UBLife Logo
Спорт

Евро-2024: Тоглогчдын талаар таны сонсоогүй 20 түүх

Евро-2024: Тоглогчдын талаар таны сонсоогүй 20 түүх

Энэ удаад бид Евро-2024 наадамд оролцож байгаа 20 тоглогчийн 20 сонирхолтой түүхийг танилцуулж байна. 

Рикардо Родригес эхний шөнөө үхэж болох байлаа

Швейцарын хамгаалагч Родригес энэ хорвоод маш хүндрэлтэй мэндэлсэн юм. Эмч нар “Эхний шөнөө даваад гарчихвал амьд үлдэх магадлалтай” гэж хэлж байжээ. Ээж нь “Рикардогийн ивэрхийг эмч нар амжиж ажиглаагүй бол аюул болох байсан” гэж ярьж байв. Төрөх өрөөнд санваартан лам хойдхыг нь уншихаар орж ирсэн ч хөлбөмбөгчийн өвөө “Миний ач амьд үлдэнэ. Тэр хүчтэй” гэж хэлээд хөөн гаргаж байжээ. Родригес 68 гэдэг дугаартай тоглож байсан нь ээжийнхээ төрсөн оныг бэлгэдсэн хэрэг байлаа. Хайртай ээж нь 2015 онд нас барсан юм.

Ээж нь Марк Кукурельяг таних гээд үсийг нь засдаггүй байжээ

Английн Челси багийн испани тоглогч Марк талбайн хаана ч байсан урт үсээрээ тод ялгаран харагддаг. Тэр багаасаа л урт үстэй байсан. Ээж нь талбай дээр тоглож байгаа хүүхдүүдээс өөрийн хүүгээ ялгаж харах гэж үсийг нь тайрдаггүй байсан гэнэ. Кукурелья “Хэзээ ч үсээ авхуулахгүй. Энэ бол миний стиль” гэж хэлж байв.

Начод чихрийн шижин тус болсон

Начо 12 настайдаа чихрийн шижин тусч, хүмүүс хөлбөмбөгөө хая гэж байв. Гэвч тэр хоолны зөв дэглэм барьж, инсулин тогтмол тариулан тоглосоор байсан юм. Начо нэгэнтээ “Өвчин надад тус болсон гэж хэлэхэд ч болно. Шилдэг тамирчдад хоолны зөв дэглэм, амралт үргэлж хэрэгтэй байдаг. Би бүх зүйлээ хянаж чаддаг болсныхоо ачаар бараг гэмтэж байгаагүй” гэж байлаа.

Иван Перишич багадаа барилга дээр үхэх шахсан

Иван 10 настайдаа найзуудтайгаа барилга дээр тоглож байгаад үхэх шахжээ. Барилга дээрээс хаясан маш том хог яг толгой дээр нь унах гэж байхад эцсийн мөчид бултаж амжсан байна. Мөрөө гэмтээсэн ч аав нь “Үхэл ердөө 10 см зайтай өнгөрсөн” гэж дурсжээ.

Борна Соса заанд тусалдаг

Хорватын Соса тун хөөрхөн хоббитой. Тэр Штутгарт хотын амьтны хүрээлэнгийн зааныг ивээн тэтгэдэг, Африкт байгаль хамгаалах ажилд тусалж, Австралид коала баавгай үрчилж аван, мөнгө илгээдэг байна. “Би багаасаа амьтанд хайртай. Очсон газар болгоныхоо амьтны хүрээлэнд хамгийн түрүүнд очдог” гэж ярьж байлаа.

Федерико Гатти – худалдагч

Гатти сонирхогчдын хөлбөмбөгт байхдаа өглөө 4 цагт босож, худалдагчаар ажиллаад дараа нь бэлтгэлдээ явдаг байжээ. Дараа нь чулууны үйлдвэрт ажилд орж, 9-10 цаг ээлжинд ажилладаг болжээ. Сүүлдээ дээвэр засварын компанид орсон ч хоёрхон жилийн дараа Ювентус, Италийн шигшээд дуудагдаж байв.

Эльсеид Хюсай аавынхаа ачаар хөлбөмбөгт орсон

Албанийн багийн хамгаалагч Хюсайг аав хийлдэг завинд суугаад ажил хийхээр Италийг хууль бусаар зорьжээ. Барилгын ажил олж, нэг удаа ФИФА холбооны агентын гэрийг засаж байхдаа хүүг минь хөлбөмбөгч болох эсэхийг үзээд өгөөч гэж гуйсан байна. Хүү аравхан настай байсан тул татгалзсан ч жилийн дараа тэр агент хүүг "Фиорентина”-д оруулж өгчээ. Хюсай мэргэжилд орсон хойноо Флоренцид БААР нээж, аавыгаа ерөнхий менежерээр тавьсан байна. “Аавын минь хүнд хар ажил хийх цаг өнгөрсөн. Тэр миний төлөө ихийг хийсэн” 

Давид Брекало багийнхаа хаалгачийг унагаад улаан карт авсан

Давид Норвегийн Викинг багт тоглож байхдаа багийнхаа хаалгач Патрик Гуннарссонтой муудалцаж, хоёр удаа түлхэж орхижээ. Хаалгач толгойгоо барин баашлан унахад шүүгч словени эрд улаан карт өгч, талбайгаас хөөжээ. 

Никлас Фюллькругийн духанд шүд зоогдсон

Идэрчүүдийн тэмцээнд орж байхдаа өрсөлдөгчтэйгөө хэт хүчтэй мөргөлдсөнөөс түүний шүд Никласын духанд зоогдсон байна. Халдвар орохоос сэргийлэн хоёуланг нь эмнэлэгт арав хоног хэвтүүлсэн байна.

Йосип Иличич деппресстэй

Иличичийг 7 сартай байхад гэрийнх нь ойролцоо аавыг нь буудан хороосон юм. Ингээд түүний деппрест амьдрал эхэлсэн юм. 21 настайдаа баггүй үлдэж, зодог тайлах шахсан. Италид байхдаа сэтгэл зүйчид хандаж, эмчилгээ авдаг байв. Багийн анд Давид Асториг нас барсны дараа стресст орж, дараа нь гэр бүлийн асуудлаар сэтгэл гутралд оров. Өвчин тусаад үхэх шахлаа. Сэтгэл зүйн улмаас Италийн Аталантагаас гарч, нутгийнхаа Мариборт шилжиж, бие нь сайжирсан байна.

Томас Дилэйни улаан, ногоон өнгийг ялгадаггүй

Томас 2018 оны ДАШТ-ий өмнө МЮ, Панатинаикос багуудын тоглолт үзэж байгаад дальтонизмтой болсноо мэдсэн байна. Дилэйни найман жил улаан хувцастай Копенгаген багт, хоёр жил ногоон Вердерт хүчин зүтгэсэн юм.

Йоаким Андерсен кола хулгайлаад хөөгдөх шахсан

15 настайдаа Мидтьюлланд академид байхдаа найзын хамт хайрцаг кола хулгайлан, багийнхандаа тараан өгч байгаад баригджээ. Ингээд багаас хасагдаж, аавдаа загнуулаад дахин хэрэг үйлдээгүй гэдэг.

Войцех Шченсны мөрөн дээрээ штанг унагааж байсан

Польш хаалгач болгоомжгүй байдлаасаа болж, мөрөн дээрээ штанг унагааж, сорвитой үлджээ. 

Виржил ван Дейк угаагч байжээ

Ван Дейк аяга таваг угаадаг ажил хийж, цагт 4 еврогийн цалин авдаг байв. Ачаалалтай үед бэлтгэлийн дараа ч ирж, ганц ч таваг хагалж үзээгүй гэнэ. 

Марк Флеккен уус уух гэж яваад гоол алдсан

2018 онд Германы хоёрдугаар лигийн Дуйсбург багт Марк тоглодог байв. Баг нь гоол хийсэн ч шүүгч тооцсонгүй. Марк ойлголгүй хаалгаа орхин, ус уухаар яваад эргэн хартал өрсөлдөгч баг нь сөрөг довтолгоогоор хаалганд нь гоол оруулж орхисон байлаа. Дахиж тоглолтын үеэр ус уухгүй гэж тэр андгайлсан байна.

Эдуардо Камавинга гэр нь шатсаны дараа сэргэжээ

Тэрээр Анголын дүрвэгчдийн хуаранд төрж, дараа нь Реннд шилжжээ. 11 настай байхад нь цахилгааны улмаас байшин нь шатаж, юу ч үгүй хоцорсон байна. Аав нь тэр үед “Одоо чамд л хамаг найдвар байна” гээд уйлж байжээ. Аавынхаа нулимсыг харсан Эдуардо хичээн зүтгэсээр мэргэжлийн хөлбөмбөгч болж чадсан байна.

Мартин Дубравка 5 настайдаа хөлөө тайрах шахсан

Мартин 5 настайдаа түлээ хагалж, аавдаа гайхуулахаар сүх далайтал хөлөө цавчиж орхисон байна. Гэмтлийн улмаас тэшүүрээр гулгаж чадахгүй болоод хөлбөмбөгчин болсон түүхтэй.

Флорин Ницэ хар тамхичдын дүүрэгт байсан

Ницэг 5 настай байхад аав нь, 19 настайд нь ээж нь нас барсан. Залилан мэхлэгчдэд байраа алдсан хүү хотын хамгийн захын дүүрэгт хар тамхичидтай гудамжинд амьдардаг байлаа. 

Виктор Цыганков пүүзээ угаалгах гэж гоол хийдэг байсан

Викторын аав хүүгээ хөлбөмбөгчин болгох гэж тусгай шагналын систем гаргасан байв. Хэрэв гоол хийвэл аав нь пүүзийг нь угааж өгнө. Сайн тогловол мөхөөлдөсний мөнгө өгдөг байв.

Ян Кухта шувууны аж ахуйтай

Ян Кухта тахиа, галуу, нугас, туулайн аж ахуйтай. Гэртээ хариад шувуугаа харахаар хамаг ядаргаагаа тайлдаг гэнэ. Тэр байтугай багийнхаа дасгалжуулагч, тоглогчдод өндөг, тахианы мах зардаг гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.