг шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх шаардлагатай. 

Холбоотой мэдээлэл: Хувийн мэдээллээ яг одооноос хамгаалж эхлэх 5 шалтгаан

Онцгой хамгаалалттай "эмзэг мэдээлэл"-ийнхээ талаар та хэр сайн мэдэх вэ?

UB.LIFE-ийн түүхүүд: Хувийн мэдээллээ хамгаалах тухайд хүн бүрд сургамж өгөх 7 түүх

Q&A: Фэйсбүүкийн чатыг скрин шот хийж задруулах нь хүний нууцад халдсан хэрэг мөн үү?


Нийтлэлийг бэлтгэсэн: Өмгөөллийн "Номин энд Адвокатс" ХХН-ийн партнер, хуульч, өмгөөлөгч Б.Амарбат

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
20 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.