Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг


1999 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн Гуравдугаар сарын 21-нийг "Дэлхийн яруу найргийн өдөр" болгон тунхагласан юм. Зохиолч П.Майнбаяр “Барьж үлдэж чадсан мөч хором мөнх”. Тухайн шүлгийг барьж үлдэж буй мөч, шүлэг зохиол бичих орон зайн бол бичээч хүний хувьд мөнхийн юм. Амьдрах хугацаандаа байгаль ертөнцийн үзэгдэл юмсыг өөртөө нээж, барьж авч үлдэж, амьдралд тохиолдох мөчүүдийг зүрх сэтгэлдээ хадгалж чадсан бол чи мөнхийн хүн. Харамсах зүйл байхгүй. Чиний бий болгосон яруу найраг энэ. Тэнгэр цэнхэртэхийг, гол шуугьж урсахыг, шувуу жиргэхийг, үүл бүрхээд бороо орохыг, цас намуухан будрахыг харж, мэдэрч агшныг барьж үлдэх нь л яруу найраг юм" хэмээн өгүүлсэн байдаг. Бид эл өдрийг тохиолдуулан Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай шүлгүүдээс хуваалцаж байна.


Х.Нямхишиг

Харман уулын шатаар уруудах амархан,

                     өгсөх хэцүү.

Тэр уулын оройд гэр минь байдаг.

Тэртээх бэлд интоорын цэцэрлэг байдаг.

Жимс түүх сайхан,

                      харих хэцүү...

Хэц шатны хоёр үзүүр шиг

Хэтэрхий хол зайтай

Амьдрал

             х

               и

                  й

                      г

                         э

                            э

                               д

                                      яруу найраг!


П.Майнбаяр

Цэврүү гүйсэн

Алганы хонхороос

Цэцгийн хур

Амсаад нисэх

Хачин шувуу

Яруу найраг.


Г.Лхагвадулам

Шүлэг гэдэг амьдрал атал

Амьдрал даанч шүлэг биш.

Хайрлаж, хүссэн минь үнэн боловч

Хайр минь бас хүсэл биш.


Дуугүй байгаа минь урвалт биш,

Уучилсан минь амлалт биш.

Дутуу үгс зангирах тусмаа

Уйлуулж орхидгийг чи мэдэх биш.


Нулимсаа үзүүлэхэд минь чи дургүй,

Хэдэрлэхэд чинь би бүр дургүй.

Хэн нь хэнийхээ өмнө буруутай юм бэ?

Хэлээд ч одоо нэмэртэй биш.


Д.Нямсүрэн

"Шүлэг гэдэг шувуу"

Шүлэг бичиж суухад

Хаалга онголзуулж болохгүй

Шүлэг гэдэг шувуу

Үүдээр гараад нисчихнэ.


Нэгэнтээ тэр одвол

Нэхэж хөөгөөд гүйцэхгүй

Эрвээхий наадах нугад

Эрдэнийн солонго шиг шингэчихнэ.


Шүлэг бичиж суухад

Чи минь эрхэлж болохгүй

Шүлэг гэдэг шувуу

Өвөр дотор буухгүй.


Нэгэнтээ түүнийг алдвал

Нэг насаар олохгүй

Амраг чи бидэнд баригдахгүй

Алтан загас болчихно.


Шүлэг бичиж суухад

Зүрх цочоож болохгүй

Шүлэг гэдэг шувуу

Цонх балбаад үхчихнэ.


Хаанаас ч юм бэ над уруу ирдэг

Хайрын дуу шүлэг минь

Хаалгаар орж ирсэн шувуу шиг

Хайр энхрийлэл даадаггүй юм шүү.


О.Элбэгтөгс

Яруу найраг

Загас уйлахыг үзлээ. Чамруу цутгах

Зарим нэг хэрэггүй үйл явдлуудыг

Засч залруулах цаг хугацаа хэрэгтэйг

Ойлгосон шигээ нүдээ аних

Шувууд инээхийг сонслоо.


Надаас гарч уулсын дээгүүр

Манан мэт хуралдах

Цөхөрч гутарсан бөмбөлөг нулимсууд

Цөмийн дэлбэрэлт адил

Наран мандахыг харлаа


Үл ойлголцол, хожмын үр дагавар

Үнэндээ бол амьдрал хоосон чанар

Байхгүй мэт оршиж, биеэ үйн одох

Байшингийн сүүдэрт ч эрх чөлөө байдгийг ухаарч

Хүмүүс инээхийг сонслоо. 


Б.Баясгалан

Яруу найраг... Энэ бол

Урсаж л явсан гол горхи гэнэтхэн буруулж 

Улаан гол руу минь цутган орж ирэхийн

Улаан цусыг минь түрж судас бүрээр минь

Дулаан илчийг минь хөөж, салаалж эргэхийн

Тунгалаг шил шиг болох яг тэр мөчид минь

Тунчиг нууцийг минь бүхэнд гэрэлтүүлж харуулахын

Нэр.


Яруу найраг... Энэ бол

Сувд үзүүлнэ гээд далайн гүн рүү 

Шумбуулж дөнгөсөн илбэчний гараас 

Атгаж амжсандаа живсээр буй ч 

Аз жаргалаар халгин байхын, гүнээс дуулахын 

Уран дуулах минь дээш түгээд

Усны мандал дээр долгилон байхын

Нэр.


Яруу найраг... Энэ бол

Цагийг захирагчийн хүйтэн мутраас 

Цай уугаад үүрд унтахын 

Бутарч үйрээд бүтэн үлдэхийн 

Бусдаас өөр гунигаар үхэхийн

Нэр.


Ц.Гончиг

Яавал аав нь чам шиг

Жирийн цас будрахад

Гүн ухаантан мэт гайхашрах вэ?


Яавал аав нь чам шиг

Жижигхэн алганыхаа ард

Бүгдээс нуугдаж чадах вэ?


Яавал аав нь чам шиг

Тогтоол усыг гутлаараа туучаад

Бороо... бороо гэж хөөрцөглөх вэ?


Яавал аав нь чам шиг.

Толь мэт нуурын мандлыг заагаад

Тэнгэр... тэнгэр гэж нэрлэх вэ?


Яавал аав нь чам шиг

Чиний мэддэг үгээр

Яруу найраг мэт ярьж сурах вэ?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.