Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Хоёрдугаар сарын 22-ноос эхлэн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатнаа тоглох билээ. Бид энэ удаа Үндэсний шигшээ болон "Бишрэлт Металл" багийн хамгаалан тоглогч Түмэнбаярын Ууганбаярыг онцлон, түүний тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт явагдсан Үндэсний Дээд лигийн хагас шигшээ тоглолтод "IHC Apes"-ийн эсрэг хожлын шидэлтийг оруулж, улмаар баг нь цувралыг 2:1-ээр тэргүүлж байгаа юм.
#1
Тэрбээр Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улирлын нэг тоглолтод трибл дабл хийсэн цорын ганц тоглогч юм. Тодруулбал, "Баянгол Харцага" багийн эсрэг 17 оноог авч, 17 удаа самбараас бөмбөг шүүрсэн агаад мөн 11 оновчтой дамжуулалтыг өгчээ. Тэр ийм л элдэвтэй тоглогч.
#2
Т.Ууганбаяр Булган аймгаас гаралтай. Их сургуульд элсэж, Улаанбаатарт ирэхдээ "Тэнүүн-Өлзий" багт тоглогчоор нэгдсэн. Өдгөө найм дахь улиралдаа тууштайгаар тус багийн бүрэлдэхүүнд хүчин зүтгэж байна.

#3
2022-23 оны улиралд тэрбээр Дээд лигт олон үзүүлэлтээрээ онцгойрсон. Тухайлбал, улирлын туршид зургаагаас дээш оновчтой дамжуулалт дундчилсан ганцхан тоглогч байсан нь Т.Ууганбаяр. Түүнчлэн сүүлийн гурван улирлын Дээд лигт 200 удаа самбараас бөмбөг шүүрсэн цорын ганц тоглогч юм.

#4
Т.Ууганбаяр "Үндэсний лиг"-ийн 2018-19 оны улирлын Тэргүүн хэсгийн "Шилдэг шинэ залуу тоглогч"-оор тодорч байсан.

#5
Түмэнбаярын Ууганбаяр Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Монголын шигшээ багийн анхны оноог авчирлаа. Өнөөдөр Хятадын шигшээ багтай хийсэн тоглолтын эхэнд авсан түүний оноо Монголын сагсан бөмбөгийн спортод түүхэн тодотголтойгоор үе дамнан дуурсагдах учиртай.

#6
Түүний бөмбөг таслах, самбараас шүүрэх болон оновчтой дамжуулалт өгөх чадварыг онцлохгүй байхын аргагүй. Мөн хурдтай тоглолтын хэв маяг нь довтолгооны эрчмийг дэмжиж, багийнхаа тоглолтод олон талаар давуу байдлыг бий болгодог. Тэрбээр тоглолтын хувьд, яг л бяцхан "хамелеон" шиг дүрээ хувирах шидтэй.
#7
Т.Ууганбаяр 1998 онд төрсөн. Өдгөө "Бишрэлт Металл" багийн гол тоглогчдын нэг болж, цөөнгүй шүтэн бишрэгчдийг өөртөө татжээ. Зан характер зөөлөн, элдэв асуудал тарьж чих халууцуулдаггүй нь түүнийг дэмжих том шалтгаан болдог биз ээ. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуучуудын хувьд, Т.Ууганбаяр бол үлгэр жишээ тоглогч юм.
