UBLife Logo
Спорт

Б.Мөнхзаяа хөнгөн атлетикийн Монгол Улсын АШТ-ээс 23 дахь алтан медалиа хүртэв

Б.Мөнхзаяа хөнгөн атлетикийн Монгол Улсын АШТ-ээс 23 дахь алтан медалиа хүртэв

Хөнгөн атлетикийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 7, 8-ний өдрүүдээр явагдаж өндөрлөлөө.

"Парис-2024" олимпын наадмын марафон гүйлтийн төрөлд оролцохоор эрхээ аваад буй Баярцогтын Мөнхзаяа эл тэмцээний 10000м, 5000м, 4х400м буухиа гүйлтэд оролцож гурван алтан медаль авчээ.

Ингэснээр Б.Мөнхзаяа Монгол Улсын 23 удаагийн үнэмлэхүй аварга хэмээх өндөр амжилтад хүрч байна.

Монголоос марафон гүйлтээр олон улсын тэмцээнд тогтмол оролцдог мэргэжлийн эмэгтэй тамирчин арав хүрэхгүй цөөн. Харин Б.Мөнхзаяа өнгөрсөн жил Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж монгол тамирчдын нөөц, тэсвэр хатуужил хэр өндөр түвшинд хүрснийг дэлхий дахинаа тунхагласан юм. Хүн төрөлхтний баяр цэнгэл олимпын наадам, тамирчин бүрийн мөрөөдлийн оргил ДАШТ-д тус бүр хоёр удаа эх орноо төлөөлөн оролцож, уралдааны замаа амжилттайгаар туулсан билээ, тэр. Түүний хувьд, ирэх намар гурав дахь олимподоо гүйх учиртай.

Нэр хүнд, цар хүрээгээрээ Монголын хамгийн том тэмцээн болох “Улаанбаатар марафон” найман удаа зохиогдоход зургаад нь түрүүлсэн амжилт ч мөн л түүнийх. Үүгээр ч барамгүй 3000м, 5000м, 10000м, хагас марафон, марафоны төрөлд Монгол улсын дээд амжилтыг эзэмшдэг билээ.

Б.Мөнхзаяа манай сайтад нийтлэгдсэн ярилцлагадаа "Надад ДАШТ, олимпоос медаль авна гэсэн том мөрөөдөл байгаа. Тэр мөрөөдөлдөө л хүрчихвэл миний энэ хүртэл тууштай хичээллэсний үр дүн гарах юм. Нэгэнтээ л энэ спортод бүхнээ зориулчихсан болохоор “Ухаръя” гэсэн бодол төрж байгаагүй. Алдах юм бол илүү их хичээх ёстой юм байна гэж боддог байснаас “Болъё”гэж ер боддоггүй" хэмээн хэлсэн юм.

Та бүхэн ЭНД дарж түүний дэлгэрэнгүй ярилцлагыг унших боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.