UBLife Logo
Спорт

Евро-2024-ийн зөнч сармагчин Вальтертай танилц

Евро-2024-ийн зөнч сармагчин Вальтертай танилц

Спортын бүх том тэмцээн өөрийн гэсэн тааварчинтай байдаг. Гэхдээ энд гарах “шинжээчид” бол таныг бооцоо хэрхэн тавихыг зааж өгдөг мэргэжилтнүүд биш. Харин хөгжилтэйгөөр ямар баг ялахыг “зөгнөдөг” хөөрхөн амьтад юм. Энэ жилийн Европын АШТ-ий зөнч нь Вальтер нэртэй орангутан юм.

Вальтер 35 настай. Дортмундын амьтны хүрээлэнд амьдардаг. Шигшээ баг, клубын түвшинд ажиллаж байсан хашир туршлагатай зөнч. 2012 онд тэр Дортмундын Борусси багийг Германы Цомын эзэн болно гэж зааж байлаа. Түүний үгэнд орж, бооцоо тавьсан хүмүүс огт харамсаагүй. Борусси баг Бавариг 5:2 бут ниргэсэн билээ. Энэ удаад Вальтер Еврогийн нээлтийн Герман – Шотландын тоглолтыг таах даалгавартай тулгарсан. Хоёр орны далбаатай хувин тавьж, ялагч багийн хувинг Вальтер сонгох ёстой байлаа. Хэд хэдэн телевизийн камер тавиад сармагчныг торноос гарч ирэхийг нь хүлээв. Вальтер яарсангүй, арван минутын дараа бараагаа харуулж, хэсэг эргэлзсэнээ Германы далбаатай хувинг сонгосон юм.  

Амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Марсель Ставинога “Вальтер хоёр хувингийн өмнө очоод аль алийг нь удаан ажигласан. Тэгээд итгэлтэйгээр Германы хувинг сонгосон. Бүгд талбайн эздийг ялна гэдэгт сармагчин итгэж байна гэж бодтол шотланд хувинд дөхөж очсон. Гэхдээ тэр Германыг сонгосон” гэж ярьж байв. Тиймээ, Вальтер таасан. Өчигдөр тэр мөн л Германы шигшээ Унгарыг ялна гэдгийг тааж чадсан юм.

Вальтер хөлбөмбөгийн ертөнцийн цорын ганц зөнч амьтан биш. Хамгийн алдартай нь 2010 оны ДАШТ-д ажилласан Пауль нэртэй наймаалж байсныг бид сайн санаж байгаа. Пауль 14 таавар хийхдээ хоёр л алдсан. Германы тоглолтыг бүгдийг нь таасан гээд бод. Харамсалтай нь ДАШТ дууссаны дараа удалгүй Пауль нас барсан. Түүний амьдарч байсан усан хүрээлэнд Паулийн хөлбөмбөгийн бөмбөгтэй хөшөө босгож, чандрыг нь хийж, хүндэтгэл үзүүлсэн билээ.  

  

Пауль наймаалжийг нас барсны дараа Германд Нелли нэртэй зааныг дараагийн зөнчөөр сонгосон. Нелли эмэгтэйчүүдийн ДАШТ-д ажилласан юм. Түүний өмнө хоёр хөлбөмбөгийн хаалга тавиад Неллигийн гоол оруулсан хаалганы эздийг ялагдсанд тооцож байлаа. Нелли Германы шигшээ багийн бараг бүх тоглолтыг таасан. Японд ялагдана гэдгийг нь хүртэл шүү. Харамсалтай нь энэ тааврын дараа түүнийг эх оронч бус гээд тэмцээний дараа урихаа больсон юм.

Тэдний дараа гахай Хряк, өмхий хүрэн Фред нар ажилласан ч бараг таасангүй. Бразилын яст мэлхий 2014 оны ДАШТ-д Бразил түрүүлнэ гэж зөгнөсөн ч юу болж дууссаныг бид мэднэ. Ингээд зөнч амьтдыг гаргахаа больсон ч энэ жил германчууд сэргээхээр шийджээ. Одоогоор Вальтер алдаагүй явж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.