Румын улсын нийслэл Бухарест хотод Европын аварга шалгаруулах сонгомол барилдаан, чөлөөт бөхийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд ОХУ-ын шигшээ баг визийн улмаас бүтэн баг оролцуулж чадаагүй. Гэхдээ тэд 3 алт, 5 мөнгө, 7 хүрэл, нийт 15 медальтай нутаг буцсан билээ.
Орос бөхчүүд Украины дайны улмаас тэмцээн уралдаанд оролцох боломж нь хаагдаж, олимпод орох эсэх нь эргэлзээтэй болоод байгаа нь бодит явдал. Энэ бүхнээс болон дотоодын ширүүн өрсөлдөөнөөс эмээсэн орос бөхчүүд олноороо иргэншлээ сольж байгаа. Оросууд дайны өмнө ч гадаад улсын нэрийн өмнөөс барилдах нь жирийн хэрэг байсан. Гэхдээ жингийнхээ шилдэг нь биш сэлгээг л явуулдаг байлаа. Харин одоо гарч ирсэн шинэ үзэгдэл бол Оросын шилдэг бөх нь гадаад оронд гарсан бөхчүүдээ ялдаггүй болж ирсэн явдал юм.
Өнгөрсөн Европын АШТ-д гадаад оронд шилжсэн 4 орос бөх тивийн аварга боллоо. Тэд бол Ислам Дудаев (Албани), Таймураз Салказанов (Словак), Александр Комаров (Серби), Даурен Куруглиев (Грек) нар юм.
Мөн мөнгөн медалийг Зелимхан Абакаров (Албани), Магомедхабиб Кадимагомедов (Беларусь), Борис Макоев (Словак), Магомедхан Магомедов (Азербайжан), хүрэл медалийг Рамазан Рамазанов (Болгар), Исмаил Мусукаев (Унгар), Владислав Байцаев (Унгар), Ален Хубулов (Болгар), Абу-Муслим Амаев (Болгар), Данила Сотников (Итали) нар хүртлээ.