UBLife Logo
Спорт

"АЦТЕКҮҮД" Ямайкаг "ядарч" байж хожлоо

"АЦТЕКҮҮД" Ямайкаг "ядарч" байж хожлоо

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн АШТ "Копа Америка" үргэлжилж байна.

МЕКСИК-ЯМАЙКА 1:0

"Гурван өнгөтнүүд", "Ацтекүүд" хэмээн нэрлэгддэг Мексик бол яах аргагүй хөлбөмбөгийн орон. Хэдийгээр ДАШТ-д гавьтай амжилт гаргаж байгаагүй ч мексикчүүд хөлбөмбөгт хайртай, хайртай.

Улс орон даяараа хөлбөмбөгөөр амьсгалж, гудамж талбай, дэлгүүр хоршоо, зар сурталчилгаа хаа ч байсан хөлбөмбөгийн сэдэв гол бай байдгийг энэ оронд хөл тавихдаа харж байсан. Хөлбөмбөгийн дэлхийн аваргыг гэхэд л хоёр удаа (1970,1986 онд) зохион байгуулсан, одоо хоёр жилийн дараа АНУ, Канадтай хамтран гурав удаагаа ард түмэндээ хөлбөмбөгийн ДАШТ-ий уур амьсгалыг мэдрүүлэх гэж байгаа гэхээр гайхалтай гэхээс өөр юу хэлэх билээ.

Тиймээс ч Мексик хөлбөмбөгийн ямар ч тэмцээнд оролцсон дээгүүр л үзнэ гэж ордог, фанатууд нь ч амжилт хүсч байдаг. 

Энэ удаа "гэртээ болох" ДАШТ-дээ бэлдэж буй Мексикүүд дасгалжуулагч Лозано энэ удаа Очао, Гуардадо, Рауль, Лосано нарын хашруудыг бүрэлдэхүүндээ багтаасангүй. Ердөө 7 легионертой, бусад нь бүгд Мексикийн лигт тоглодог тоглогчид шигшээд дуудагдаж. Ер нь Мексикийн шигшээгийн дэлхийд явдаггүй нэг шалтгаан нь Европод тоглодог легионер цөөнтэй, хөлбөмбөгчид нь ч "Хуучин тив"-ийг зорих тийм ч дуртай биш. Учир нь Мексикийн лиг нь өрсөлдөөн ихтэй, мөнгө төгрөг ч сайтай. Тиймээс ч тоглогчид цалин нь өөрсдөд нь хангалттай учир харь орныг зорьсноос "Бор гэртээ Богд байхыг" илүү үздэг гэхэд болно.

Лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч жилд 10 сая евро авдаг, 1 сая ам.доллараас дээш цалинтай тоглогч хэдэн арваараа бий (50 гаруй).

Мексикийн шигшээ багийн нэгэн үе солигдож шинэ үе гарч ирж байгаа. 

Хөнгөн атлетикаараа алдартай Ямайка хөлбөмбөгөөр бол тивдээ дундаж багт тооцогдоно. Дэлхийн аваргад бас оролцоод үзсэн туршлагатай. 

Энэ "Копа"-д хэсэгтээ бол үзэлцэх л байх. Ямар нэг өндөр амжилтын дарамт байхгүй тул чөлөөтэй тоглох тул ямар ч тоглолт үзүүлж мэднэ. Мексикээс оноо салгах тун дөхлөө. Нэг гоол оруулсан ч "отон" байсан тул VAR -аар тооцсонгүй.

Тоглолтын цаг дуусахаас 20 минутын өмнө Мексикийн зүүн жигүүрийн хамгаалагч Артеага зайнаас цохиод хожлын гоол оруулж, "Ацтекүүд" гурван оноогоо авч, нэгээр гарах зорилгодоо нэг алхам ойртов.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.